“Хонгор чамдаа”, “Санах тусмаа дуулаарай”, “Амрагийн болзоо” гээд хайрын болон ухаарлын сэдэвлэсэн олон дуунуудаараа ард түмний танил болсон Төв аймгийн унаган хүү, МУСТА Доржгочоогийн Намсрайноров хэвлэлийн хуудас, телевизийн дэлгэцийг тэр бүр чимэглэн ярилцлага өгөөд байдаггүй. Хүн бүхэн өөрийн амьдралын нандин дурсамж, сайхан түүхийг агуулдаг. Тэрбээр уран бүтээлийнхээ ээлжит тоглолтын бэлтгэлээ зэхэж байх үеэр нь бид хэдэн хором хөөрөлдсөн юм. Тоглолтын бэлтгэлээс илүү сэтгүүлчдэд тэр бүр дэлгээд байдаггүй сэдвээр Д.Намсрайноровтой хууч хөөрөхийг зорьсон юм.
– Сайн байна уу? Танд өдрийн мэнд хүргэе.
– Баярлалаа, танд ч бас.
– Намар их сайхан улирал. Тариаланчид хадлан тариагаа хураадаг, бүх зүйл баян тансаг байдаг гээд. Энэ жилийн уран бүтээлээ тариаланчийн нүдээр харвал хэр их ургац хураав?
– Анхны тоглолтоосоо хойш багагүй хугацааг өнгөрөөлөө. Мэдээж уран бүтээлч хүн учраас хөдөлмөрлөж л явлаа. Энэ жилийн тухайд гэвэл “Сэвлэг шиг, бүүвэй шиг…” нэртэй 15 дуунаас бүрдсэн уран бүтээлийн хоёр дахь цомгоо гаргалаа. Энэ цомогт орсон уран бүтээлээ эхнээс нь клипжүүлээд, үзэгч, сонсогчдодоо, миний шинэ уран бүтээлийг хүлээж байдаг фэнүүддээ зориулан хүргэж эхэлсэн. “Амрагийн болзоо”, “Нандин учрал”, “Танхилхан чи минь” гэсэн дуунуудаас гадна яг одоогоор “Учралын цагаан үдэш” гэсэн хайрын дуундаа клип хийлгэх ажилтай завгүй л явна даа. “Сэвлэг шиг, бүүвэй шиг…” нэртэй цомгийнхоо баяр болгож хоёр дахь уран бүтээлийн бие даасан тоглолтоо хийх гэж байгаа. Тоглолтын маань өдөр товлогдоод Монгол бөхийн өргөөнөө 2012 оны 10 сарын 10, 11-нд 19,00 цаг гэж төлөвлөгдөөд бэлтгэл ажилдаа орчихсон завгүй л явна.
– Уран бүтээлчдийг харж байхад анхны тоглолт танилцуулга, хоёр дахь тоглолт шалгалт юм шиг сэтгэгдэл төрдөг. Та шалгалтандаа бэлэн үү?
– Яг тийм. Анхны уран бүтээл, анхны тоглолт 2010 оны 10 сарын 10-нд Монгол бөхийн өргөөнд болж байсан. Үзэгчдийн хүсэлтээр 12-нд нь дахин тоглосон. Үзэгчид сайхан хүлээж авсан. Өнгөрсөн жилийн хавар 21 аймгаар бүтэн тойрч тоглоод, бүх тоглолт сайхан болж, сэтгэгдэл өндөр байсан. Аймаг бүрт хоёр удаа тоглосон. Ховд аймагт л гэхэд ганцхан өдрийн дотор үзэгчдийн хүсэлтээр дөрвөн удаа тоглосон. Маш сайхан байсан. Энэ удаагийн “Сэвлэг шиг, бүүвэй шиг” тоглолтын хувьд намайг хүндэтгэн хүрэлцэн ирсэн бүх үзэгчидтэйгээ хамтдаа дуулж, хамтдаа цэнгэж, халуухан, зөөлхөн үдшийг өнгөрөөнө. Шинэ уран бүтээлүүдээр хязгаарлагдахгүйгээр намайг олонтой уулзуулсан сайхан уран бүтээлүүдээ мөн дуулна гэсэн бодолтойгоор бэлтгэлээ базааж байна.
