1. Жил бүрийн “Би”
Хүн жил ирэх бүр байтугай бүр өдөр өдрөөр ч өөрчлөгдөн шинэчлэгдэж байдаг. Өнөөдөр дуртай байсан зүйлдээ маргааш дургүй болж болно. Эсвэл өнөөдөр олж хараагүй зүйлээ маргааш тод томруунаар харж болно. Өөрийнхөө тэмдэглэлийн дэвтрийг буцаад уншихад хамгийн энгийн, наад захын өөрчлөлт бичгийн хэвээс ажиглагддаг. Өмнө жилээсээ илүү яаруу хэвээр бичдэг болсон минь намайг өөрийгөө цаг зав муутай, “том охин” болсныг минь сануулах мэт… Зураг чамайг олон жилийн өмнө ямар төрхтэй байсныг харуулдаг бол, тэр үед бяцхан зүрхэндээ ямар хүсэл мөрөөдөл тээдэг байсныг чинь өдрийн тэмдэглэл л харуулж чадна. Хэрвээ өдрийн тэмдэглэл хөтөлдөг байсан бол, анхны дэвтрээ нээгээд эхнээс нь уншиж үзээрэй. Одоогийнх шигээ хэрхэн амьдрах, хэрхэн мөнгө олох, хэрхэн хүүхдээ хүмүүжүүлэх зэрэг олон зүйлд санаа зовнидоггүй бяцхан охин байхдаа чи юунд анхаарч, юуг хүсэж мөрөөддөг байсан бол? Магадгүй мартагдсан мөрөөдлөө уншаад биелүүлмээр санагдах ч юм билүү.
2. Өөртөө цаг гаргаж сурна
Өдрийн тэмдэглэл бичихийн тулд өөртөө хамгийн багадаа л 30 минут гаргах хэрэгтэй. Хэрвээ ингээд сурчихвал өдөр бүр зөвхөн чамд зориулагдсан хагас цаг бий болно. Энэ цагийг зөвхөн өөртэйгээ, ганцаараа өнгөрөөнө. Тухайн өдөр чамд үлдээсэн мэдрэмжийг бодоход ганцаараа байх нь хамгийн чухал. Нэгэнт л дэвтэртээ тухайн өдөр болсон бүх зүйлийг бичихгүйгээс хойш юуг яаж илэрхийлж бичих тухай бодох цаг ч бас хэрэгтэй. Өдөр болгон бичих зав гардаггүй бол, ядаж долоо хоногтоо нэг эсвэл сайхан зүйл тохиолдох бүрт зэргээр дэвтрээ шүүрэх тодорхой үеийг өөртөө зааж өгөөрэй.
3. Энэ бол эмчилгээ
Тэр өдрийн урам, бодол хайрласан үйл явдал, шинэ санаа, шинэ хүсэл мөрөөдөл бүхнээ дэвтэрт бичих нь нэг төрлийн эмчилгээ. Бүр хамгийн шилдэг эмчилгээ. Хүн бүрт ярьж чадахгүй бүхнээ дотроо хадгалалгүйгээр гаргаж байгаа нэг хэлбэр учраас сэтгэл санааг тайвшруулж, урам зоригоор өөрийгөө тэтгэхэд өдрийн тэмдэглэл тусалдаг. Мөн тулгарсан асуудал, төрсөн уур бухимдлаа ч дараагийн өдөр лүү нялзаалгүйгээр, “өнөөдөр”-тэй хамт дэвтэртээ оруулаад мартахад дэм болдог. Мөн мөрөөдлийг бичиж үлдээх нь бол биелүүлэх эхний алхам! Учир нь бодох биш, бичих үед л төсөөлөл нүдэнд илүү бодитойгоор ургадаг.
4. Цаг хугацааны машин
Тэмдэглэл бол бидний хамгийн том дурсамжийн уурхай. Тэр үед бичсэн бүхнээ эргээд унших ямар дуртайгаа би үгээр илэрхийлж чадахгүй нь. Унших бүрт хэзээ нэгтээ болж байсан гэдгийг нь мартах шахсан үйл явдлууд өчигдөрхөн болсон мэт үзэгдэж, тэр үеийн өөрийгөө хайрлаж эрхлүүлмээр, өрөвдөж тайтгаруулмаар, түүнээр бахархаж бардмаар санагдана. Хэрвээ өөрийн тэмдэглэлдээ тухайн жилд хийх ажлууд, хийхийг хүсч байгаа зүйлсээ бичиж байсан бол эргээд уншихад тэр бүхнийг яах гэж бичиж байснаа гайхах, шоолох ч мэдрэмж төрнө. 3 жилийн өмнө хийж байсан гэнэн цайлган үйлдлээ уншаад ичиж улайн, толгой дээрээ хөнжлөө нөмрөх хичнээн сайхан гээч.
