Баасан гаригийг баардахаас өөрөөр өнгөрүүлж болохгүй гэж үү? Энэ асуултыг нэлээд олон хүнд тавьлаа. Өөрөөр өнгөрүүлэх газар монголд байхгүй юм чинь өөр юу ч хийхэв дээ, гэж хариулах хүн олон байлаа.
Тэгвэл юу хүсэж байна вэ, өөрөөр яаж өнгөрүүлмээр байгаагаа хуваалцаач гэсэн асуултанд харин хариулах хүн олдсонгүй. Тамхины утаа суунагласан орчинд хэдэн цагаар ч хамаагүй сууж, элдэв хов жив ярин үдшийг өнгөрүүлж буй байдал хаа сайгүй харагдана. Гэтэл залуу нас урсаад л байдаг, зав зай багасаад л байдаг.
Угтаа бол хөгшчүүд нь налайж суугаад л, залуус бид хөдөлмөрлөмөөр санагддаг юм. Манайд аль нэг ресторан зоогийн газар өвөө, эмээ нар орж үйлчлүүлвэл эвэртэй туулай үзсэн юм шиг жиг жуг хийлдэх биз. Уг нь бол хийж бүтээх юмаа хийчихсэн тэд л бидэн шиг цэнгэмээр сэн. Харин бид залуу насны эрч хүчээрээ жигүүрлэн орчлонгийн сонин сайхантай танилцах хэрэгтэй.
Мэдээж залуу хүмүүс амарч цэнгэх хэрэгтэй. Баардахаас өөрөөр баасан гаригийг хэрхэн сайхан өнгөрүүлэхээ мэдэхгүй байвал дараах санаануудыг хэрэгжүүлээрэй.
– Хийж үзээгүй зүйлээ хэрэгжүүлдэг өдөр болго. Залуу насандаа л бүхнийг амжуулж үз. Нэг л мэдэхэд баасан гариг бүрийг шоудсаар байгаад хөгширчихсөн байх вий. Чи загас барьж үзсэн үү? Үзээгүй бол одоо л загасанд явахыг санал болгож байна. Учир нь өдийд загас барихад хамгийн тохиромжтой. Ялаа, шумуул багасаад яг дэгээнд ордог дээрээ байгаа. Ойрын хугацаанд баасан гаригийг тааруулж байгаад найзуудыгаа уриалан загасанд яваарай. “Би загас барьж үзсэн” ямар сонсогдож байна?
– Гэр бүлийн өдөр болго. Нэг л өдөр гэрийнхнээ хоолоор дайлна даа гэд л яваад байна уу? тэгвэл тэр өдөр чинь баасан гариг болог. Найз нөхөдтэйгээ шоудаж ханасан бол одоо гэр бүлийнхэнтэйгээ цагийг өнгөрөөдөг бол. Хүүхэдтэйгээ, дүүтэйгээ, эгчтэйгээ хамтдаа кино үзэж өнгөрүүл. Хэзээ ч, юу ч болсон гэр бүл л чамд хамгийн үнэнч үлдэх болно.
– Гоо сайхны өдөр болго. Үсээ гоё өнгөөр будуулна, бүтээн биений массаж хийлгэнэ гээд л амжихгүй яваад байна уу? тэгсэн хэрнээ баасан гаригт шоудах цаг гараад байгаа биз? Тэгдэг юм. Харин одооноос энэ өдрийг гоо сайхны өдөр болго. Долоо хоногийн энэ өдөр өөртөө анхаарал тавьж, цаг гаргадаг бол.
-Ном уншдаг өдөр болго-Сайхан ном унших юмсан гэж боддог боловч ажлын өдрүүдэд нэг л болж өгөхгүй байна уу? Тэгвэл энэ өдрийг ашигла. Маргааш нь амралтын өдөр юм чинь сонирхсон номоо шөнөжин уншихад яагаад болохгүй гэж. Зарим баасан гаригт шөнөжин шоудах үе олон л байдаг биз дээ?
– Сонирхлоо хэрэгжүүлдэг өдөр болго. Чи эдийн засагч мэргэжилтэй ч шүлэг зохиох дуртай юу? тэгвэл энэ өдрийг сонирхолтой зүйлдээ цаг гаргахад зарцуул. Өөрийнхөө блогийг баяжуулж, түүнээсээ сайхан мэдрэмж ав.
– Үр дүнгээ тооцдог өдөр болго- Тухайн долоо хоногтоо төлөвлөсөн ажлаа хэр амжилттай хэрэгжүүлсэн эсэх, хэдэн хувьтай биелсэн байна, зэрэг асуултыг өөрөөсөө асууж өөртөө ажлаа тайлагнах өдөр болго. Түүнээсээ дүгнэлт гаргаж ирэх долоо хоногт юун дээр анхаарч ажиллахаа төлөвлө. Ингэвэл амралтын өдрүүдэд сэтгэл өег сайхан амарч чадах болно.
Стрессээ тайлдаг өдөр болго– Найз нөхөд, албан байгууллагаараа хамт зал ав. Баардахаас л хямд төсөр байх болно. Хөдөлгөөний дутандлаас ч сэргийлнэ. Үүнийг хэвшил болгохоор шийдвэл аль нэг сургуулийн залтай гэрээ хийх хэрэгтэй. Тэгвэл илүү амар болно.
Мэдээж баасан гариг бүрийг нэгэн хэвийн байдлаар өнгөрүүлэх нь утгагүй. Тиймээс янз бүрийн зүйлийг хийж туршиж өнгөрүүл. Амьдрал баялаг болохоор шоудахаас өөр олон сайхан санаа байж л таараа. Өөрийнхөө хүслийг сонсоод үзээрэй.
GOOLINGOO.MN