– Таны анхны тоглолтыг МУГЖ Ч.Бат-Эрдэнэ продюссерлэж, найруулж байсан. Энэ удаа ч мөн адил алс холын Ирландаас хүрээд ирчихсэн зүтгэж яваа харагдлаа. Яагаад заавал Ч.Бат-Эрдэнэ гэж?
– Бид хоёр ураг садангийн ч юм уу хүйн холбоо байхгүй хэр нь бүх зүйлд ойрхон байдаг. Төрсөн ахаас өөрцгүй ах маань юм. Бүх зүйл дээр л надтай маш ойрхон байдаг, ойлголцдог, намайг дэмждэг. Ээнээ ахаас гадна манай нутгийн бас нэг ах бий. Дунд уртын гэж алдаршсан Жамбалсүрэн ах. Олон сайхан дууны шүлгээрээ хүмүүст эчнээ танил болсон доо. Энэ хоёр ахтайгаа маш ойрхон байдаг. Энэ удаагийн тоглолтоор маань ч гэсэн надтай хамтран ажиллаж байна. Цаашдаа ч бид хамтдаа байна гэж боддог. Ч.Бат-Эрдэнэ ах Ирланд улсад суралцаж байгаа ч миний тоглолтын үеэр сургуулийнх нь амралт бас таарч аз боллоо. Тоглолт дуусаад буцаж Ирландад очоод сургуулиа төгсөөд нутагтаа ирэх байх аа.
-Хоёр дахь тоглолтынхоо мэдээллийг яагаад тэр бүр цацахгүй байгаа юм бэ? “Хонгор чамдаа” тоглолт мэдээллээр дүүрэн байсан бол “Сэвлэг шиг, бүүвэй шиг” тоглолт их даруухан байгаа юм шиг ээ. Аль эсвэл билет нь түрүүлээд захиалагдчихсан юм уу?
-Тэгж хэлж болохгүй ээ. Энэ намар их олон дуучид тоглолтуудаа өргөн барьж байна. Тийм болохоор миний хувьд бас өөрийнхөө тоглолтын бэлтгэл ажлыг жаахан голонгуй байгаа. Ямар ч байсан хичээж байгаа. Эцсийн дүнд миний гэсэн амины үзэгчид минь ирэх байх гэдэг дээр л итгэж байгаа. Ийм л хүлээлт байна.
-Олон тоглолт гэснээс Бөхийн өргөө үргэлж нийтийн дууны тоглолттой байдаг болж. Үнэндээ бол нийтийн дууны рейтингийг унагаагаад байна ч гэж хэлж болохоор. Та энэ тал дээр ямар бодолтой байдаг вэ?
-Аливаа зүйл хэмжээ нь ихдэхээрээ чанар нь мууддаг тал бий. Би үүнийг үгүйсгэхгүй. 2003 оны үед МУГЖ С.Жавхлан, Т.Баясгалан, Ч.Бат-Эрдэнэ гэсэн хүмүүс уначихаад байсан нийтийн дууны салбарыг хөл дээр нь босгож, хүмүүсийг сонсдог хэмжээнд болтол нь уран бүтээл хийсэн гэж би боддог. Энэ байдал бидний үеийнхний замыг зассан. Одоо болохоор унаад байна гэхээсээ илүү нийгэм уран бүтээлчээс байнгын тоглолтыг хүсээд байдаг болчихсон юм болов уу. Тийм болохоор тоглолт их хийгдэж байгаа байх. Гэхдээ эцэст нь чанартай уран бүтээл туурвиж, чанартай дуу хийж байгаа дуучны үзэгчид хэзээ ч алга болохгүй байх аа.
