Монголын загварын салбар дэлхийн жишгээр өдрөөс өдөрт хөгжиж шинэ өнгө аяс, чиг баримжаатай болсоор байгаа. Энэхүү салбарыг гол хөдөлгөгч хүчин зүйлийн нэг бол дизайнер, загвар зохион бүтээгч нар байдаг.
Тэдний нэг нь Кадр нэрээр олонд танигдсан загвар зохихон бүтээгч Б.Энхбаатар юм. СУИС-ийн Дүрслэх урлагийн сургуулийг хувцасны загвар зохион бүтээгч мэргэжлээр 2012 онд төгсөж, өөрийн нэрээр “Кадр” брэндийг бий болгосноос хойш 7 жилийн хугацаанд тэр Монголдоо төдийгүй олон улсад танигдсан нэртэй дизайнер болжээ.
Түүний европ болон монгол хувцасны хэв маягийг хослуулсан, өдөр тутамд өмсөхөд тохиромжтой загварууд олны талархалыг ихэд хүлээдэг. Монгол хувцасны загвар, элемент, гоёл чимэглэлийг ямар ч төрлийн хувцастай хослуулахад дэгжин, тансаг болдгийг түүний урласан бүтээлүүдээс тод харагдана.
Б.Энхбаатар буюу KADR брэнд нь зөвхөн фэйшн салбарт биш, шоу бизнесийн салбарт ч хүч түрэн ажиллаж байгаагийн тод жишээ нь ЯГ ТҮҮН ШИГ шоу болон Монголын оддын томоохон тоглолтуудаас харагддаг. Хамгийн сүүлд гэхэд тэр МУГЖ Т.Ариунаагийн “Тэнгэр шиг бай” тоглолтонд хамтран ажилласан юм.