Дэлхий даяар тэр дундаа Европт халдварын тоо эрчимтэй нэмэгдэж байна. Тиймээс олон орон дахин хөл хорио, хязгаарлалтын арга хэмжээнүүдийг авч эхэлжээ.
Чехд нас баралт өндөр байна
Чех улс долоо хоногийн хугацаанд нэг хүн амд ноогдох коронавирусээс үүдэлтэй нас баралтын түвшнээрээ Европд нэгдүгээрт бичигдэж байна. Цар тахал дэгдсэнээс хойш 100 мянган хүн амд ноогдох халдварын тохиолдлынхоо тоогоор энэ улс Европын холбоонд хоёрдугаарт орсон юм.
Улмаар иргэдийн чөлөөтэй зорчих хөдөлгөөнийг хязгаарлах зэрэг хатуу арга хэмжээг дахин сунгасан ч нөхцөл байдал хүнд хэвээр байна. Өнгөрсөн сард коронавирусийн халдварын улмаас эмнэлэгт хэвтэх хүмүүсийн тоо 1028-аас 7486 болж долоо дахин өсчээ. Өмнө нь тус улсын эрх баригчид уушгины хиймэл амьсгалын болон хүчилтөрөгчийн аппарат бүхий тасгуудын ачаалал хэтэрч болзошгүй гэж мэдэгдэж байлаа. Тиймээс Прага болон Брно хотуудад цэргийн алба хаагчид хээрийн эмнэлгүүдийг богино хугацаанд байгуулжээ.
Бельгийн эмнэлгүүдийн ачаалал хэтрэв
Бельгийн эмнэлгүүдэд урьд хожид байгаагүй их өвчтөн хэвтэн эмчлүүлжээ. Тодруулбал, цар тахал дэгдсэнээс хойш 7000 гаруй өвчтөн коронавирусийн халдвар гэсэн оноштойгоор хэвтсэн байна.
Сүүлийн өдрүүдэд эрчимт эмчилгээний тасгуудын ачаалал эрс нэмэгдэж, Брюсселийн ор дүүрсэн бол Валлони болон Фландри өвчтөнүүдээ Герман болон бусад хөрш орнууд руу зөөж байгаа гэнэ.
Халдварын эрчимтэй өсөлтийг зогсоохын тулд энэ сарын хоёрны өдрөөс эхлэн дахин хатуу хөл хорио тогтоолоо. Хүнснээс бусад барааны дэлгүүрүүд хаагдаж, боломжтой ихэнх байгууллагуудыг алсын зайнаас ажиллах горимд шилжүүлжээ. Сургуулийн амралтыг 11 дүгээр сарын 16 хүртэл сунгаж, гэртээ нэгээс дээш хүнийг зочноор урихыг хориглосон байна. Хөл хорио 12 дугаар сарын 14 хүртэл үйлчлэх аж.
Нидерланд локдаун
Нидерланд хөл хорионы хатуу горимд шилжив. Энэ улсад музей, театр, казино, цэнгэлдэх хүрээлэнгүүд болон үйлчилгээний салбарын бусад байгууллагуудыг бүрэн хаажээ. Коронавирустэй тэмцэхийн тулд хөл хорих цаг тогтоож, дунд сургуулиудыг хаан бүрэн хөл хороинд шилжихийг үгүйсгэхгүй хэмээн эрх баригчид мэдэгдсэн байна.
Украин- “амралтын өдрийн хөл хорио”
Украинд “амралтын өдрийн хөл хорио” тогтоож байна. Энэ сарын 14-ний өдрөөс эхлэн бямба гарагийн шөнө дундаас даваа гарагийн шөнө дунд хүртэл зөвхөн нэн шаардлагатай дэд бүтцийн объектууд, хүнсний дэлгүүр, эмийн сан, тээвэр ажиллах юм байна. Кафе, цэнгээний газрууд, худалдааны төвүүд, усан сан, фитнесс төвүүд хаагдах аж. Цар тахлын улмаас Украинд энэ оныг дуустал онц байдлын дэглэм үйлчилнэ.
Хөл хорих арга хэмжээг дахин сонгосон бусад улсууд
Их Британид 11 дүгээр сарын тавны өдрөөс эхлэн сарын хугацаатайгаар паб, зоогийн газар, хүнсний бус барааны дэлгүүрүүд хаагдсан.
Австрид ч мөн 11 дүгээр сарын 30-ныг хүртэл хөл хорио үйлчлэхээр болж, олон нийтийн газрууд хаагдаж, олон нийтийн арга хэмжээнүүдийг хориглон, ахлах анги болон их дээд сургуулиуд алсын зайн сургалтад шилжжээ. Тус улсад 20.00 цагаас 6.00 цаг хүртэл хөл хорих цаг үйлчилж байгаа юм.
Италид 11 дүгээр сарын тавны өдрөөс эхлэн 22.00 цагаас 5.00 цагийн хооронд хүндэтгэх шалтгаангүйгээр гэрээсээ гарахыг хориглосон. Түүнчлэн энэ улсад амралтын болон баярын өдрүүдэд бүх худалдааны төвүд хаагдаж, музей, үзэсгэлэн хаалгаа барих юм. Ахлах ангийн сурагчид алсын зайн сургалтад шилжин, тээврийн хэрэгслийн дүүргэлтийг 50 хувиас хэтрүүлэхгүй байхаар журамлажээ.
Турк улсад 11 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн коронавирусийн улмаас гудамж болон бусад олон нийтийн газруудад тамхи татахыг хоригложээ. Ингэснээр тамхи татах үедээ амны хаалтаа авснаас болж халдвар авах эрсдлийг бууруулна гэж эрх баригчид үзэж байгаа юм.
Кипр улсын Лимасол болон Пафосд 11 дүгээр сарын 12-ноос эхлэн хөл хорио тогтоож, энэ бүс нутгууд руу зорчих, энэ бүсээс гарах хөдөлгөөнийг 18 өдрийн турш хориглохоор болжээ.
Харин өнөөдөр буюу 11 дүгээр сарын 13-ны өдрөөс Грек ул хөл хорих цагийн дүрмийг чангатгаж байна. Ингэснээр 21.00 цагаас 05.00 цаг хүртэл гагцхүү ажлын шаардлага, эрүүл мэндийн байдал, эсвэл гэрийн тэжээмэл амьтнаа салхилуулах зорилгоор л гэрээс гарахыг зөвшөөрөх аж. Ийнхүү гарах шаардлагатай иргэн гэрээс гарахын өмнө тусгай дугаар руу мессеж илгээх эсвэл ажил олгогчоосоо баримт авах шаардлагатай юм.
Г.Бямбасүрэн