“37-р Точка” киноны уран бүтээлчдийн ярилцлагыг цувралаар хүргэж байгаа билээ.
Энэ удаа кинонд “Өнчин цагааны ганган Тогосоо”-гийн дүрийг бүтээсэн Д.Хулантай ярилцлаа. Цаг товлон уулзахад тэрбээр бүтээсэн дүрээсээ тэс ондоо нэгэн байв. Д.Хулан нь СУИС-ийн Театрын урлагийн сургуулийн Хөгжимт, драмын жүжигчний ангийн дөрөвдүгээр дамжааны оюутан юм.
-Та “37-р точка” кинонд тоглох болсон түүхээ бидэнтэй хуваалцахгүй юу?
-Анх “Фантастик” продакшны ах нар надтай холбогдоод пробонд орох санал тавьсан. Проб өгөх гээд очиход найруулагч Тамир, Бат-түшиг ах хоёр сууж байсан. Гэхдээ эхний өдөр проб аваагүй. Надад текст өгөөд “Чи наадахаа сайн уншчихаад ир. Ийм ийм учиртай дүр шүү” гэж хэлээд явуулсан л даа. Ингээд маргаашнаас нь эхэлж дөрвөн өдрийн турш проб өгсөн. Дүрийг минь надад сайн ойлгуулах гэж өдөр бүр текст өгч явуулж бэлдүүлдэг байсан юм билээ. Дөрөв хоногийн дараа “За, миний дүү тэнцлээ. Сайн бэлдээрэй” гэсэн. Тухайн үед нүдэнд нулимс цийлгэнээд, нисэх мэт л баярласан. Арай зүүд биш байгаа ч гэж бодогдож байлаа.
-Анх зохиолоо уншаад Тогосоогийн дүрийг яг хэрхэн ойлгож, хүлээж авсан бэ?
-“Нэлээн айхтар хүүхэн байна. Яана даа” гэж бодсон. Надад их хүнд дүр шиг санагдсан. Нэг талаас эрхэмсэг, эмэгтэйлэг гоё хүүхэн. Нөгөө талаас чамгүй их муу талуудтай, буруу замаар явсан хүүхэн байхгүй юу. Зохиолоо уншчихаад заавал энэ дүрийг гоё бүтээх ёстой л гэж бодсон. Тогосоогийн дүр надаас найм, ес эгч болохоор дуу хоолой, биеийн хөдөлгөөн гээд бүх л зүйлээ өөрчлөх, судлах, ажиллах шаардлагатай болсон.
-Жүжигчин хүн үргэлж дүрээ өмөөрч тоглодог юм гэсэн. Таны хувьд?
-Ямар ч эмэгтэй хүн доромжлуулах ёсгүй. Тэр тусмаа эрх мэдэлтэй хүмүүст. Эрх мэдэлтэй нь ядуу зүдрүү хүмүүсээ дорд үзэх эрхгүй. Эмэгтэй хүн ер нь л жоохон юман дээр уярч хайлдаг. Хэзээ ч хүнд дурлахгүй юм шиг мөртлөө зүгээр л “Чиний ээж чинь хажууд байгаа шүү” гэж хэлсний төлөө сэтгэл нь догдолчихсон байдаг. Тогосоо амьдралын төлөө хичээгээгүй биш хичээсэн, гэвч хазгай гишгэсэн. Тэр эмэгтэйг буруутгах шалтгаан байхгүй.
-Тогосоогийн дүрд тантай адил төстэй талууд байгаа юу?
-Мэдэхгүй ээ. Надад лав адил төстэй тал ажиглагдаагүй ээ. Ээжийгээ ярьдаг хэсэг дээр сэтгэл нь нэлээн зөөлөрч ирдэг. Ээждээ маш их хайртай дүр. Би ээжийнхээ тухай ярихаар хоолой зангираад нулимс цийлгэнээд явчихдаг. Магадгүй тэр зан нь л адил төстэй байх.
-Кинонд тоглосноос хойш таны амьдралд ямар өөрчлөлт орсон бэ?
-Мэдээж өөрчлөлтүүд их бий. Миний хүмүүстэй харилцах харилцаа, хүмүүсийн надтай харилцах харилцаанд өөрчлөлтүүд орсон. Наад зах нь, сошиал ертөнц дээр хүртэл бүх юм өөрчлөгдөөд ирсэн. Олон дагагчтай болсон. Маш олон хүмүүс “Мундаг тоглосон байна” гэж урам өгч, сэтгэгдлээ илэрхийлсэн. Би бодохдоо хүмүүс Тогосоогийн дүрийг эергээр биш, эсрэгээр нь хүлээж авна гэж бодсон. Сөрөг хандлагууд нэлээд ирэх байх даа гэж дотроо түгшиж байтал ёстой тэгээгүй.