– Таныг хүмүүс хайрын дуугаар л хүлээж авдаг шүү дээ. Энэ зун бас морины дуу дуулсан нь сонин байлаа.
– Тийм ээ. Би ихэвчлэн хайрын дуунууд дуулдаг. Би дууг тарнийн нэг хэлбэр гэж боддог юм. Сайхан дуу сонсоход ямар ч хүний сэтгэл сэргэдэг ш дээ. Хүн л юм болсон хойно ганьсан гунихарсан үедээ сайхан дуу сонсуутаа хайрт руугаа ярьдаг, сайхан дурсамжаа санадаг юм болов уу гэж ойлгодог. Энэ ч утгаараа би гэгээн хайрын дуунуудыг сонгож дуулж байсан. Шинэ цомог маань ч бас ийм сонголттой. Би өөрөө хөдөө өссөн, морин дэл дээр дэрвэж бага насаа өнгөрүүлсэн хүн. Энэ ч утгаараа морины нэг дуу дуулчих хүсэл байсан. Гэтэл ийм төрлийн дуу дуулна гэдэг чинь хэцүү юм. Хайрын дуу дуулдаг шигээ л бодож байсан чинь миний характераас тэс өөр байлаа. Хайрын дуу бол маш зөөлхөн сайхан. Гэтэл морины дуу маш эрэмгий байдлыг шаарддаг юм байна лээ. Тэр эрэмгий, эрч хүчтэй араншинг гаргах надад их хэцүү байсан. Эхний цомогтоо би нэг морины дуу дуулсан, энэ удаагийнхаа цомогт бас нэгийг чадан ядан дууллаа. Хөдөөний хүүхэд, тэр ахуйд нь өссөн учраас нэг их хөндий байгаагүй ч гэсэн морины дуу бол хайрын дуунаас тэс өөр юм билээ. Би угаасаа хайрын дуунд илүү зохицдог байх. 3-р курсын оюутан байхдаа л “Хонгор чамдаа” дуугаа дуулж ард олонтойгоо танилцаж байлаа. Тэр ч утгаараа “Хонгор чамдаа” дуундаа бас “Санах тусмаа дуулаарай” дуундаа бусад дуунаасаа илүү хайртай.
– Морины, хайрын тухай дуунаас гадна дуэт буюу хослол дуу нийтийн дууны салбарт багагүй орон зайг эзэлдэг. Ийм ч учраас эмэгтэй уран бүтээлчид таныг сонгож хамтран дуулах санал ихээр тавьдаг. Гэвч тэр бүх саналыг та хүлээж авдаггүй гэсэн.
– Би ч эхнээсээ л ганцаараа дуулаад явчихсан хүн шүү дээ. Хосоороо дуулдаг уран бүтээлчдийг харж байхад удаан оршин тогтнож, хамт уран бүтээлээ үргэлжлүүлэх нь цөөн. Нэг гэр бүлийн хоёр хослон дуулж байгаа бол тэд л уран бүтээлдээ үнэнч, харин тус тусдаа амьдралтай хослон дуулаачид оршин тогтнохгүй үлдэж байна уу даа гэж би хардаг. Хоёулаа дуучин, хосоороо дуулдаг гэр бүл уран бүтээлийнхээ араас хамтдаа тэмцдэг, анхаарал тавьдаг байхад тус тусдаа амьдралтай хослон дуучид ингэж тууштай байж чаддаггүй. Тийм болохоор би энэ тал дээр хатуу зарчимтай хандаж, эхнээсээ л ганцаараа уран бүтээлээ туурвисан, ганцаараа зүтгэсэн болохоор энэ чигээрээ л байна гэж боддог.
– Үүнтэй яг адилхан цомгийн хэмжээний уран бүтээлтэй болоод хуучраад эхлэхээрээ дуулах дууныхаа ая болон шүлгэнд маш няхуур хандаж, шилэлт хийгээд эхэлдэг. Та дуулах гэж байгаа дуундаа ямар шалгуур, ямар цензур тавьдаг вэ?
