Бид өнгөрсөн 4 жилийн туршид сайн найзууд байсан юм. Харин нэг л мэдэхэд энэ бүхэн огт өөр түвшинд очиж, бид болздог боллоо. Саяхны нэгэн намуухан үдэш намайг найз бүсгүй минь болооч гэж гуйсан юм л даа. Харин би түүнийг гэсэн сэтгэлдээ бага зэрэг эргэлзэж байсан болохоор бодож үзэхээр болов.
Энэ хооронд “Түүнийг үзэн яддаг болон хайрладаг бүх шалтгаанаа жагсааж бичээд үз. Тэгэхэд л шууд хариулт нь мэдэгдэнэ.” гэсэн найзынхаа зөвлөгөөг биелүүлэхээр шийдсэн. Учир нь бид дотно найзууд байсан болохоор, сайн муу бүх зангаа мэддэгээс бидний хооронд “хатуухан” харилцаа бий болчихсон юм. Түүнд маш олон сул тал бий. Бас би тэдгээрийг нь үзэн яддаг.
Нэг
Өндөр нь лав 100м байх аа. Намайг уурлуулах, надаар тоглох бүрт муухай харахын тулд хүзүүгээ хугалах шахам дээшээ харахад хэцүү байдаг.
Хоёр
Сэгсгэр үсээ засуулаасай билээ. Үнэндээ тийм буржгар, хэлбэргүй, хачин үстэй залууд хэн дурлах билээ. Би лав биш.
Гурав
Би түүний том бүлцэн нүдэнд дургүй. Хар өнгийн контур өргөн түрхээд ч тэр том нүдийг нь минийх гүйцдэггүй.
Дөрөв
Би түүний уруулд дургүй. Над руу хараад уруулаа цорвойлгох бүрт би юу хийхээ мэдэхээ байчихдаг. Хүн эвгүй байдалд оруулаад л…
Тав
Бас яахаараа тийм аймар том гартай байдаг байна аа? Тэгээд бүр хүрсэн бүх хөгжмийн зэмсгээ тоглож чаддагийг нь яана. Гэтэл би ганц нот ч дарж чадахгүй хүн.
Зургаа
Би түүний урт хөлийг нь үзэн яддаг. Хамт алхах бүрт тэр метрийн урттай алхсаар байгаад надаас түрүүлж, би ард нь нялх гөлөг шиг л хоцордог. Ямар ч тохиолдолд ард орхигдож үлдэх бол миний хувьд уучлашгүй зүйл.
Долоо
Тэнэг хүн шиг инээдэг. Том нүд нь бүлтийчихээд л, хэтэрхий чанга дуу гаргадаг. Дуртай кафедаа ороод ажлаа хийх гээд төвлөрч суухад, хажууд утсаараа бичлэг үзээд ойр хавийн хүмүүсийг цочтол инээнэ. Өмнөөс нь би л уучлалт гуйж таардаг.
Найм
Миний хэлсэн болгонд итгэж, юм гуйсан хүн болгонд үгүй гэж хэлдэггүй. Тийм ч учраас би өмнөөс нь бусад хүмүүсийн гуйлтанд үгүй гэж хэлээд муу бүсгүй нэрийг авсан. Ямар хүн гэхээрээ тийм гэнэн, бодлогогүй байдаг юм?
Ес
Өөрөө 189см, намайг 160 см төрсөнд ямар их талархдаг, үүнээс болоод бид төгс хосууд мэт харагддаг гэж хэлсэн гээд боддоо. Харин би загвар өмсөгч болчихдоггүй юм аа гэхэд, ядаж 5 см өсчих юмсан гэж бодож байхад. Яахаараа хүн ийм мэдрэмжгүй, шулуухан яриатай болоод төрчихдөг байна аа?
Арав
Тэр бага байхдаа хичээлийн хэнээтэн байсан байх аа. Мэдэхгүй юм гэж байхгүй шүү. Үүнээс нь болж байнга би ялагддаг. Дургүй хүрч байна.
Ингэж биччихээд уншсан чинь өөрийн эрхгүй инээд минь хүрсэн. Учир нь үзэн яддаг шалтгаанаа бичих бүрт би түүнийг улам хайрлах шалтгаануудыг л олоод байсан юм. Шинэчилсэн жагсаалтыг маань хамтдаа унших уу?