-Киногоо эргээд үзэхэд “Энэ хэсэг дээр ингээд тоглочихдог байж дээ” гэсэн бодол төрж байв уу?
-4-р ангийн Лутаад амьдралаа ярьдаг хэсэг дээр арай жоохон дутуу ажиллаж дээ гэж харагдсан. Тухайн хэсгээ ойлгосон гэж бодсон ч бүрэн ойлгоогүй юм билээ. А.Баттүшиг ах маань “Киногоо гарахаар заавал үзээрэй, чи өөрийнхөө алдаа дутагдлыг харна аа“ гэж байсан. Нээрэн л энэ хэсэг дээр ингээд ажилласан бол арай өөр байх байж гэж бодогдсон.
-Нууц биш бол, кинонд тоглох явцад дүрүүдийнхээ хэн нэгэнд дурлаж байв уу?
-Барслхагва /Лутаа/ ахыгаа бодит амьдрал дээр ширүүн байрын хүн гэж боддог байсан. Яг ингээд дүр дээрээ ажиллаад Барсаа ахтай ойр дотно харилцаад ирсэн чинь тэс өөр санагдсан, гоё залуу шүү. Киноныхоо тухайн хэсэгт шохоорхоод л өнгөрсөн.
-Хамтран тоглоход ур чадвараараа таныг үнэхээр бишрүүлсэн хүн гэвэл хэнийг нэрлэх вэ?
-Кино баг хамт олон маань бүгдээрээ л яах аргагүй үнэхээр мундаг хүмүүс байсан.
-Та найз залуутай юу?
-Найз залуу байгаа.
-Нэг салбарынх уу?
-Бид хоёр нэг мэргэжлээр суралцдаг. Аав шиг минь буурь суурьтай, ямарваа зүйлийг аль болох ойлгож, хүлээцтэйгээр ханддаг мундаг залуу бий.
-Найз залуудаа тоглох гэж буй дүрийнхээ талаар, ийм ийм сценүүд байгаа шүү гэж хэлэхэд яаж хүлээж авсан бол?
-“Яана аа тэгээд яахын бэ, нээрэн юм уу, хөөх” гэж хүлээж авсан./инээв/ Хэсэг дуугаа сууж байснаа “Нэгэнт л энэ мэргэжлээр сурч байгаа юм чинь зүгээр ээ. Хайр нь ойлгож байна. Тогло, тогло” гэсэн. Магадгүй тэр минь надаас өөр мэргэжлээр суралцдаг байсан бол хэзээ ч намайг ойлгохгүй. Ухаантай болохоороо л намайг ойлголоо гэж боддог.
-Бодит амьдрал дээр Тулгат шиг баян залуу таны амьдралд гарч ирвэл та яах вэ?
-Найз залуутай байхад уу. /инээв/ Баян залуучууд яг үнэндээ хэнд хэрэгтэй юм бэ. Бид өөрсдөө хичээгээд л тэдний зэрэгт хүрэхэд болно. Өөрсдөө л өөрсдийнхөө ирээдүйг бүтээнэ. Найз залуутайгаа одоо бүгдийг тэгээс эхэлж байгаа. Тэрнээс биш, баян залуучууд онц биш шүү дээ.
-Эр хүний юуг нь түрүүлж харж үнэлдэг вэ?
-Мэдээж царайг нь л түрүүлж харна. Хүмүүс шал худлаа хувцсыг нь хардаг, сэтгэлийг нь хардаг гэдэг. Яг үнэндээ би бол харьцаж байгаа хүнийхээ царай луу нь түрүүлж харна. Дараа нь гутлыг нь хардаг. Эрэгтэй хүн цэвэрхэн гуталтай явах нь чухал санагддаг. Бүх юманд оролцох гээд байдаг туйлбаргүй, савчсан эрчүүд байдаг даа. Тиймэрхүү нөхдүүдэд яснаасаа дургүй. Яг үнэндээ тийм залуучууд маш олон болчихжээ. Буурьтай суурьтай, хаана юу ярихаа мэддэг. Нэг уурлах юм бол ганц л жинтэй үг хэлдэг тийм л эр хүнийг хүндэлдэг.
-Өнөөгийн залуусын юунд шүүмжлэлтэй ханддаг вэ?
