Хав хавтгай цээжээс минь хоёр зүйл үл мэдэг товойн анх ургах яг тэр үед яагаад ч юм эмэгтэйчүүд хөхтэй гэдгээ бүгд л нуудаг юм шиг санагддаг байлаа. Эргэн тойрны маань эмэгтэйчүүд, ер нь бол миний таньж мэдэх эмэгтэй хүмүүс хүүхдээ хөхүүлэхээс бусдаар бол хөхөө ил гаргана гэж огт үгүй.
Ээж маань хүртэл дүүг сүүнээс гарав уу гүй юу надад хааяахан харуулж, бариулдгаа ор тас болиод зузаан гэгч нь хатуулга, хөвөнтэй “Левчик”-ээ зүүгээд эхэлсэн юм. Хөхийг гоо сайхны хэмжүүр гэж мэдэрсэн түүнээс арай хойшхи үед ч надад энэ тухай мэдээлэл тун бага байлаа. Эгч нараа хувцас сольж байх үед нь араас нь сэмхэн гэтсээр урдаа, өнөөх левчикнийхээ дотор юу нуугаад байгааг нь мэдэхээр очвол бондгосхийтэл цочихдоо цүл цалхийсэн хоёр зүйлээ арайхийн тогтоож, байдгаар нь нуугаад “Яваач ээ!” гэж орилно. Үндсэндээ дэлхий дээрх бүх хүний мэдээжийн мэддэг зүйлийг хэлцэж тохирсон юм шиг л эргэн тойрныхон маань надад харуулахгүй, мэдүүлэхгүй байгаа нь миний цухлыг төрүүлж байв. Би нас биед хүрсэн, боловсорч гүйцээд эрэгтэй хүүхдүүдтэй урд талаараа мөргөлдөж тоглоход “Ёооёо” гэтэл хөндүүрлэж өвддөггүй тийм л цээжийг харахыг хүсч байлаа.
Бодит хөхийг/Харахыг хүсдэг хөх гэвэл илүү тохирох байх/ тухтай харж үзэлгүй байсаар 9-р ангид ороод би ч гэсэн левчикний ард нуугддаг эмэгтэй болсноо мэдэрсэн юм. Ангийн өсгөлүүн биетэй охидын дэргэд бол хариугүй, гэхдээ наддаа их л том асуудал удаж буй хөхнүүдийг маань хорвоо дэлхий анзаарчих вий гэсэндээ аль болох сул цамц өмсөж, бага зэрэг бөгтийн явдаг байв. Харин 11-р ангид ороод яг ээжийнх шигээ хатуулга хөвөнтэй, биед тээртэй, гэхдээ арай жижиг хэмжээтэй хөхний даруулгыг өөртөө худалдаж авсан. Улмаар энэ нь надад тээртэй, огт хамааралгүй хатуулга, хөвөн байхаа болиод биеэ тэнцвэртэй харагдуулахад тусалж буй эд мэт санагдах болов. Үнэндээ ч тийм л дээ. Гэхдээ нөгөө талаараа хөхөвч биднийг байгалиараа харагдахаас татгалзуулдаг эд юм. Түүх сөхье.
1. 1940-1950-иад он буюу Мэрилин Монрогийн мандаж явсан алтан үе байна л даа. Тухайн үед “Bullet Bra” буюу суман хөхөвч бүсгүйчүүдийн гол амь амьдрал болсон нь гурвалжин, бидний нэрлэдгээр сэргэр хөх моданд орсноос үүдэлтэй.
2. Задгай энгэртэй даашинз, хоолойтой бариу цамцны цаанаас гайхалтай товойх тус хөхөвчний ганц сул тал нь хөхийг хэт дээр байрлалтай харагдуулдаг нь байв. Гэсэн ч цаг үе бол цаг үе л байдаг шүү дээ.
3. Дэлхийн чиг хандлагад нөлөөлөх гэдэг ямар үр дагавартай байж болохыг хараахан мэдрээгүй үед Мэрилиний дараах, гэхдээ нэлээдгүй орчин үеийн секс бэлэг тэмдэг гарч ирсэн нь “Эргийн хамгаалагчид” телевизийн цувралаар алдаршсан Памела Андерсон юм. 1980-аад оны сүүлээс эхэлсэн гэхээр яг одоо нийгмийг авч явж буй залуусын үзэл бодол ид төлөвшиж тогтсон хүмүүжлийн үе байгаа биз?