Нэг
Би яагаад түүний хэт өндөрт нь дургүй гээч! Түүний уруул надаас дэндүү хол учраас би хүссэн үнсэлтээ авахын тулд балетын бүжигчид шиг л өлмий дээрээ зогсож сурах хэрэгтэй болсон.
Хоёр
Би яагаад түүний сэгсгэр үсэнд дургүй гээч. Чанга тэврээд унтах гэхэд урт буржгар үс нь нүүрийг минь гижигдсээр байгаал сайн унтаж чаддагүй. Харин өглөө миний нүдний доогуур харласныг хараад тэр минь “Чи яг л үзэсгэлэнтэй зомби шиг харагдаж байна” гэж хэлдэг.
Гурав
Түүний том нүд миний хүсээгүй зүйлийг харуулдаг учраас л би дургүй. Над руу хайр дүүрэн харцаар ширтэхэд нь би түүний нүднээс өөрийнхөө талимаарч уярсан нүд, улаа бутарсан хацраа олж хардаг. Ичсэндээ болоод хармааргүй байхад чинь.
Дөрөв
Тийм ээ, түүний минь уруул дэндүү зальжин. Түүний л урууланд үнсүүлсний дараа би хайлсан зайрмаг шиг урсдаг. Тэр уруул цорвойгоод ирэхэд нь үүрд үнсээд л баймаар санагдахыг нь яана.
Тав
Харахад ямар ч эв дүйгүй хэрнээ тэр гар биед минь хүрэх төдийд л би оюун ухаанаа алдчих мэт болдог. Нэгэнт надад хүрчихээд энхрийлж байгаа тэр гарыг нь би өөрөөсөө огт холдуулж, явуулмааргүй байдаг.
Зургаа
Орой унтахаар хэвтэх бүрт намайг маш урт хөл ороочихдог. Тэр бүрт зүрхний минь цохилт чанга мэдрэгдээд байдаг учраас би дургүй. Өмнө нь юунаас ч болж тэгж байгаагүй бас гэнэт энэ бүхэн байхгүй болчих вий гэсэн айдас бий учраас л тэр.
Долоо
Түүний инээмсэглэл зүгээр л нэг галзуу хүн шиг биш ээ. Халдвартай шүү бас. Намайг харав уу үгүй юу инээмсэглэхэд нь би өөрийн мэдэлгүй тэнэг хүн шиг дагаад л инээмсэглэчихдэг. Би тэнэг харагдах дургүй. Гэхдээ хамтдаа тэнэг харагдах дуртай байж ч мэдэх юм.Хэтэрхий чанга байвал бүр л гоё.
Найм
Буруу зүйл хийж, алдаа гаргасан хүн нь би байтал хэзээд тэр минь түрүүлж уучлалт гуйдаг. Надад түрүүлж буулт хийх боломж олгодоггүй учраас л би дургүй. Уучлалт гуйсных нь дараа гэмших сэтгэл намайг ямар их зовоодог гээч! Тэр бүрт би дараагийн удаад маш хурдан, түүнээс түрүүлж уучлалт гуйна шүү гэж өөртөө амладаг.
Ес
Түүний бүгдийг мэдрэмжгүйгээр, шулуухан хэлдэг занд дургүй. Зөөлхөн гэгч нь уруул дээр минь үнсчихээд “Албан ёсоор найз бүсгүй нь болчихвол аз жаргалаар бялхаж, юуг ч хийж бүтээх зориг зүрх, хүсэл мөрөөдөлтэй болно” гээд л хэлээд тавьчихна. Тэр үед нь би татгалзах тухай, өөр хүний тухай бодох ч хүсэлгүй болж байгаадаа дургүй минь хүрдэг. Дух, нүд, хацар, эрүү, хүзүү, уруул гээд үнсэх бүртээ хамтдаа хийхийг хүссэн бүхнээ хэлдэг хүн.
Арав
Хэтэрхий ухаантай байх ч хэрэгтэй л дээ. Наад зах нь л гэхэд түүнийг би хүндэлдэг юм. Хүндлэл дээр тогтсон харилцаатай юм байна шүү дээ.
Надаас “мянган” см өндөр, нүд гар, бие нь бүгд дэндүү гэмээр том, хэзээд тэнэг хүн шиг инээж явдаг ч би түүнд унаж тустлаа дурлачихсан. Түүнийгээ мэдрэх бүртээ түүнийг хоёр гараа дэлгээд намайг тосч авна гэдэгт итгэлтэй байх юм. Би түүнд хайртай юм байна.