-Яг үнэндээ би өөрөө шоудах дургүй. Иймэрхүү зүйлд анхаарал, ач холбогдол өгдөггүй. Яах вэ, хаа нэг жилд ганц нэг удаа гардаг боловч архи, пивоноос хол байдаг. Тамхи татдаггүй. Хараад байх нь ээ, залуучууд маань маш их шоу цэнгээн хөөдөг юм шиг санагддаг.
-Кинон дээрээ тамхийг их л сурцтай татаж байсан болохоор тамхи татдаг пм байна гэж дүгнэж байлаа?
-Бодит амьдрал дээрээ хэзээ ч тамхи татдаггүй. Тогосоогийн дүр бол тамхи татах, шоудах гээд яг миний эсрэг үйлдлүүдийг их хийдэг.
-Баар цэнгээний газар орж байсан уу?
-Үзэхийн хувьд үзсэн. Гэхдээ надад зориулагдсан газар биш юм байна лээ. /инээв/
-Кинонд таны секс сцен хэдэнтээ гардаг. Тухайн хэсгүүдэд тоглох яг ямар байсан бэ?
-Яг тийм хэсгүүдийн зураг авалт ер нь хүндрэлтэй санагдсан. Эвгүй шүү дээ. “Энэ бол кино. Бодит биш” гэж өөртөө хэлдэг байсан. Яг дүр дээрээ ажиллахад тийм хэцүү байгаагүй. Барсаа ах бид хоёр нэг их тэгж бие биедээ ойр хүрээгүй.
-Ээж, аав ойр дотнынхон тань яаж хүлээж авч байх юм?
-Ээждээ анх хэлэхэд бага зэрэг дурамжхан хүлээж авсан. “Ээж ээ, охин нь энэ кинонд тоглочихъё оо. Оюутан хүнд кинонд тоглох боломж хэр баргийн гарахгүй. Юуны тулд энэ мэргэжлээр сурч байгаа билээ” гэхэд ээж маань нэлээн бодож байснаа “Миний охин чадна гэвэл тогло. Ээж нь чамдаа итгэнэ. Сэтгэл санаагаа бэлдээрэй” гэж хэлсэн.
-Таныг ихэр гэж сонссон юм байна?
-Тийм ээ. Ихэр маань “Эрх зүйч” мэргэжлээр сурдаг. Биднийг хоорондоо их өөр гэдэг. Ихрүүд хоорондоо өөр зүс царайтай байхыг алийг тэр гэхэв. Би өөрөө айлын том. Хоёр эрэгтэй дүүтэй.
-Та Тогосоогийн дүрээр нийгэмд танигдлаа. Үүнээс хойш найруулагчид танд дандаа ийм төрлийн дүр хуваарилах болов уу. Магадгүй эротик кинонд тоглох санал ирвэл хүлээж авах уу?
-Эротик хэсэгтэй кинонд дахиж орохгүй. Эротик киноны санал ирвэл хэзээ ч тоглохгүй. Тогосоогийн дүрээс маань эсрэгээрээ жаахан охины дүр ч юм уу, эсрэг дүр байх юм бол шууд орно.
-Кино багийн залуучуудаас танд дурлаж байсан хүн бий юу?
-Байхгүй ээ /инээв/. Тэр хүмүүс бүгдээрээ л ажилдаа хамаг бүхнээ зориулсан. Яг энэ киноны төлөө бүх зүрх сэтгэлээ зориулсан хүмүүс. Түүнээс биш, дундуур нь дурлал мурлал яриад явах завтай хүмүүс ч байгаагүй.
-Эмэгтэй хүний нүдээр кинонд тоглосон залуусаас хамгийн хүслэнт залуу нь таныхаар хэн байсан бэ?
-Мэдээж манай Баярбат ах гоё ах шүү дээ. /инээв/ М.Баярбат ахын уснаас гардаг хэсгийг үзээд “Хөөх, ямар гоё юм бэ” гэж бодсон. Ер нь манай ах нар бүгдээрээ л мундаг.
-Та киноны цаашид өрнөх үйл явдлаас бяцхан сэжүүр хэлж болох уу?
-Ёстой болохгүй. Тэр олон хүний хүч хөдөлмөрийг “спойлердоод” байвал асар их хүч хөдөлмөр, сэтгэл зүрх талаар урсана.
-Тогосоо цаашид зөв, сайхан хувь заяатай золгох болов уу?
-Дараа дараагийн ангиас үзнэ үү. /инээв/ Цаашид ч гэсэн хүмүүсийн зэвүүцлийг л их хүргэнэ. Дурлал мурлалтай учрахгүй ээ.
Эх сурвалж: Долоо хоног тутмын “Толь” сонин
Ярилцсан: Сэтгүүлч Б.Болортуяа