Эрсдэлтэй жирэмслэлтийн талаар та сонсож байсан уу? Үгүй бол таны амьдралд нэгэн том хар мөр суухад бэлэн байна гэсэн үг юм. Эрсдэлтэй жирэмслэлт гэдэг нь эцэг эх эрүүл мэндийн асуудлаа шийдвэрлэлгүй тохиолдлоор жирэмсэн болох явдал юм. Хэдийгээр хосууд маань бие биедээ хайртай, сэтгэлзүйн асуудлаа бүрэн төгс шийдвэрлэсэн ч бие физиологийн асуудлаа шийдвэрлэх шаардлагатай. Энэ тухай ярихад залуус маань заавал хүнд төрлийн өвчний тухай боддог.
Нэгэнт та эх хүн болохоор шийдсэн бол бүх төрлийн шинжилгээ өгөх хэрэгтэй. Суурь өвчнүүдээ бүгдийг эмчилж, эрүүлжсэн байх шаардлагатай.
– Шүдээ эмчлүүлэх
– Наалдацын шинжилгээ өгөх
– Циститгүй байх
– Бөөрний үрэвсэл, элэгний өвчин гээд хөнгөнөөс хүнд хүртэлх бүх төрлийн өвчнөө эмчлүүлээрэй.
Бэлтгэгдээгүй жирэмслэлтээс болж үүсэх асуудал даанч их бараан. Эрүүл биш эхээс эрүүл биш хүүхэд л төрнө. Ураг эхийнхээ хэвлийд байхад гажих, буруу хөгжилтэй болох, зулбах, дутуу төрөх хийгээд төрөхийн үед элдэв хүндрэлүүд гарч хэн хэн нь амь эрсдэх аюул дагуулна. Ингэснээр цаашдын үр дүн бүр ч аюултай. Эцэг эхчүүд алдсан хүүхдээ насан туршдаа санагалзаж, өдийд тэдэн настай байх байсан гэх мэтээр сэтгэлзүйн өвчлөлд хүрч, бие физиологийн хувьд ч ихээхэн хохирол амсана.
Харин үр хүүхэд эндэхгүй юм гэхэд ямар нэгэн өвчтэй төрдөг. Энэ нь хүүхэд өсч торнихын хирээр улам хүндэрч, эцэг эхчүүд өөрийн хариуцлагагүй байдлаа мартаж, хүүхдээ буруушааж тээршааж эхэлдэг. Санхүүгийн хувьд ч тэр хөл дээрээ босох гэж хичээж байхад тань хүүхдийнхээ эрүүл мэндэд бүх л мөнгөө зарцуулах ёстой болно. Ингээд л гэр бүлийн халуун дулаан уур амьсгал үгүйрнэ. Эхнэр хүүхэд хоёр төрөхийн хүндрэлээс үүдсэн өвчиндөө шаналж, хуримтлуулах мөнгөгүй болсон эцэг ч сэтгэл санаагаар унасаар биеийн өвчинд нэрвэгдэнэ.
Найз маань бэлтгэлгүй байгаад, эрүүл хүүхэд төрүүлсэн шүү дээ гэж битгий бодоорой. Найз тань та биш шүү дээ. Юу болохыг хэн ч хэлж үл мэдэх хойнодоо.
Эрсдэлтэй жирэмслэлтийн хор хохирол даанч их, насан туршид яг л чимээгүй тахал шиг даган явсаар, энэ ертөнцөөс арчигдаж, хөрсөн дор тайван хэвтэх гэхэд удам угсаагаа, цусаа эрүүл байлгаж чадаагүй ялд унана. Бие эрүүл бус бол сэтгэл хэрхэн эрүүл байх билээ. Үргэлжид сэтгэлийн өвчинтэй хүн сэтгэлзүйн эмгэг тусах нь хууль хойно. Удам угсаагаа залгамжлах үр хойч тань эрүүл саруул байна гэдэг ямар чухал.
Бүсгүй минь, эх хүн болохоор шийдсэн л бол хайртай ханиа хөтлөөд эмнэлэгийн зүгрүү алхдаа. Ниргэсэн хойно нь хашгирах нэмэр болох бишдээ.