- Маникюрын мах авдаг хэрэгсэл, шүдний чигчлүүр, сахлын татуурга гээд арьс гэмтээж, цус гаргах багаж ашигладаг бүх л үйлчилгээ халдвар тараах эрсдэлтэй
- 2019 онд мэргэжлийн хяналтын ерөнхий газраас гоёлын гоо сайхны 186 газар хяналт шалгалт хийж, нян судлалын шинжилгээ, физик хэмжилт авахад зарим эмнэлэг, гоо сайхны газрууд эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэмийн шаардлагыг хангахгүй байгаа нь илэрчээ
- Гоо сайхны үйлчилгээ аваад хохирсон нэгэн эмэгтэй “15 мянгаар булган сормуус суулгуулсан. Гэтэл маргаашаас нь эхлээд нүд тэсэхийн аргагүй загатнаж, сормуусны сүв маань улайж үрэвссэн” гэж бидэнд ярилаа
- Арьсны Өвчин Судлалын Үндэсний Төвд хумсны өвчлөлтэй холбоотойгоор 2016 онд 422, 2017 онд 360, 2018 онд 377 иргэн хандсан байна. Харин 2019 оны эхний 10 сарын байдлаар хумсны өвчлөлийн 476 тохиолдол бүртгэгдсэн нь энэ төрлийн өвчлөл ихсэж байгааг харуулж байна
Анхааралгүй орхиж боломгүй баримт Арьсны өвчин судлалын үндэсний төвийн жил жилийн тайлангаас харагдлаа. Энэ бол хумсны өвчлөл бөгөөд 2016 оноос хойш ийм эмгэгээ эмчлүүлэх гэсэн иргэдийн тоо тасралтгүй өсөж ирсэн байна. Тухайлбал, 2016 онд 422 хүн дээрх оношоор эмчилгээ хийлгэсэн бол, 2017 онд 360, 2018 онд 377 харин өнгөрсөн оны эхний 10 сарын байдлаар хумсны өвчлөлийн 476 тохиолдол бүртгэгдсэн нь энэ төрлийн өвчлөл ихсэж байгааг харуулж буй. Хумс засал бол ердийн л гоо сайхны үйлчилгээ. Гэтэл энгийн үйлчилгээ авсныхаа төлөө эмнэлгийн хаалга татах хэмжээнд хүрч буй нь гоо сайхны стандарт хангаагүй салон, гол чадвараа сураагүй гоо сайханчидтай холбоотой юм. Монголд Make up artist гэсэн шошгыг өөртөө наасан захын сайн дурын “уран сайханч” гоо сайханчаар ажиллаж байна. Энэ салбарт хумс будаж сураад маникюрчин, сормуус нааж чаддаг бол сормуус артист, нүүрээ дажгүй будчихдаг нь шивээсчин, сургалтын төв гэж бичээд сургуулийн хэмжээнд үнэлэгддэг газрууд олон болжээ. Харин өнөөх сургалтын төвийг төгссөн нөхөд өөрсдийгөө мэргэжлийн артист гэж нэрлэн, сормуус суулгах, хумс засал, нүүр будах үйлчилгээг гэрээр хүртэл хийж байгаа нь дээрх өвчний үндсийг тавьж байгааг эрүүл мэндийн салбарынхан анхааруулж байна. Охид бүсгүйчүүдийн мэдээллээ хуваалцдаг цахим сүлжээнд “Сормуус суулгуулах гэж очоод нүдээ гэмтээчихлээ, хумсаа засуулах гээд цусыг нь гаргачихлаа” гэх сэтгэгдлүүд олонтаа харагдана. Зориулалтын салонууд хүртэл шаардлага хангахгүй байхад гэрээр очиж үйлчилгээ үзүүлдэг “тэнэмэл” гоо сайханчдын балаг түүнээс ч их. Бүр энэ төрлийн явуулын ажлын байрны ард орон байрны хулгайн гэмт хэрэгтнүүд ч нуугдаж байсан тохиолдол бий.
