Цолмон өглөө бүр зүрх зүсэм ганцаардал дунд сэрдэг . Өглөө нойрноосоо дөнгөж сэрэнгүүт бүсгүй нүдээ нээлгүй хэсэг хэвтэнэ.
Ганц өрөө байрных нь цэв цэвэрхэн адар , цэнхэр цэцгэн хээтэй цаасаар саяхан цаасалсан хана, хоолны болон гоёлын ширээний үүргийг нэгэн зэрэг гүйцэтгэдэг матигар хөлтэй жижиг шүүгээ , диваны өмнө өөр шиг нь ганцаардангуй хэвтэх шаахай. . .
Юм бүхэн нь энд нөхөргүй ганцаардсан нэг бүсгүй амьдардагийг илтгэх шиг. Бүсгүй найм гэхэд сэрнэ. Шөнө бүхэн нойр ньхулжин зурагтын суваг сольж үзсээр нойрны эмний хүчинд унтдаг тул үүнээс өмнө сэрж чаддаггүй аж. Тэгээд нүдээ ч нээлгүйгээр хажуудаа тавиастай шилэн аягтай усруу гараа явуулна. Усаа уучихаад халат нөмрөн өндийж өвдөгөө тэврэн хэсэг сууснаа ухашийн босно. Ус хоржигнуулан нүүрээ угаачихаад ганц алим юмуу өндөг идчихээд хувцаслаж, нүүрээ хөнгөхөн будчихаад цаг харахад яг 8:40 болж байдаг.
Өглөө бүхэн яг нэгэн хэвд цутгасан мэт адилхан. Цолмон энэ жил 28 тай. Амьдралдаа арчаа муутай нөхөртэй болохгүй гэсэн хувийн философи нь энэ хүүхнийг өнчин дэр сахиулсаар өдий хүржээ. Гадаа шуурга улин эсгэрэхэд, зуны азарган бороо шаагин тэнгэр нижигнэхэд , эсвэл эр хүний хайр энхрийллийг хүсэн ганцаардсан шөнүүдэд тэр дотроо онгиотол асгаруулан уйлдаг юм. Хаварын салхи хуйсганан энэ өглөө орондоо хэвтээд л баймаар байв. хэрэв нөхөртэйсэн бол түүнийгээ ундалж ажилд нь үдчээд жаргалтай гэрийн эзэгтэйн ёсоор эргээд орондоо орохсон.
Гэвч яая гэхэв. Мөрөөдлийн ертөнцөөс энэ энэрэлгүй хатуу хорвоод бууж ирэхээс биш. Ажилаа тасалж болохгүй. Бүсгүй халатаа ч нөмрөлгүй босч хөшгөө нээлээ. Тэгээд инээмсгэлэв. Учир ньТэр залуу тагтан дээрээ байгааг хараад л баярласандаа өөриин эрхгүй инээмсэглэчихэв. Яг тэдний өөдөөс харсан сууцны нэг залуу өглөө бүхэн тагтан дээрээ гарч дасгал хийдэг юм. Цолмон санаа алдаад цонхноос холдов.
Гялалзтал гельдсэн богинхон халимаг, дунд зэргийн нуруутай энэ цагаан залуу түүнд дэндүү таалагддаг . Тэр өглөө бүхэн ингэж тагтан дээрээ хийдэг заншилтай. Цолмон түүнийг нэг яамны сайдын зөвлөх, нэр хүндтэй , мөнгөтэй, дараагийн сонгуулийн дараа өөрөө сайд ч болж мэдхээр ирээдүйтэй залуу болохоор нь шохоорхдог юм биш . тэр бол хэн ч харсан царайлаг гэхээс илүү нүдэнд дулаахан эр байлаа. Харамсалтай нь мэдээж гэр бүлтэй. Цолмонг ажилруугаа гарч явахад түүний шинэхэн гялалзсан гоё “Landcruiser”-т энэ авгай хүүхэд нь суугаад хөдөлж байдаг . авгай нь гэж энэ сайхан залууг юyгаараа татсан юм бол гэмээр намхан хөх хүүхэн . Тэгээд даруухан хувцасладаг гээч. Тэднийх зургаа, долоо насны тэрсxэн хоёр бандитай. тэр хоёр нь аавынхаа машинд суучихаад шилийг нь дээш доош нь болгон тоглох буюу, жолоочийн суудлыг булаалдан бөөн шуугиан болж байгаан харагддаг. Тэр үед нөгөө хөх хүүхэн жаргалтай гэгч инэмсэглэчихээд нөхрөө түшээд зогcч байдаг билээ. Түүнийг ингэж авгай хүүхэдтэйгаа байхыг харах бүрдээ хүүхний зүрх ёгхийн, санаа алдана. Цолмон тийнүү энэ залууг өглөө бүр хөшгөө нээхдээ ганцааранг нь харж нэг баясаад, ажилдаа явахдаа гэрийнхэнтэйгээ байхад тааралдаж нэг гунигладаг юм.