5. Мөрөөдлөө биелүүлэх алхам
Хэрвээ дэвтэртээ ирээдүйн зорилт, хүсэл мөрөөдөл, хийхийг хүсдэг зүйлээ бичвэл биелүүлэх боломж илүү ойрхон болно. Заримдаа бид олон олон хүсэл мөрөөдлөө бичээд орхисон хэрнээ тэр тухайгаа мартчихсан байдаг. Гэтэл нэг л өдөр дэвтрээ уншаад аль хэдийнэ биелчихсэн байхыг харах үед л амьдралд бодитоор оршдог ид шидийг мэдэрдэг. Би 10 жилийн бяцхан охин байхдаа “Томчууд шиг дургүй ажлаа биш дуртай ажлаа хийгээд, өөрийн дураар цагт баригдалгүй ажиллах юмсан” гэж бичиж байсан бол өнөөдөр хүсэл минь биелж, Гоолингоогийн багийн нэг гишүүн болчихсон, та нартаа чаддаг бүхнээ хуваалцахыг зориод сууж байна. Амьдрал баялаг юм даа, бүсгүйчүүд минь.
6. Өөрийгөө таних боломж
Бичих бүртээ хийсэн зүйл, тухайн үеийн сэтгэл хөдлөл, ямар зан чамаас гарсан, ямар зүйл чамд урам өгсөн, ямар чанараа өмнө нь ажиглаж байгаагүй вэ гээд бүгдийг ажиглах болно. Өдрийн тэмдэглэлтэй “уулзах” бүртээ өөрийнхөө тухай өөрөө ч мэддэггүй олон зүйлийг олж нээх боломжтой. Мөн нэмж хэлэхэд өөр ямар ч нэвтрүүлэг, сонин, сэтгүүлээс аваагүй урмыг 100% өөрийн гараар бичсэн тэр дэвтрээс л олж авдаг.
7. Бичих, сэтгэх ур чадвар сайжирна
Өмнө дурдсанчлан зөвхөн тухайн өдөрт тохиолдсон үйл явдлаас гадна хүсэл мөрөөдлийнхөө тухай нэг бүрчлэн, дэлгэрэнгүй бичихэд төсөөлөн бодох чадвар сайжирдаг. Яг л биелэх үед ямар байх тухай бодож, тэр бүхнээс шинэ санаа бий болж ч болно. Би заримдаа мөрөөдлөө бичихдээ толгой холбож, эсвэл өөр хүний өнцгөөс ч бичиж үздэг. Тэмдэглэл зөвхөн чинийх учраас яаж өөртөө сонирхолтой байлгах нь чиний бүрэн эрх. Мөн бичсэн зүйлээ чимэх, гоёх эрх ч чинийх учраас бүтээлч шинжээ ч бас чадах чинээгээрээ шингээх хэрэгтэй. Унших тусам бичгийн соёл сайжирдаг шиг, өдрийн тэмдэглэлийг хөтлөх тусам чиний бичгийн хэв, өгүүлбэрийн найруулгатай, алдаагүй бичих чадвар өсч байдаг. Өөрөө зөв бичиж чаддаг бол үр хүүхдэдээ үлгэр дуурайлал үзүүлж чадна.
8. Үр удамдаа үлдээх бэлэг
Би хувьдаа өдрийн тэмдэглэлээ хэзээ нэгэн өдөр ач охиндоо бэлэглэнэ гэж боддог. Тэдэнд ч сонирхолтой байна гэдэгт эргэлздэггүй. Яагаад охиндоо биш вэ гэж үү? Охин бид хоёрын амьдарч байсан цаг үе давхцах учраас тэр. Харин ач нар минь эмээгийнх нь үед хорвоо ертөнц, хүмүүсийн харилцаа, үзэл бодол, мөрөөдөл юу байсан бэ гэдгийг мэдээсэй гэж хүсдэг. Бас гар утсаас илүү сонирхолтой зүйл гэр бүлд нь уламжлагдан ирсэн гэдгийг уншаасай гэж хүсдэг. Аль эсвэл ач нарынхаа хүүхдүүдэд ч уламжилж болно. Хүн бүр өөрийнхөө амьдралын зохиолч учраас хэнд зохиолоо өвлүүлэх нь өөрийн эрх юм.