“Х-Түц” продакшинтай амьдралаа холбож, урлагийн тайзнаа багагүй хугацааг үдэж буй гавьяат жүжигчин И.Одончимэг заяаныхаа ханийг ч эндээс олсон билээ. Өөрөөсөө арав гаруй насаар дүү залуугийн цайг чанаж, 40 гарсан насандаа хоёр дахь охиноо төрүүлсэн тэрбээр өдгөө гэрийн сайн эзэгтэйн үүрэг гүйцэтгэж буй. Харин охиноо өсгөж суухдаа жүжигчин бүсгүй хошин урлагийн тайзнаа дахин гарахгүй, телевизийн салбарт хүч сорихоор шийдсэн аж.
Тэрбээр алдарт Oprah Winfrey-гийн ток шоуг дуурайн, сонирхолтой нэвтрүүлэг хийх гэж байгаа гэнэ. Мэдээж хэрэг, олны танил болоод сонин хачин амьдралтай хүмүүсийг урьж ярилцах дуртай хар арьст эмэгтэйн нэвтрүүлгийг анх Б.Нандинцэцэг дуурайж “Nandia’s” ток шоуг хийж байсан. Энэ нь ч олонд сайн хүрсэн бөгөөд сүүлийн үед жаахан рекламны шинж чанартай болж байгаа гэх шүүмжлэлд өртөөд авсан.
Тэгвэл хошин урлагас илүү амжилт олно гэж найдсан энэхүү ажлаа гавьяат жүжигчин И.Одончимэг чадварлаг уран бүтээлчдийн ачаар хөл дээр нь босгохоор зэхэж буй гэсэн. Энэ ч утгаараа, бяцхан охиндоо сайн асрагч олж өгөөд өөрөө телевизийн салбарт цахиур хагалан, Б.Нандинцэцэгийн хүчтэй өрсөлдөгч болохоор сэтгэл шулууджээ.
Р.Есүй /Shuud.mn/