Өсгийтэй гутлаа өмсөөд л өөртөө итгэлтэй алхах сайхан шүү. Харин өндөр өсгийтэй л бол муу байдаг гэх ойлголт бидний дунд түгээмэл байдаг.
Тэгвэл аливаа юм хоёр талтай байдгийн учир өсгийтэй гутлын сайн болон муу тал юу байдаг вэ?
Байнга өсгийтэй гутал өмсдөг хүмүүсийн гуяны урд талын хэсэг чанга, идэвхтэй ажилласнаар, хөлийн нум хэсэг сайн хөгжиж, өвдөгний үеийн гэмтлээс сэргийлнэ. Мөн объём гэж нэрлэдэг шилбэний урд хэсэг илүү уян хатан болдог бол шилбэний арын хэсэг агшиж богиносдог. Энэ нь нурууны доод хэсэг, ахар сүүл орчмоор мөн байнгын чангаралтай болж нуруу, болон бөөр өвдөх шалтгаануудын нэг болдог ажээ. Тиймээс хэрвээ та өсгийтэй гутлыг өдөр тутамдаа өмсөх шаардлагатай бол хөлөө амрааж байхдаа өсгий рүүгээ жийж, өлмийг өөрлүүгээ ээтийлгэх дасгал хийж байгаарай.
Нөгөө талд үргэлж намхан гутал өмсөх нь бас тийм ч хэрэгтэй биш юм. Ялангуяа баллерина гэх мэт үргэлжилсэн хавтгай ултай гутал өмсөх нь хөлийн улыг нум муутай болгож, улмаар эрхий хуруунаас урагш илүү мах, яс ургахад нөлөөлж болзошгүй. Мөн гуя, шилбэний булчин идэвхгүй сул байснаар нурууны булчингийн хөгжилд ч сайнаар огт нөлөөлдөггүй. Тиймээс үргэлж намхан гутал өмсөөд байх нь бас тийм ч сайн хэрэг биш байх нь.
Аливаа юмны хэмжээ, тун тааруулж байх нь бидний гоо сайхан, эрүүл мэндэд шууд тусгалаа олдог юм шүү.