1895 оны энэ өдөр Оросын алдарт яруу найрагч Сергей Есенин мэндэлжээ. Тэрбээр хаант Орос улсын Рязанийн муж нутаг дахь Константинова тосгонд ядуу тариачны гэр бүлд төрсөн. Хожмоо 90-ээд онд Монголын нэрт яруу найрагч агсан түүний шүлэг, хөрөг, амьдралд нь зориулж бичсэн дурсамжаа “Мананд умбасан умрын 11 дүгээр сар… хэмээн бичсэн нь магадгүй төрөлх суурингийнх нь тухай өгүүлсэн мэт санагддаг. Үгүй ч юм уу, Есенин 1902 онд Москвад хүрэлцэн ирж суурьшиж. Улмаар 1915 онд Петербург руу явж өөрийн адил найрагчид болох Александр Блок, Сергей Гродецкий, Николай Клуев, Андрей Белый нартай танилцан нөхөрлөсөн юм билээ. Ингээд бодохоор богинохон амьдралынх нь хамгийн чухал, хамгийн яруу найраглаг үеийг хадгалан авч үлдсэн тэр газар нь өнөөх “Умрын хот” нь юм болов уу.
Яруу найрагч 1915 онд яруу найргийн анхны номоо гаргасан бол дараа онд нь удаах номоо ” Үхлийн мөргөл” нэртэйгээр гаргасан байна. Түүний шүлгүүд ихэвчлэн хайр дурлал хийгээд энгийн амьдралын гаслан шаналлын тухай өгүүлдэг байсан бөгөөд нэг л өдөр тэрбээр маш алдартай яруу найрагч болсон байлаа. 1913 онд хэвлэх үйлдвэрт хамт ажиллаж байсан Анна Лзряаднавотай гэрлэн, Юри хэмээх хүүтэй болсон байна. Сталины дэглэмийн он жилүүдэд Юри Есенин баривчлагдан Гулаг нэрт албадан хөдөлмөрлөх лагерьт хоригдож байгаад 1937 онд нас барсан юм.
Сергей Есенин хэмээх энэ бадрангуй суутны намтар хайр дурлал, адармаат амьдралын талаар Оросын яруу найргийн зах зухаас мэдэх олон хүн сонирхон уншсан гэдэгт итгэнэм. Тиймээс түүний олон шүлэг, тэр бүрийг нандигнан хадгалсан эд юм, олон эхнэрийнх нь талаар дурсах нь илүүц биз ээ. Харин “Амьдралын минь тухай шүлэг найраг минь аядуу тайван хүүрнээрэй” хэмээсэн түүний хэдэн шүлгийг эргэн саная.
***
Цэв цэнхэрхэн үдшээр, саранлиг үдшээр
Цэвэрхэн ч байлаа би, залуухан ч явлаа.
Хамаг юм дайраад өнгөрч, нисэн одож.
Хажуугаар минь гараад явчихаж, эргэж ирэхгүй ээ.
Зүрх минь хөрчихөж, нүд минь цийчихэж.
Цэв цэнхэрхэн аз жаргал, саранлиг шөнүүд!
1925.10.04-05
***
Цонхон дээр сар, цонхон доор салхи.
Цоройн ургадаг улиангар мөнгөлөг агаад гэрэлтэй.
Гармонь хөгжмнйн эгшиг ганцаардан чарлах нь
Гайхалтай дотно агаад даанч дэндүү хол оо.
Залуу идрийн дуу минь инээнэ, бас уйлна.
Зуун жилийн настай далдуу мод минь хаачив.
Баяр болоход би ч гэсэн хар өглөөгүүр
Баян хуураа хангинуулаад гардаг л байлаа.
Хонгор чи минь намайгаа тоохгүй болохоор
Хэний ч хамаагүй дуулсан дуунд инээнэ бас уйлна.
1925 оны наймдугаар сар
Орчуулсан: Ж. Нэргүй
***
Хагацъя даа анд минь, түр баяртай
Харин дүр чинь цээжинд үлдэнэ ээ
Анхнаасаа товлочихсон хагацал болохоор
Ахиад уулзахаа ч мэдэж байна аа.
Гар бариад ч, үг хэлэлцээд ч
Ганихарч гуниглаад ч юугаа хийх вэ дээ.
Энэ насанд үхнэ гэдэг шинэ юм биш
Илүү гарахаар амьдрал ч гэж үгүй дээ.
Орчуулсан: Г.Аюурзана
Цасан шуурга яг л цыган хийл шиг уйлна
Царайлаг тэр охин инээж байхдаа ч хорсолтой
Цэнхэр нь дэндүү түүний нүд айдас түгшүүр өгөөгүй гэж үү?
Цэнгэлд хөлчүүрч явахдаа би болгоомж сэрэмжийг ч мартжээ.
Зүйрлэшгүй адилхан юм бид, зүйрлэшгүй өөр юм бид
Зүс өтөл миний зэвэрч дууссан амьдрал дунд орь залуухан юм чи.
Өнөр жаргалтай залуусын дэргэд хөгшин би хорчийж хатингартчихаад
Өнгөрсөн цаг үеэ хашхичин дуудна, энэ л аймшигт шуурган дунд.
Эгшиглэн дуулах хийл маань энэ л цасан шуурга юм
Инээмсэглэлийг чинь ажих эхний тэрхэн мөчид л
Ээнэлэнт зүрх сэтгэл минь цасан ширхэгт хувилчихсан юм…
Орчуулсан: Б.Баясгалан /Time.mn/