Цолмон энэ жаргалтай гэр бүлийн дэргэдүүр азгүй хувь заяагаа зүхэн өнгөрч такси барина. Таксины арын суудалд суунгуут эмэгтэй хүн жөтөөч зан нь хөдөлж , энгэсгээ цүнхнээсээ гарган тольдоно. Тэгээд тагийг ташийтэл хаагад “би юугаараа дутуу юм бэ?” гэсэн адын бодол сэтгэл зүрх рүү нь тэвэн шиг сүлбэдэг юм. Тиймээ, Цолмон бол сайхан хүүхэн Өндөр чилгэр нуруутай , урт хөл донжтой засалттай богинхон үс гуниглуун үедээ номхрон сормуус сүүдэрлүүлж , хөгжүүн загнахад нь эрвэлзэн асдаг гоё нүд, өөгүй цагаан царай. Гэтэл сайхан хайр бэлэглэх сайн ханьтай яагаад учирдаггүй юм бол? Хараад байхад өөрөөс нь хавьгүй дорой , галбир муухан, ажил муутай анхиагүй амьтад сайхан залуустай суучихдаг нь хачирхмаар. Ер нь бурхан тэнгэр гэгээн мэлмийдээ юугаа тольдон болгоож суудаг бүү мэд.
Өнөө өглөө хаврын хуйсгануур салхитай өдөр болох шинжтэй. Цолмон сүүлчийн удаа өлгүүрийнхээ босоо толинд өөрийгөө хөлөөс толгой хүртэл хараад гарлаа. Өчигдөрхөн авсан бариу, урт хар цув нь их зохисон гэж Банлий. Нурууных нь гоолиг бэлхүүснийх нь нарийханыг харуулах гэсэн мэт яв цав таарчээ. Шатаар уруудан явахдаа сэтгэл нь дэнслэн догдлоод байв. Шинэ хувцас анх өмсөхдөө догдолддоггүй хүүхэн гэж хаана байхав. Гэхдээ зөвхөн шинэ цув өмссөндөө биш удахгүй учрах ямар нэгэн баярт явдалыг зөгнөөд байх шиг. Байрныхаа буланг тойроод гунхалзан алхаж явтал түүний машин зогсож байв. Тэр өөрөө ч , эхнэр хүүхэд нь ч харагдсангүй. Цолмон тийнхүү алмайрч яваад замын хашлаг руу халти гичгээд шурган ойчилоо. Босох гэтэл чадсангүй Цувных нь урт хормой хөлийг нь ороож , толгой нь эргэн байв. Нүд нь харанхуйлан, газар дэлхий ээрүүлийн гол шиг эрчээрээ эргэлдээд байх шиг, өрөөсөн талынх нь хөл гар мэдээгүй юм шиг бадайран байснаа янгинан өвдөж эхлэв. Гэтэл . . .
