Нөхөр/найз залуу чинь нүүрэндээ маск тавьчихсан байна гээд төсөөл дөө. “Мангар” байгаа биз? Муу утгаараа биш ээ, харин өхөөрдөм гэдэг утгаараа.
Асуудалтай арьстай залуус маань Солонгос одод шиг нүүрээ будаад байхгүй ч тодорхой хэмжээгээр арьсаа арчилж, цэвэрхэн харагдахыг хүсдэг ч түүнийгээ ил гаргахаас, бүсгүйчүүдэд илэн далангүй ярьхаас ичдэг нь тодорхой боллоо. Тэгэхээр ичимхий “мангар” залуустаа арьсандаа анхаарал тавьхад нь бүсгүйчүүд бид л энэ бол хэвийн үзэгдэл, арьсаа арчлахыг нь дэмжиж байгаагаа мэдүүлэх хэрэгтэй. Үүний тулд эхний ээлжинд зүгээр л нүүрний маск аваад өгчих. Яагаад маск хамгийн зөв сонголт вэ гэхээр, хамгийн хурдан үр дүнгээ өгдөг гоо сайхны бүтээгдэхүүн болохоор. Эрчүүд угаас үр дүнг л чухалчлах нь тодорхой шүү дээ. Харин бүтэн иж бүрдэл авч өгвөл магадгүй хэрэглэхээсээ залхуурах эсвэл мартах тохиолдол гарна.
Эрчүүдийн хувьд нүүрний маск хэрэглэхэд заавал санах хэрэгтэй хэд хэдэн зүйл байдаг нь:
– Хэт их буюу өдөр бүр хэрэглэх хэрэггүй. Долоо хоногт 2-3 удаа хэрэглэхэд л тохиромжтой. Юмны хэмжээ гэж байдаг даа.
– Маскийг арьсандаа түрхсэнээс хойш доод тал нь 10-15 минут байлгах хэрэгтэй байдаг. Тэгэхээр тэвчээртэй байх хэрэгтэй. Түрхээд л авчихдаг цэвэрлэгч биш гэдгийг нь сайн ойлгуулаарай.
– Маскны үйлчилгээг сайжруулахын тулд өмнө нь нүүр цэвэрлэгчээс гадна гуужуулагч хэрэглэвэл маш сайн байдаг юм. Эдгээрийг хайртдаа сайн хэлж сануулаарай. Мөн эрчүүдэд зориулсан нүүрний маск ерөнхийдөө хоёр төрөл байдаг.
Үүнд:
1. Чийгшүүлж, зөөлрүүлэн эрүүлжүүлэх;
2. Тослогийг тэнцвэржүүлж, үрэвсэлтэй арьсыг цэвэрлэх юм.
Тэгэхээр эхлээд түүнийхээ арьсыг тодорхойлж, аль төрлийн маск тохирохыг нь тогтоох хэрэгтэй байгаа биз? Ерөнхийд нь чи гадарлаж байж ч магадгүй. Гэхдээ бичье. Хэрвээ хайртын чинь арьс хаа нэг хуурайшиж, холцруутчихсан харагддаг,ихэвчлэн цагаан батгатай, амархан улайчихдаг бол чийгшүүлж, эрүүлжүүлэх маск тохиромжтой. Тэр хуурай, эмзэг арьстай байна гэсэн үг. Харин өдрийн турш тослогтож, гялтайдаг, хар батга их гардаг, нүхжилттэй, Т бүсийг дагаж үрэвсэлт батга гарах хандлагатай бол тослог, үрэвсэлтэй арьсны маск тохирно. Залуу чинь тослог, холимог арьстай байна гэсэн үг.
Яг одоо та нар хаанаас маск авч болох талаар сонирхож байгаа байх. Тослог, үрэвсэлтэй арьсанд зориулсан маскийг чи өөрөө гэрийн нөхцөлд хийгээд хайртынхаа нүүрэнд түрхэж өгч болно. Жишээ нь:
50-100гр овьёосыг холигчинд хийж сайтар нунтаглаад дээр нь бага зэрэг буцалсан бүлээн ус хийж хутгаад нүүрэндээ түрхэнэ. 10-15 минут байлгаад бүлээн усаар зайлаарай.
Бага зэрэг гоо сайхны шавар авч нэрмэл ус, зуун наст, зөгийн бал эсвэл өндөгний цагаантай хольж өтгөн зуурмаг болгоод арьсан дээрээ тавьна. 10 минут байлгаад усаар зайлаарай.