Их Британийн Брэдфорд хотод байрладаг Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, технологийн үндэсний музейн эрдэмтэд гайхалтай нээлт хийсэн нь киноны түүхэнд шинэ хуудас нэмэв. Музейн сан хөмрөгөөс тэд дэлхийн хамгийн анхны өнгөт дүрс бичлэгүүдийг эрж олсон байна. Өмнө нь хамгийн өндөр настай өнгөт хальсыг 1909 онд бүтээсэн гэж үзэж байсан бол өнгөт киноны зураг авалтын үйл явц түүнээс арван жилийн өмнө буюу 1899 онд бүтээгдэж, патент авсан болох нь тогтоогджээ. Энэ нээлтийг гэрэл зурагчин Эдвард Рэймонд Тернер хийсэн аж. XX зууны эхэн үеийн Английн аж амьдралыг харуулсан богино хэмжээний өнгөт зураглалуудыг тэрбээр 1902 онд авсан байна. Тэдгээр нь дээрх музейн тавиур дээр тоосонд дарагдан хэвтэж байсан бөгөөд сая л нэг юм олджээ.
Тернерийн технологи маш энгийн байсан юм. Өнгө болгоныг тусгай гэрлийн шүүлтүүрээр оруулж авч байв. Иймд зураг авалт болгоныг гурван хальсан дээр буюу улаан, ногоон, хөх өнгө дээр хийж байсан юм. Тэдгээрийг нийлүүлж баривал өнгөт дүрслэл гарч байсан аж. Харамсалтай нь, түүний проекцийн систем боловсронгуй болж чадаагүй билээ. Тернер 1902 онд хийгдсэн материалаа үзэж амжилгүй өөд болжээ. Орчин үеийн компьютерийн технологиуд британи эрийн авсан зургуудыг нөхөн сэргээж дөнгөөд барахгүй тэднийг хөдөлгөөнд оруулсан байна. Ингэснээр Тернерийн аргачлал ажиллаж байгаа гэдгийг нотлов. Өнөөдөр дэлхийн хамгийн анхны өнгөт киног Брэдфордын музейд очиж үзэх боломжтой юм. Түүн дээр зохион бүтээгчийн хүүхдүүд наранцэцгийн дунд тоглож байгаа нь харагдана.
Анхны өнгөт киног ЭНДЭЭС үзнэ үү
www.wikimon.mn