-та яаваа, алив өөрөө босч чадах нь нуу? гэх ялдам дуу яг арханд нь гарч нэг л мэдэхэд нөгөө залуу ирчихсэн зогсч байв. Цолмон баярласандаа ухаан алдах шахав. Бүтэн зургаан сарын турш өглөө бүхэн сэтгэлийг нь баясган зүрхэнд нууцxан хайрын гал асаасан нөгөө залуу тохой дээрээс нь түшээд зогч байв. Түүнийг санан санан харж явдагийг нь бодоод бурхан энэ учралыг бэлтгэсэн юм байлгүй. Бүсгүй баярлаж догдолсондоо өвчинөө мартчихжээ. сэтгэл булаасан түүндээ арчаа муутай харагдахгүй юмсан гэсэндээ аажуухан босч үсээ янзалаад хувцасныхаа шороог гөвлөө. Нөгөө залуу газар унасан цүнхийг нь авч өгөв. Цолмон чичирхийлсэн дуугаар баярласнаа хэллээ. “Зүгээр зүгээр” гээд залуу халамжтай, бас нилээд шохоорхсон нүдээр харав.
Би хүргээд өгье дөө гэлээ. Ингээд л тэр хоёр тийш салаад явна гэхээс харамссандаа зүрх нь салагнан цохилж байсан Цолмон баярласандаа хашгирах шахав.
-Зүгээр ээ, би өөрөө такси бариад явчихан гэсэн мөртлөө бүсгүй өнөөх ганган машиныхан арын суудалд суучихлаа. Мэдээж эхнэрийнх нь суyдалд санаархаж зүрхлэсэнгүй. Цувныхаа хормойг ярж үзээд өвдөгөө язарч, шилэн трико нь урагдсаныг сая л мэдэв. Гэхдээ сайхан залуутай танилцах шалтаг болсон тэр замын хашлагад талархан мэхийж, өвдөгний энэ шалбархайг энхрийлэн үнсмээр байлаа.
-Та хаана буух вэ?
-Би “Бодь Цамхаг”-т ажилдаг
-Аан би Хууль зүйн яаманд. Бид хоёр чинь ойрхон ажилдаг юм байна гээд залуу машиныхаа тольруу харж инээмсэглэв. Нэгэнт, урд хойд талын суудалд суусан мань хоёрын хувид тэр толиор дамжуулан бие бие нийгээ харж байлаа. Цолмон ч толинд туссан цэмцгэр халимаг , ухаалаг нүдийг нь харан харан явлаа. Иймэрхүү бүдэгхэн гэрэлд тэр өөрийгөө ямархуу хөөрхөн харагдаггийг ч мэднэ. Даруухан царай гарган харцаа доошлуулахад урт сормуус нь сүүдэрлээд, хацар нь амьсгалд хиртэм шинэ цас шиг цайран харц салгамааргүй сайxан харагдаж байгаагаа мэдэж байв. Энэ машинд суугаад энэ залуутай хамтдаа давхиад баймаар бүх юм үнхээр мөрөөдлийн юм шиг сайхан. Даанч тэр хоёрт ярилцах цас гарсангүй. Залуу утсаараа зогсоо зайгүй ярисаар явлаа. Бас нэг харамсалтай энэ гоё машинд явахдаа юм болгоноос нэг л хүнийрхээд байгаагаа мэдэв. Цолмонгийн хажууханд танихгүй сүрчиг үнэртүүлсэн мөнгөг алчуур тохоостoи байгаа нь мэдээж эхнэрийх нь биз Өнөөдөр муудалцаад салчихсан юм болов уу? ч гэж нэг горьдоод авлаа.
-Танай ажил дээр ирчихлээ гэх дуунаар бүсгүй бондошийтэл цоччихов.
-Ёстoи баярллаа. Бид хоёр чин танилцаж амжсангүй шивдээ гэж хүүхэн санамсаргүй дуугархад залуу түүнд нэрийн хуудсаа сарвайгаад царай руу нь 1 сүрхий харав. Нэг ч их хүүхэмсэг биш юм гэдгийг тэр харцнаас нь Цолмон ойлгов.
Гэвч эр хүн юм чинь мэдээж ийм аятайхaн хүүхнийг шохоорхсон өнгө харцанд нь илэрхий байлаа. .