Сандал ширээ тавьсан болоод салоны үйлчилгээ амлаж буй газруудыг онцгойлон анхаарах хэрэгтэй
Гэрээр очиж үйлчилгээ үзүүлдэг сургалтын төвийн болсон болоогүй сертификаттай, энд тэндхийн булан тохойд сандал ширээ тавьсан болоод салоны үйлчилгээ амлаж буй газруудыг онцгойлон анхаарах хэрэгтэй. “Сормуус суулгуулахаар мөнгөө төлсөн. Гэтэл нүд маань хатгаж өвдөөд, хэд хоног нулимс гоожлоо. Өөрт нь хэлэхээр тоохгүй юм” гэх зэрэг гомдлыг цахим ертөнцөд олон харсан. Сэтгэгдэл хэсэгт нь гоёлын гоо сайхны үйлчилгээ аваад хохирсон хүүхнүүд хэдэн зуугаараа орж ирнэ. Тэдний дийлэнх нь хямд үнэтэй баталгаагүй гоо сайхны үйлчилгээ авсны улмаас хохирогч болох аж. Хумсаа будуулах, хөмсөг шивүүлэх, сормуус суулгах, нүүр будуулах, вакс хийлгэх гээд эмэгтэйчүүдийн энэ төрлийн үйлчилгээний эрэлт барагдахгүй. “Дуудлагаар очиж гелен хумс, бүх төрлийн будалт хийнэ” гэсэн зарын дагуу залгахад “Яг одоо яваад очих боломжтой. Гелен будалт 5-10 мянга, гелен хумс 15-30 мянгаар хийнэ” гэлээ. Эрүүл ахуйн стандартыг хэрхэн хангах талаар тодруулахад “Хумс будахын төдий халдвар авна гэж юу байхав. Би чанартай будаг хэрэглэж, багажаа зориулалтын уусмалаар ариутгадаг. Мөн мэргэжлийн сертификаттай” гэж хариулсан юм. Багаж, зүү тариурыг ариутгахдаа спиртээр арчдаг арга үеэ өнгөрөөж, зориулалтын туяагаар шарж, битүүмжлэн хадгалдаг, аль эсвэл нэг удаагийн багаж хэрэглэдэг болоод өчнөөн удаж буйг энд дурдах хэрэгтэй. 2019 онд мэргэжлийн хяналтын ерөнхий газраас гоёлын гоо сайхны 186 газар хяналт шалгалт хийж, нян судлалын шинжилгээ, физик хэмжилт авахад зарим эмнэлэг, гоо сайхны газрууд эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэмийн шаардлагыг хангахгүй байгаа нь илэрчээ. Харин эмчилгээний гоо сайхны 57 эмнэлгийн найм нь үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн чиглэлд мэргэшсэн эмчгүй, Монгол улсад бүртгэлгүй өвчнийг оношлох, урьдчилан сэргийлэх шинэ техник, технологи, арга хэрэгсэл ашигласан, өөрсдийн баталсан эмнэл зүйн заавраар эмчилгээ явуулж байжээ. Мөн мэс заслын тусламж, үйлчилгээ явуулж буй эмнэлгүүдийн 59 хувь нь шаардлага хангаагүй агааржуулалтын системтэй, мэс заслын дараа шархны халдварын байдалд тандалт, судалгаа хийдэггүй, мэргэшсэн ариутгагчгүй, ариутгалын хэсэг нь шаардлага хангаагүй зэрэг зөрчлүүд илэрсэн байна. Маникюр, сормуус суулгах, хөмсөг шивэх зэрэг үйлчилгээнүүд хүний арьс салстад ажилбар хийдэг, гэмтээх эрсдлийг агуулдаг гэдгийг санах хэрэгтэй. Гоо сайхны үйлчилгээ аваад хохирсон нэгэн эмэгтэй “Сормуус суулгахаар нүд тодроод ирдэг учраас баярын өмнө үйлчилгээ авахаар шийдсэн. Эмэгтэйчүүд янз бүрийн л үйлчилгээ хийлгэдэг шүү дээ. Цаг зав бага, бас мөнгөний боломжиндоо тааруулан дуудлагаар сормуус хийнэ гэсэн охинд хандсан. 15 мянгаар булган сормуус суулгуулсан. Гэтэл маргаашаас нь эхлээд нүд маань тэсэхийн аргагүй загатнаж, сормуусны сүв маань улайж үрэвссэн. Хийлгэсэн хүнтэйгээ холбогдсон боловч намайг блок хийгээд алга болсон. Халдварт өвчин аваагүйдээ баярлаж сууна. Бохир орсны улмаас үрэвссэн юм билээ” гэж бидэнд ярилаа.