4. Хөхөө томруулах хүсэл амьдралд биеллээ олон янзаар олж, хэрэгжиж ирсэн. Зарим нь бүтэлгүй, зарим нь бүтэлтэй. Анх 1890 онд эрдэмтэд хөх томруулах зорилгоор парафин буюу лааны тосыг тарьж үзсэн боловч энэ нь биеийн бусад хэсэг рүү гүйж алга болоод байсан аж. Иймд биеийн таргалттай хэсгээс хөхөнд шилжүүлэх замаар цээж “томруулах” аргыг туршиж байсан ч энэ нь өгзөгний хувьд илүү үр дүнтэй арга болохыг орчин үе нотолсон билээ. Хөхийг ямар ч үнээр, “ямар ч материал”-аар хамаагүй том болгохоор улайрсан эмч нар 1950 оноос хөхөнд хөвсгөр резин, мөгөөрс бүр шилэн бөмбөлөг хүртэл суулгаж үзсэн байна. Шантарсан нэг нь хөх томруулах тос, хийлдэг хөхөвч хийхээр ажлын байраа орхисон бол үлдсэн нь санаагаа хэрэгжүүлэхээр бүр ч олон аргыг туршсаар байв. Ингээд 1962 онд хөхөн дээрх шивээсээ арилгуулахаар эмнэлэгт хэвтэж байсан Тимми Жийнээс Френк, Томас хэмээх хоёр эмч “Чи түүхийн гэрч болох уу?” гэж эелдгээр асууж. Өөрөөр хэлбэл уут дүүрэн цусыг хөхөнд нь хийе гэдэг саналыг тавьсан аж. Тимми Жийн хожим “Гудамжинд эрчүүд шүгэлдэж эхлэхэд л би өөртөө юу хийлгэснээ үнэхээр ойлгож билээ” хэмээн ярьжээ.
5. Хоёр зууныг дамжсан хөх томруулах хагалгаа телевизийн эрин үе эхэлснээс хойш жинхэнэ гэрлийн хурдаар тарсныг л хэлэх гээд энэ бүхнийг нуршсан юм шүү. Силикон, давстай усыг биедээ тээгээд ч хамаагүй бөмбөгөр, томбогор, урагш түрсэн хөхтэй байх нь нэгэн төрлийн хэмжүүр болсон гэсэн үг. Саяхныг хүртэл.
6. 2000 оны дунд үеэс борооны дараах мөөг шиг олширч, олон түмний хошуурч явсан хөх томруулах мэс засал үнэ цэнээ алдаж эхэлсэн. Энэ нь магадгүй бүх салбарт давамгайлах болсон дорнын үзэлтэй холбоотой ч байж магад. Ямартай ч одууд хөхнийхөө силиконыг авахуулж, жижиг, хавчиг цээжтэй ч хамаагүй энгэр задгай даашинз өмсөн улаан хивсээр алхах болсон билээ. 2010 он гарснаас хойш “Хамгийн гоё хөхтэй” гэх тодотголд том хөхтэй биш харин хэлбэр сайтай, жижиг хөхтэй бүсгүйчүүд бичигдэх болсон нь эндээс эхтэй ч юм билүү?
7. Жижиг хөхнөөс ичихгүй байх нь зөв болохыг баталсан үйл явдал 2014 он гарснаас хойш бүр ч олноор үзэгдэх болсон. Тэр бол хөхний товч сүүлийн үеийн загварын хит тренд болсноос үүдэлтэй. Хөхний товч тренд болдог гэж үү? Азтай нь тийм. Өөр “ямар ч гайхамшигтай байсан” (Өгзгийг хэлж байна), юу ч өмссөн байлаа гэсэн хөхний товчоо мэдэгдүүлж л байвал чи үгээр хэлэхийн аргагүй халуухан нэгэн гэсэн үг. Худлаа гэвэл 2014 оны хавар, зуны загваруудыг үз л дээ? Бүгдэнд нь хөхний товч илт мэдэгдэх майк эсвэл даашинз багтсан л байгаа. Эцэст нь юу гээч? Хөвөн, порлон чихсэн, хатуулгатай левчикний худалдаа хэдэн сая доллараар буурсан гэдэгт, удахгүй зогсоно гэдэгтэй мөрийцөхөд ч бэлэн байна!