Ажилдаа явалгүй, зориуд нэг өдөр гэртээ амарч үзэв. Хагас, бүтэнсайнд мэдээж амардаг л даа. Гэхдээ өөр үед цаг гаргаж чаддаггүй, найз нөхөд, хэн нэгэн хамаатны төрсөн өдөр гэх мэт зүйлсэд л тэр хоёр өдөр минь явчихдаг юм. Гэртээ амарсан нэг өдрөө би зурагт үзэж буйдан дээрээ дэмий хэвтээд л өнгөрөөчихөж түвдсэнгүй.
Харин ч гэрээ цэмцийтэл нь цэвэрлэж, амттай хоол хийн гэрийнхнээ ирэхэд нь нүүр бардам хүлээж л өөртөө амралт өгсөн билээ. Өө, яг одоо гэртээ суугаа бүсгүйчүүд минь! Та нар өөрсдийнхөө ямар жаргалтай, тайван амгалан байгаагаа бүрэн мэддэг ч болоосой. Хэрвээ гэрийн ажлаас бүр мөсөн залхаж, түүнийг энэ дэлхийн хамгийн хэрэгцээгүй мөртлөө цаг хамгийн их үрдэг зүйл гэж бодож байгаа бол наашаа суугаад үүнийг уншаарай. Яагаад чамайг гэртээ байж, хоол, цэвэрлэгээний ажилд дурлах ёстой 6 шалтгааныг хэлээд өгье!
1. Гэр бол хамгийн сайхан газар- Сансрын нисэгчээс нэгэн удаа “Хязгааргүй сансарт гарахад юу хамгийн сайхан харагддаг вэ?” гэж асууж. Сэтгүүлч амихандаа “Нар, од гараг, эрхэс” хэмээн хариулах байх гэж бодож байтал сансрын нисэгч “Хязгааргүй уудамд гараад харахад дэлхий л хамгийн сайхан харагддаг юм даа” гэж хариулсан гэдэг. Дэлхий дээр аялахыг, очихыг хүсдэг олон газар байгаа ч гэлээ төрсөн гэрийг гүйцэхээр сайхан бол хэзээ ч биш. Хорвоогийн хамгийн амар амгалан, дулаахан, хайрын үелзэлтэй газар байгаа гэдгээ санаж, гэртээ байх хором мөч бүхнээ таашаан өнгөрүүлж байгаарай. Хэрвээ сайхныг нь мэдрэхгүй байх юм бол гаднаас нь “гараад” харахад л хангалттай.
2. Гэрийн ажил чамайг яаруулдаггүй- Сайн бодоод үзвэл гэрийн ажил хэзээ ч чамайг яаруулж байгаагүй байгаа биз? Бид өөрсдөө л зочин ирэхээс өмнө хагас цагийн дотор бүхнийг гялалзуулдгаас биш гэрийн угаалга, цэвэрлэгээ нь зүгээр л дуу дуулангаа, шүүртэйгээ бүжиглэнгээ хийж болдог тайван ажил юм. Ажил дээр чинь чамд яагаад ч тийм боломж олдохгүй гээд бод доо?
3. Чиний сэтгэлийг тайвшруулдаг- Хүн нэгэн зэрэг маш олон зүйл боддог. Бодох тусмаа л ядардаг. Харин биеийн хүчний ажил хийж байхдаа зөвхөн цэвэрхэн болгох эсвэл хоолоо хэрхэн амттай болгох талаар л бодож байдаг шүү дээ. Бие чинь хичнээн ядарсан ч гэлээ тайвширч, сэтгэлээ цэвэрлэсэн өрөө шигээ цэлгэр, уужим саруулхан болгох арга бол гэр цэвэрлэгээ.
4. Үр дүн нь шууд харагддаг- Үүнээс илүү сайхан шалтаг гэж байх уу даа? Ялангуяа үнэхээр заваан байгаа гэрийг цэвэрлэх шиг кайфтай зүйл хаана ч байхгүй юм шиг санагддаг шүү. Нүдэн дээр чинь л илт өөрчлөгдөж, өөрөөрөө бахархах мэдрэмж төрүүлэх зүйл бол бас л гэр цэвэрлэгээ!
5. Хөгжилтэй- Итгэнэ үү байна уу, өөрөө л мэд. Гэрийн ажлыг үнэхээр хөгжилтэй хийж үргэлж болдог юм. Чамаас минь л багахан л зүтгэл шаардана. Гал тогооныхоо тавилгыг зүлгэж байхдаа Бейонсийн “Crazy in love”, “Deja Vu”-г сонсонгоо үсэрч бүжиглэх, ногоо арилгаж байхдаа хальсыг нь бүхлээр нь уртаар гаргаж авах гээд чи хөгжилтэй л гэж бодох юм бол эд хэрэгсэл, боломжор дүүрэн гэр чинь диваажин л болж хувирна шүү дээ.
6. Чамайг компьютерээс хол байлгана- Хоногийн 24 цагийн хэдийг нь интернэт, компьютерээс хамааралтай өнгөрүүлдэг вэ? Гэрийн ажил хийх бол чамайг, чиний цаг, эрүүл мэндийг чинь чимээгүй шимэгчилдэг “паразит” техникүүдээс хол байлгах хамгийн ойрын шалтгаан юм. Үглэж дуулан, хоёрын хооронд хийхийн оронд харин ч чамайг хөдөлгөөн хийлгэж буй гэрийн ажилд талархаарай, найзуудаа!