Энэ гарчгийг уншиж суугаа бүсгүй та өөрөөсөө насаар ах эрэгтэйд сэтгэл алдран, өөрийн эрхгүй татагдаад байгаа юм биш биз?
Сэтгэл зүйчдийн судалснаар эмэгтэй хүн бүхэн амьдралдаа дор хаяж хоёр удаа өөрөөсөө ахмад насны эрд татагдан, дурладаг гэнэ. Судалгаанаас харахад 35-45 насны эрчүүд охид эмэгтэйчүүдийн сэтгэл зүрхийг хөдөлгөж, өөрийн мэдэлгүй тэдний шохоорхлыг төрүүлдэг ажээ. Энэ насны эрчүүд элдэв гаж зуршилгүй, архаг хууч өвчингүй л бол бие хаа нь өв тэгш байдаг үе гэнэ. Үүнээс гадна доорх бусад шалтгаануудаас үүдэн залуу охид эмэгтэйчүүд өөрөөсөө ахмад эрд сэтгэл алдардаг байна. Үүнд:
1. Мэдээж тэд олон жил ажиллаж хөдөлмөрлөсөн учраас эд хөрөнгө, мөнгө санхүүгийн хувьд бие даасан байдалтай болсон байдаг нь эмэгтэйчүүдэд санхүүгийн тал дээр санаа зовохгүй байх дохиог өгдөг.
2. Мэдээж тэд залуу хөвгүүдээс илүү амьдралын туршлагатай учраас бүсгүйчүүдэд халамж анхаарал тавьж, эмэгтэйчүүдийг хайрлаж энхрийлж, эрхлүүлж чаддаг.
3. Тэд маш олон хүнтэй харилцаж байсан арвин туршлагатай учраас элдэв шалтгаар хэрүүл өдөж, хэзээ ч гомдол, цөхрөл ярьдаггүй.
4. Мэдээж түүнд чамаас өмнө өөр эмэгтэйчүүд байсан учраас эмэгтэй хүний юунд дуртай болох, хэрхэн сэтгэлийг нь хөдөлгөж чадахаа тэд сайн мэддэг.
5. Эмэгтэй хүн байгалиасаа эрэгтэй хүнээс хүч чадал дорой эмзэг нэгэн учраас нөмөр нөөлөгтэй, хүчтэй нэгнийг барааддаг нь байгалийн хууль. Түүний туршлага, халамжтай байдал, насны ялгаа нь эмэгтэйчүүдэд аюулгүй, дулаахан, нөмөртэй мэт сэтгэгдлийг төрүүлдэг.
6. Тэдний хүүхдүүд томорч бие даасан байх ба эхнэрээсээ салсан, эсвэл эхнэр нь хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн байдаг нь шинэ харилцаа үүсгэх таатай нөхцөл болдог.
7. Тэд олон газар явж, олон зүйл үзэж харсан нь залуу эмэгтэйчүүдэд үлгэр ярих мэт таатай сайхан санагддаг. Тиймээс тэд буурь суусан яриагаараа эмэгтэйчүүдийг татаж чаддаг.
8. Тэдний нууцлаг байдал бол хамгийн том өгөөш юм. Амьдралын арвин туршлагатай хижээл насны эрчүүд тэр болгон эмэгтэй хүний араас хөл алдан гүйхгүй бөгөөд хайртай дуртай гэдэг үгийг бараг хэрэглэдэггүй болсон байдаг. Энэ нь охид эмэгтэйчүүдийн хувьд хатуу самар мэт санагдаж, өөрийн эрхгүй сэтгэлийг нь догдлуулах шалтгаан болдог.