-Намайг Цолмон. . Энэ миний нэрийн хуудас гэж Цолмон өөрийн эрхгүй уянгалаг, хонгор дуугаар хэлээд буулаа. Залуу инээмсэглэн давхин одлоо. Бүсгүй хойноос нь хэсэг харж зогсоод ажилруугаа оров. Цахилгаан шaтанд хамт зогссон олон хүнийг бүгдийг нь үнсмээр, эсвэл ажил төрлөө хаячихаад найзуудаа зоогийн газар цуглуулаад өнөөдрийн болсон явдлыг яримаар ч юм шиг сэтгэл нь дэнсэлж, баяр хөөр нь багтаж яaдна. Тэгээд өрөөндөө орж, өөрийнхээ ширээнд суугаад гартаа тас атгасан нөгөө нэрийн хуудсаа уншилаа. “Б. Мөнхжин, Хууль зүйн сайдын зөвлөх”. Хамт ажиллдаг хүүхнүүд нь түүний нүд гэрэлтэн бөөн баяртай байгааг гайхан харцгааж, зарим нь юу болсоныг асуусан ч тэр хэнд ч юу ч хэлсэнгүй. Авгайтай залууд дурлачихлаад юугий нь ярих вэ дээ. Өдрийн цайны цагаар Мөнхжин ярих болов уу гэж горьдсон ч таг чиг. Ажил тарах цаг нилээд өнгөрсөн хойно хүүхэн хавтастай юмаа мартсан хүн болж залууруу залгав.
-Өө өглөөний хүргүүлсэн бүгсүй юy? За байз, миний машинд тийм юм харагдаагүйдээ. дахиад үзэх үү?
-Зүгээр зүгээр. БИ хүнд төвөг удчихлаа. Өнөөдөр ер нь миний час өдөр байх аа. Гэртээ орхичихсон юм байлгүй. Хэрэв таны машинд байсан бол та мэдэж надруу утасдаж хэлэхгүй яaхав дээ. За баяртай. “Энэ чинь надруу ярихгүй яaсан юм бэ ? би өдөржингөө хүлээлээ” гэсэнтэй өөрцгүй үг байлаа.
-Юyн төвөг байхав дээ. Хоёлаа ер нь хоолонд орчихуу? ИНгээд Мөнхжин өгөөшинд орж эхэллээ гэж үү? гэхдээ дотроо бол баярласандаа зүрх нь алга ташин дэвхцэж байсан нь мэдээж. Ийм сайхан урилгаас татгалзах юм бол өнчин дэрээ тэвэрч хэвтэхээс яaхавдээ.
-Аль рэсторанд орох вэ?
-Таны урьсан газар л оръё. Хүүхэн үүгээрээ Би чиний хүссэн бүгдийг чинь биулүүлэхэд бэлхэн шүү гэдгээ илэрхийлж байгаа хэрэг.
-Тэгвэл 8 цагт “Модэрн номадс”-ын кабинд.
-За, түр баяртай. Хүүхэн утсаа тавиад залуу яггүй хахир толгой болхыг ойлголоо. Амьтан хүний нүдэнд өртчихвөл төвөг гэж бодсoндоо түүнтэй бүхээгэнд уулзахаар шийджээ. За яахав, Цолмон ч тэнэг хүн биш шүү дээ. хүүхэн анхны уулзалтанд бэлтгэх хэрэгтэй байлаа . Гэртээ яаран очиж хувцсаа сольж задгай энгэртэй, бие нэвт гэрэлттдэг торон хар цамц, бариу банзал сонгов. Мөн л цаанаасаа гэрэлтээд байдаг унждаг хар ундрам ээмэг зүүлээ. Энэ орой түүний юм бүхэн гэрэлтэж байх ёстой.
