Үргэлж гэртээ загваруудаа зохиочихоод хэдхэн өдөр л түүгээ хүмүүст үзүүлж, дараачийн алхмаа ярилцахаар гардаг загвар зохион бүтээгч бүсгүйг мэдэх юм. Харахаар л хамт уусчихмаар санагдах тийм урсгал дөлгөөн.
Зарим хүмүүст “Яаж дандаа гэртээ байдаг байна аа, залхмаар юм” гэж санагдах байх л даа. Гэхдээ тэр гэртээ байгаад л баймаар дулаахан, бас амар амгалан орчинг бүрдүүлсэн болохоор л чаддаг гэдгийг нь нэг өдөр мэдсэн юм. Тэгж чадвал гэр гэдэг хамгийн бүтээмжтэй, өгөөжтэй газар болдог аж. Хувийн бизнесийнхээ гарааг өөрийнхөө өрөөнөөс эхэлж байгаа бүсгүйчүүддээ зориулж Гоолингоо нь гэрээсээ ажиллахын 9 давуу талыг дурдаж байна.
• Уян хатан ажлын цагтай: Чамайг өглөө заавал эрт, ажил дээрээ ширээнийхээ ард гозойж бай гэж шаардахгүй. Хүссэнээрээ хооллож, гадагшаа гарч, зугаалж, хөгжилдөж ирчихээд ажлаа хийсэн ч болно. Яаралтай ажил гарвал хэний ч зөвшөөрлийг авах хэрэггүй шууд л гарч одно.
• Оройн хоолоо үргэлж халуун ам бүлээрээ: Оффисын ажлын цаг тараад гэр лүүгээ түгжирч ирсээр байтал оройн хоол идэх зохимжит цаг өнгөрчихдөгийг бүсгүйчүүд маань мэднэ дээ. Тэгвэл гэрээсээ ажлаа хийдэг эзэгтэй нарт хэзээ ч ийм зүйл тохиолдохгүй. Хүүхдүүд нь ч “Ээж намайг тоохоо больчихсон” гэж гомдоллохгүй. Өдөр бүр тогтмол цагт гэрийнхэндээ амттай хоол хийгээд хүлээж байна гээд бод доо.
• Үргэлж тав тухтай: Гэрээсээ ажлаа хийдэг бол оффисын дүрэмт хувцас, өндөр өсгийтийг суга тайлж шидчихээд гэртээ, дулаахан оймстойгоо завилж сууж байгаад л ажлаа хийж болно. Тэгээд бас хүссэн бүх зүйлс чинь дэргэд байгаа.
• Өдрүүдийг илүү сонирхолтой өнгөрөөж болно: Ажлын таван өдөр завгүй гүйж гүйчихээд, амралтын өдрүүдээр амрая гэхээрээ өдөржин хувцас угааж, гэрээ цэвэрлэж өнгөрөөдөг биз дээ? Гэртээ ажилладаг бол эдгээр аж ахуйн асуудлыг явдал дундаа бага багаар л хийгээд байж болно. Бас бүтэнсайны орой “Маргааш битгий болоосой” гэж хэзээ ч бодож суухгүй.
• Эрүүл хүнсийг илүү хямд үнээр: Танай ажлын ойр хавьд ямар ямар хоолны газрууд байдаг вэ? Цайны цагаараа тийшээ орохдоо нэг ч гэсэн өө, дутагдал олж хараад л гарч ирдэг биз дээ? Тэгвэл гэрээсээ ажлаа хийж байгаа үед өөрийнхөө дуртай, ногоо ихтэй эрүүл хоолыг хүссэнээрээ идэж болно. Бас эдийн засагт ямар хэмнэлттэй гээч!
• Илүү сайн төвлөрч чадна: Олон хүнтэй, шуугилдсан оффисын өрөөнөөс илүү гэртээ л чи сайн төвлөрч чадна. Мэдээж хүүхдүүд, нөхөр чинь тус тусын “ажил”-даа явсан үед шүү дээ.
• Хувийн нууцаа сайтар хадгалж чадна: Ажлын өрөөнөөсөө гарч утсаар ярих шаардлага нэгээхэн ч үгүй. Гарахдаа заавал компьютерээ унтраах ч хэрэггүй.
• Бага стресстэй: Улс төр, төрөл бүрийн хараа хяналт, тайван бус байдал, хов жив, тулга тойрсон өрсөлдөөн зэргээс чи бүрнээ хол байж чадна. Янзтай байгаа биз?
• Цаг хэмнэнэ: Ажил руугаа явахын тулд замын түгжээнд гацахгүй. Буцаж ирэхийн тулд автобус хүлээх ч хэрэггүй. Хамгийн хайртай зүйлстэйгээ өдөржин хамт байна.