Эмчилгээний гоо сайханд стандарт бий ч гоёлын гоо сайханчдад тавигдах шаардлага хангалттай бус
Хүний арьсны гоо сайхантай холбоотой эмгэгийг эмчлэх, мэс засал хийх, арьс гэмтээх үйлчилгээг үзүүлж, эмчлэхэд чиглэсэн зөвлөгөө өгөх эрх бүхий, тусгай зөвшөөрөлтэй, мэргэжлийн байгууллагын үйлчилгээг эмчилгээний гоо сайхан гэнэ. Харин гоёлын гоо сайхны үйлчилгээ үзүүлэгч байгууллагууд арьс салстыг гэмтээх үйлчилгээ үзүүлэх эрхгүй. Зөвхөн массаж, нүүр будалт, маникюр, педикюрын үйлчилгээ үзүүлэх эрхтэй. Манайд үйл ажиллагаа явуулдаг үсчин, гоо сайхны салон гэсэн газрууд гоёлын гоо сайхны үйлчилгээг үзүүлдэг. Журмандаа маникюр, педикюрын үйлчилгээ үзүүлж болно гэсэн заалт байдаг боловч, тэдэнд тавигдах шаардлага тодорхой бус. Гэтэл В,С,D вирус нь арьс салстын бүрэн бүтэн байдал алдагдсан үед буюу цусаар мөн бэлгийн замаар халдаж болно. Маникюрын мах авдаг хэрэгсэл, шүдний чигчлүүр, сахлын татуурга гээд арьс гэмтээж, цус гаргах багаж ашигладаг бүх л үйлчилгээ халдвар тараах эрсдэлтэй аж. Халдварт өвчин судлалын үндэсний төвд өдөрт 30 хүн үйлчлүүллээ гэхэд тэдний 10-15 хувь нь гоёлын гоо сайхны үйлчилгээнээс халдвар авсан байгааг мэргэжлийн эмч онцолж байв. Баталгаагүй үйлчилгээний цаана таны насан туршийн эрүүл мэнд, гоо сайхан золиос болох аюултай тул хямд үнээр үйлчилгээ үзүүлэхийг санал болгож буй явуулын гоо сайханчид, баталгаагүй газруудаар үйлчлүүлэхгүй байхыг уншигчдадаа зөвлөе.
Энэ талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч, Д.Дэлгэрбаяраас тодрууллаа.
-Сүүлийн жилүүдэд маникюр, педикюрын сургалт олширч байна. Энэ төрлийн сургалтын үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудад ямар шаардлага тавьдаг вэ?
-Сургалтын байгууллагууд Хөдөлмөр, нийгэм, хамгааллын яамнаас зөвшөөрлөө авдаг. Манайх эрх зүйн хүрээнд сургалтын төвүүдэд хяналт шалгалт хийх эрхгүй. Өнгөрсөн онд төлөвлөгөөт шалгалтыг үсчин, гоо сайхны газруудад хийсэн.
-Гоёлын гоо сайхны үйлчилгээ эрхлэгчдэд тавигдах нэгдсэн стандарт гэж бий юу?
-Багажаа ариутгах, эрүүл мэндийн шинжилгээнд хамрагдсан эсэх, мэргэжлийн ур чадвар нь ямар хэмжээнд байна гэхчлэн хумс гоо заслын үйлчилгээ тодорхой хэмжээний эрсдэл дагуулдаг. Ширээ, сандал тавиад л үйлчилгээ үзүүлж байна. Гэвч үсчин, гоо сайхны газрын стандарт гэж байдаг ч маникюр, педикюрын үйлчилгээний стандарт гэж байхгүй нь асуудал дагуулж байна. Яам нэгдсэн стандарттай болгохоор ажиллаж байгаа юм билээ. Зөвхөн маникюр, педикюрын үйлчилгээ үзүүлэгчдэд төлөвлөгөөт шалгалт хийх боломжгүй учир иргэдээс ирсэн гомдлын дагуу шалгалт хийдэг. Гэхдээ гоо сайхны газруудад төлөвлөгөөт шалгалт хийхдээ хамт хяналт тавьж, шаардлагатай зөрчлийг арилгуулах арга хэмжээ авдаг.
-Ихэвчлэн ямар төрлийн зөрчил илэрдэг вэ. Эрүүл ахуйн шаардлага хангаагүй нөхцөлд үйл ажиллагаа явуулсан бол тухайн газрыг хаах боломжтой юу?
-Ерөнхийдөө мэргэжлийн бус хүмүүс үйлчилгээ үзүүлж байна. Ариутгал, эрүүл ахуйн нөхцөл хангалтгүй гэх мэт нийтлэг зөрчил бүртгэгддэг. Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авна. Харин үйл ажиллагааг нь шууд зогсоох эрх бидэнд байхгүй. Хуулийн дагуу прокуророос зөвшөөрөл авах ёстой.
Т.Намуунболор
Засгийн газрын мэдээ