Уулзалт үнхээр романтик учрал боллоо. Мөнхжин жижэгхэн сагстай цэцэг барьж иржээ. Хүүхэн ч гэсэн хар торон цамцны цаанаас гунхсан бие нь гэрэлтээд, хун цагаан хүзүүнтэй хоршин ундрам ээмэг нь гэрэлтээд, хос хоёр од мэт хоёр талимаарсан нүд нь гэрэлтээд эр хүний сэтгэл алдуурам сайхан амьтан харагдаж байв. . Гэвч хүүхэн энэ шөнийг залууд бэлэглэсэнгүй. Хорхойг нь хөдөлгөөд орхих хэрэгтэй гэж түүний туршлага нь хэлээд байсан юм. Мөнхжин түүнийг дүнхийсэн сайхан “Land”- аараа гэрт нь хүргэж өгөөд сая л мэдэж байгаа юм шиг:
-Бид хоёр чинь бараг хөршүүд юм байна ш дээ. За баяртай. сайхан амраарай гээд санаа алдан одов. Энэ өдрөөс хойш тэр хоёр салхаа байв. Маргааш нь бүр үдийн зоог хамт барив. Тэр оройдоо бүсгүй гэрт нь дагаж очсоноор анхны шөнө залуугийнд өнгөрөв. . Цолмон айлын эзэгтэйг эзгүйчилж байгаадаа санаа зовсон ч үгүй Кам сутра-гаас бууж ирсэн хүүхэн шиг мэт галзуу аашлав. Харин өглөө нь залуу түрүүлж сэрээд орны урдуур ойчсон эхнэрийнхээ унтлагын хувцасыг авч шүүгээнд хийхдээ харцанд нь гэмшил тодорхыг Цолмон соргог гэгч нь ажиглаад Гэртээ харьж хувцсаa солилоо гэсэн нэрийдлээр яаран гарч одлоо. Тэгэд ч үлгэрийн мэт гайхамшигтай шөнө нэгэнт өнгөрч айлын унтлагын өрөөнд танихгүй хүүхний үлдээсэн юм бүхэн сэтгэлийг нь хөндөөд, толины тавиур дээр тавиастай тэр хүүхний зураг өөрийг нь үзэн ядсан харцаар хялайх мэт санагдсан тул тэднихээс гарч байж сэтгэл нь онгойж билээ.
Ийнхүү халуун дулаан голомтоо нууц цэнгээнийнхээ үүр болгох нь Мөнхжинд ч эвгүй байсан бололтой маргаашнаас нь тавилгатай хөлсний байшинд хүүхнийг аваачиж билээ. Цолмон түүнтэй угтсан анхны өглөөний хүнийрхэлийг ор тас мартчихаад хайр дурлалдаа мансууран нүд нь дандаа гэрэлтэн явах болж, өглөө цатаглан муур шиг сэтгэл хангалуун сэрэх болжээ. Нөгөө шөнө нойр хулждаг нь ч аль хэзээний юм шиг мартдагдав. Хөшиг татах бүрдээ санаa алдан хардаг байсан хайрын тэнгэр нь түүний өвөрт хэвтэж байдаг болсон юм чинь Тэр хэзээ ч ганцаардан гашуун нулимсаа урсгаж байгаагүй юм шиг, хэзээ ч хань түшиг болох эр хүнийг мөрөөдөн нөгөө ганц өрөөндөө гуниг дүүрэн өглөөг угтаж байгаагүй юм шиг явах боллоо.
Мөнхжингийн эхнэр нь ажилаар сар гадаад явсан юм байжээ. Хоёр хүүгээ хадмындаа аваачсан болхоор салхи шиг чөлөөтэй, дөнгөж дурлал амсаж буй арван зургаат мэт соргог амьтан байлаа. Урдь нь авгай хүүхэн эргүүлж байгаагүй мань эр яагаад Цолмонтой тийм амархан орооцолдчихсоноо гайхаад барахгүй байлаа Ямар ч байсан эгзэг нь л тэгэд таарчихсан хэрэг. Яг эхнэрийг нь явсан өдрийн өглөө нь тийм сайхан хүүхэнтэй санамсаргүй тааралдчихсан. Тэгээд орой эзгүй гэртээ яаж харина даа гээд ажил дээрээ гайхширч суутал Цолмон өөрөө ярьсан. Тэгэхэд л сэтгэлийн жолоо алдруурсан юмуу даа. Од шиг гялалзсан эрэвгэр нүдэнд анх тагдсан л даа.
Түүнийг гунхсан өндөр цагаан хүүхэн дагуулчихсан явахыг харсан найзууд нь эхлээд Эр хүн “согоо шиг амьтан” дагуулчихаж гэцгээж байснаа сүүлдээ “Хашир минь боль” авгай чинь ирэх боллоо. Хүүхнүүд аюултай шүү, наадхаасаа салах гэж бөөн юм болов оо хэмээн зэмлэцгээх боллоо. Цолмон тэр хоёрын анхны учрал бал мэт амттайхан өдрүүд өнгөрөх тусам мань эрийн сэтгэлийн гэмшил шаналал зовоож эхлэв. Хүүхэн ч түүний эхнэрийг нь эзгүйчлэн муугаар яривал хүний юм зөвшөөрөлгүй авчихсан хүн шиг муу юм хийгээд байгаагаа мэдрэх тусам битүүхэн сэтгэл түгшинэ.
