Монгол Улсын хүүхэлдэйн театрын найруулагч М.Ариунтуяатай ярилцлаа.
– Сайн байна уу? Юун түрүүнд Монгол Улсын хүүхэлдэйн театраар сонин сайхан юу байна вэ?
– Хүүхэлдэйн театр сүүлд таван сарын 27-ноос зургаан сарын гуравны хооронд БНХАУ-д болсон олон улсын хүүхэлдэйн наадамд оролцоод ирлээ. Энэ наадамд 105 орны 170-аад баг оролцсон. Энэ үеэр хүүхэлдэйчдийн 21 дүгээр чуулга уулзалт болсон юм. Монголыг төлөөлж манайхаас гадна Эрдэнэт хотын “Хүүхэлдэйн театр”-ынхан оролцсон. Бид арван хүний бүрэлдэхүүнтэй оролцоод ирсэн. Энэ наадам нь дөрвөн жилд нэг удаа болдог. Манай улс анх 1957 онд уг наадмыг зохион байгуулдаг “Унима” хэмээх байгууллагад элсэж байсан түүхтэй. 1988 онд Чойсан гуай хүүхэлдэйн “Илбэчин жүжиг”-ээр оролцон хүндэт медаль, дипломоор шагнуулж байсан. Харин энэ жил манай театр “Шилдэг жүжгийн цом” хүртээд ирсэн.
– Хүүхэлдэйн театр маань “Дээлтэй монгол наадам”-д жил бүр ордог. Энэ жил орсон уу?
– “Дээлтэй монгол наадам”-д анх зохион байгуулсан цагаас нь манай байгууллага оролцож эхэлсэн. Энэ арга хэмжээ маань монголдоо төдийгүй дэлхийд танигдаж гадаадын олон арван жуулчдыг татаж улам бүр өрөгжиж байгаа. Аялал жуулчлалын яамнаас энэ арга хэмжээнд идэвхтэй оролцдог байгуулга хэмээн амралтанд амрах эрхээр шагнаад, энэ амралтын өдөр хамт олноороо яваад ирлээ.
– Хүүхэлдэйн театр одоо ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?
– Ирэх хичээлийн жилийг угтан есөн сарын нэгний өдөр хүүхэд багачууддаа зориулан театрийнхаа өмнөх талбайд мини театрынхаа тайзаа засан олон багт хүүхэлдэйтэй томоохон хэмжээний тоглолт хийхээр ажиллаж байна. Энэ арга хэмжээ маань яг одоогоор хамгийн эхэнд хийх ажил болоод байна. Мөн есөн сарын аравнаас Сэлэнгэ аймгийн 19 сумаар явж тоглолтоо хийнэ. Нийт 21 хоног хөдөөгийн багачууддаа тоглолтоо хүргэнэ. Энэ үеэр бага тайзнаа “Чоно ба долоон ишиг”, том тайзнаа “Бяцхан хадагтайн хүүхэлдэйн театр” нэртэй жүжгүүдээ тавина. Ер нь хөдөө орон нутгаар явах энэ ажлыг уламжлал болгох бодолтой байгаа. Энэ утгаараа хөдөөгийн хүүхэд багачууддаа үзэх үзвэрийг нь ойртуулах бодлого барьж байна. Өнгөрсөн жил Төв аймаг, Архангай, Хөвсгөл, Өвөрхангай гээд таван аймгаар яваад ирсэн.
– Хүүхдийн урлагийн наадам зохион байгуулна гэж сонссон?
– Тиймээ, энэ жилдээ багтаан “Хүүхдийн урлагийн наадам” зохион байгуулахаар боловсруулалтын шатандаа явж байгаа. Энэ наадамд бүх төрлөөр оролцож болох бөгөөд цэцэрлэгийн ахлах бүлэг, мөн нэгээс гуравдугаар ангийн хүүхдүүд оролцож болох юм. Мөн Данзанравжаагийн “Цаасан шувуу” жүжгийг 11-р сарын 26-нд тавихаар долоон сарын нэгнээс бэлтгэл ажилдаа ороод ажиллаж байна.
– Жүжигт хэрэглэгдэх үлгэрийн баатар болоод бусад эд зүйлээ хэрхэн бүтээдэг вэ? Цаг хугацааны хувьд хэр их шаардлагатай вэ?
– Хүүхэлдэйн театр маань жүжигт ашиглагдах дүрийн баатруудаа өөрсдөө хийдэг доороо үйлдвэртэй. Аливаа жүжиг тавигдах хүртлээ чамгүй хөдөлмөр шаарддаг. Тухайн жүжгийн тайзнаас эхлээд нэг бүрчлэн дүрээ хийж амилуулдаг. Бүх төрлийн материал ашиглан баатруудаа бүтээдэг. Наад зах нь цавуу, даавуу, цаас, жанхуу, мод гэх мэтчилэн ашигладаг. Ийнхүү нэг жүжиг бүтээхэд хоёр бүр гурван сар шаарддаг.
– Хүүхэлдэйн театр бага тайзны жүжиг, том тайзны жүжиг тавьдаг. Энэ нь юугаараа ялгаатай вэ?
– Манай театр бага тайз, том тайзны тоглолт гэж тавьдаг. Энэ нь үзэгч хүүхдүүдийнхээ наснаас хамаараад дээрх байдлаар ангилдаг. Тодруулбал, нэгээс таван насны хүүхдүүддээ бага тайзны тоглолтоо хүргэдэг. Учир нь мөн дуу чимээ, насны онцлог зэргээс шалтгаалан мини театртаа тоголдог. Энэ мини театрт 30-40 хүн суух багтаамжтай. Харин арай том хүүхдүүддээ том тайзны тоглолтоо сонирхуулдаг. Мөн цаг нь ч гэсэн харилцан адилгүй байна. Бага тайзны жүжиг дээд тал нь 30 минут байхад том тайзны жүжиг арай илүү цагаар тоголдог.
– Хүүхэлдэйн театр хэдэн жүжигчинтэй, жүжигчдээ хэрхэн бэлтгэж байна вэ?
– Манай театр ер нь цөөхөн ам бүлтэй, жүжигчид нь 10 гаруй ч болоод л байна. Бид жүжигчдийнхээ чадварыг дээшлүүлэх тал дээр илүү анхаардаг. Энэ ч үүднээсээ “Энэ бол би” нэртэй ур чадварын уралдаан зохион байгуулсан.
Ярилцсанд баярлалаа. http://www.24tsag.mn/content/17438.shtml