ҮНЭТ МЕТАЛЛ: Металлыг физик, химийн болон бусад шинж чанараар нь өнгөт, газрын, ховор, хар, үнэт гэх зэргээр ангилдаг. Эдгээрээс өнгөт металлын бүлэгт алт, мөнгө, палладий, иридий, родий, рутений, осмий зэрэг найман металл багтдаг байна. Тэдгээрийн агуулгыг “сорьц” гэдэг хэмжигдэхүүнээр тодорхойлно.
СОРЬЦ: Аливаа металл хайлшинд агуулагдаж байгаа үнэт металлын агуулгыг хэлдэг. Өөрөөр хэлбэл, аливаа металл хайлш биетийг 1000 тэнцүү хэсэгт хуваахад хэдэн хэсгийг нь үнэт металл эзэлж байгааг “сорьц” гэнэ. Жишээ нь, 3.0 грамм жинтэй алтан бөгжийг 1000 нэгж гэж үзвэл түүний 585 нэгж нь алт байх ба тэр бөгжийг 585 сорьцтой алтан бөгж гэж ойлгоно. Монгол Улсад алтан эдлэлийг 333, 375, 585, 750, 916,
960, мөнгөн эдлэлийг 875, 925 гэсэн сорьцтойгоор үйлдвэрлэдэг.
ЦАГААН АЛТ: Энэ нь шар алтны нэг төрлийн хайлш юм. Тухайлбал, 750 сорьцтой алтны хайлш бэлтгэхийн тулд 75 хувийн алт, үлдсэн 25 хувьд нь никель, эсвэл палладий гэсэн хоёр металлын аль нэгийг дангаар нь холиход алтны шар өнгө хувирч цагаан болдог. Үүнийг олон улсын худалдааны практикт “цагаан алт” гэж нэрлэдэг.
ҮНЭТ ЧУЛУУ: Өнгөгүй, тунгалаг доржпалам /алмаз/, улаан өнгөтэй бадмаараг /рубин/, цэнхэр өнгөтэй индранил /сафир/, ногоон өнгөтэй маргад /изумруд/ гэсэн дөрвөн төрлийн чулууг “үнэт чулуу” гэдэг.
БРИЛЛИАНТ: Энэ нь чулуунд талст гарган зассан засалтын нэршил юм. Доржпалам чулууг 57-58 ширхэг талст гарган зассан дугуй хэлбэрийн одлог засалтыг “бриллиант” гэдэг.
КАРАТ: Энэ нь үнэт металлын сорьцыг илэрхийлдэг. “К” үсгээр тэмдэглэнэ. Хэрвээ 14К гэсэн тэмдэглэгээ байвал 585 сорьцтой алт байна гэж ойлгоно.
Carat: гэж бичсэн байвал үнэт чулууны жин бөгөөд “ct” гэж тэмдэглэнэ. 1 ct нь 0.2 грамм буюу 200 мг-тай тэнцдэг.
ЭРДЭНИЙН ЧУЛУУ: Гарал үүслийнх нь хувьд байгалийн, таримал /синтетик/, дууриамал /ibitations/ гэж, харин хэрэглээ, үнэлгээний талаас нь үнэт, хагас, гоёл чимэглэлийн, өнгөлгөөний гэж тус тус ангилдаг.
БАЙГАЛИЙН ЧУЛУУ: Байгаль дээр үүсч бий болсон чулууг хэлнэ.
ТАРИМАЛ ЧУЛУУ /синтетик/: Лабораторийн нөхцөлд химийн бодисыг талстжуулан ургуулан гаргаж авсан чулууг хэлнэ. Таримал чулууг ихэвчлэн үндсэн түүхий эдээс нь ургуулдаг. Жишээ нь, хөнгөн цагааны ислээс тогтсон корунд гэдэг эрдсийн улаан өнгөтэйг нь бадмаараг /рубин/, хөх цэнхэр өнгөтэйг нь индранил /сафир/ гэж нэрлэдэг. Хөнгөн цагааны ислийг талстжуулахдаа хромын ион нэмэхэд улаан, магни, төмрийн ион нэмэхэд цэнхэр өнгөтэй болдог. Ингэж гаргаж авсан чулуу нь өнгө, хатуулаг, дотоод бүтэц, хувийн жингээрээ ижил байдаг учир таримал болон байгалийн чулууг ялгаж танихад нэлээд бэрхшээлтэй.
ДУУРИАМАЛ ЧУЛУУ /imitations/: Байгалийн болон хиймэл материал ашиглан хийсэн чулууг хэлнэ. Тухайлбал, Оюу хэмээх чулууг хөх, цэнхэр өнгийн тосон будаг, нефть, ердийн хэрэглээний полиэтилен/гялгар уут/-тэй холиод тодорхой температурт даралтаар шахаж, хатууруулан гаргаж авдаг. Энэ полиэтилен нь, барьцалдуулагч, нефть нь хар судал болж өгдөг байна. Мөн тунгалаг шил буюу бусад материалыг өнгийн цавуугаар наах, түүнчлэн байгалийн чулууг будах гэх мэт олон аргаар чулууг хийдэг.
Ж.ТАГТАА