Тэгсэн мөртлөө нууц амрагаасаа сэтгэлээ татаж үл чадна. Эхнэрийг нь ирэх ойртох тусам тэр яaж ийгээд Мөнхжинг өөрийн болгоод үүрд хажуудаа байлгах юмсан хэмээн мөрөөдөх болов.
Нэгэн шөнө дурлалын нуувчиндаа уулзан хөнжилөө нэг сайхан хөвсөлзүүлэн жаргачихаад, Цолмoнгийн сэрэл дахин хөдөлж залууг өдөж байтал Мөнхжингийн гар утас дуугарчээ. Гэмт амьтан гэлбэлздэг юм хойно мань хоёр утасныхаа дуунд зүрхээ хагартал цочив. Тэдний хоёр хүүхдийг харж байгаа хадам нь ярив бололтой.
-Халуураад аа, аавын бүлтүүш үү? яaчихсан юм бол бол доо?
Би гадуур л явна. Одоoхон очлоо, ээжээ гээд залуу ухасxийн босож нүд ирмэх зуур хувцаслачихаад:
-манай бага халуураад байна гэнэ. Би явлаа. Чи эндээ хоночиxно биздээ? гээд түлхүүрээ ширээр дээр тавьчихаад гарч одлоо. Тэгээд машинаа асаан хөдлөхдөө сэтгэлээсээ дотроо уучлал гуйн залбирч өөрийнх нь завхай явдалын төлөө тэнгэр бурхан бяцxан хүүг нь цээрлүүлж байгаа мэт санагдан өр дээр нь нэг юм хөндүүрлэхийг мэдэрчээ. Харин хэдхэн мөчийн өмнө түүнд ор хөнжлийн жаргал эдлүүлсэн Цолмон хүүхэн яг энэ мөчид ор тас арчигдсан байлаа.
Таг харанхуй хаварын шөнө, хөлсний байранд Цолмон гав ганцаар хоцорлоо. Цаг харвал шөнийн нэг өнгөрч байлаа. Хажуугийн айлын эр эм хоёр хэрэлдэн, гадаа согтуу хүн хашгична. Бүсгүй зүрх алдан дахиад л нөгөө аймшигт ганцаардлаар дүүрч , аз жаргалаар бялхаж байсан өдрүүд үүрдийнх биш байсныг энэ л мөчид ойлголоо. Мөнхжин хүүдээ сэтгэл зовнин гарч одохдоо түүний хацарт ганц хошуу хүргээгүйг сая санав. Маргааш түүний эхнэр ирнэ. Тэгээд л тэр хоёрын зовлонт диваажин төгсөнө.
Тиймээ, Цолмон бол түүний хувьд хүний хүн. тэр хоёрын анх танилцсан өдрүүдэд зоогийн газар идэж уучихаад мөнгийг нь төлөхдөө Мөнхжин хэтэвчиндээ эхнэр, хүүхдийнхээ зургийг хичнээн нандигнаж явдгийг тэр харсан билээ. Түүний хэтэвчинд Цолмонгийн зураг байдаггүитэй адилхан зүрхэнд нь түүнийг гэх өчүүхэн ч зай байхгүй. Мөнхжин “Чиний нүдэнд чинь би дурласан” гэж хэлдэг нь ч худлаа байж. Ай хөөрхий, Мөнхжин хэзээ ч өөрийнх байгаагүй, бас хэзээ ч түүнийх болохгүй гэдгийг хүүхэн яг энэ мөчид тов тод ухаарчээ. Тэр хүний аз жаргалар хэд хоног сэтгэлээ баясгасан байж. Энэ хоногт зүрхийг нь эзэгнэсэн тэр жаргал нь хүнийх байжээ. Хүнийх . . Одоо эзэн нь ирж яваа. . .
Duulian.mn Д.Ариун