-Оюутан байхад бол нэрд гарчихсан, мундаг сайн дуунууд хийдэг уран бүтээлчдээс гоё дуу худалдаж авах гээд л гүйдэг байлаа. Одоо бол арай өөр. Хүмүүс дуу дуулуулъя гээд санал тавихад нь өөртөө тохирох дуугаа мэддэг, бага хэмжээнд шалгачихдаг болчихсон. Би бол шүлэг яруу найраг, ая, цаашлаад найруулга гээд бүх зүйлийг хардаг. Хэрвээ бүгд надад таалагдаад маш сайхан байвал би өөрөө яаж чин сэтгэлээсээ энэ дууг хэрхэн амьдруулж дуулах вэ гэдэг дээрээ цаг зав гаргаж их ажилладаг. Энэ бүхний үр дүнд надаар овоглогдсон уран бүтээлүүд минь төрсөн гэж би ойлгодог. “Сэвлэг шиг, бүүвэй шиг” тоглолтод дуулагдах шинэ уран бүтээлүүд ч мөн миний хувьд өндөр шалгуурыг давж гарсан байх. Магадгүй, тоглолтоор хязгаарлагдах биш тоглолтын дараа ч үзэгчдийн сэтгэлд шингэхээр тийм л дуунуудыг шилж сонгож дуулж байгаа гэж бодож байна.
– Хэвлэлээр их бичдэг ч юм уу хүмүүсийн ойлголт ч юм уу та бүгдийг болсон, болоогүй дуу үйлдвэрлээд байгууллага хамт олны арга хэмжээ хэсч, тоглолт зохион байгуулж, цомог зарж хагартлаа баяжаад байна гэж хардаг. Үнэхээр тэгдэг юм уу?
– Хүмүүс яг тэгж л ойлгодог. Бид нарын хувьд уран бүтээлүүдээ олж хүргэх хугацааны амьдралаас гадна уран бүтээлд зарцуулдаг санхүү, нэг дуунд зарцуулах зардал маш их байдаг. Миний хувьд л гэхэд хурим найр, төлбөр төлдөг тоглолт бүхэнд очоод дуулаад байхыг нэг их хүсдэггүй. Бас байнга тоглолт хийгээд, цомог гаргаад дамын наймаачин шиг зараад борлуулаад байхыг ч хүсдэггүй. Гэхдээ хугацаанд нь тааруулаад чанартайхан шиг уран бүтээл, цомог, тоглолтоо хийчихээд л явж байх хүсэлтэй. Ингэлээ гээд бүх юманд дуулахгүй гэсэн үг биш. Тэртээ тэргүй ард түмэн хүсч байгаа газар дуулах нь дуучин хүний үүрэг гэж би бодож байгаа.
– Уран бүтээлийн яриаг түр орхиод таны хүүхэд нас, гэр бүл, хувь хүний мөн чанарын тухай асуумаар байна. Багаасаа барилдаж ноцолдож байсан, бөх болох мөрөөдөлтэй залуу яагаад урлагт урвачихав аа?
– Би чинь ер нь бөх хүн юм шүү дээ. /инээв/ Би чинь багаасаа дуулж байгаагүй ш дээ. Хөдөө өссөн, морь унаж, хурга тугал хариулж байсан. Барилдах дуртай, багаасаа л үндэсний бөхөд хорхойсч өссөн. Энэ ч утгаараа цэрэгт очоод барилдаж байсан. Ер нь бол би өөрөө барилдах дуртай. Цэргийн наадамд нэг түрүүлчихээд өөрийгөө бөх болох юм байна даа гэж бодож байсан юм. Гэвч сайн юманд садаа мундахгүй гэгчээр би хүнд гэмтэл авч хөдөө гэртээ гурван жил орчим хэвтэрт байсан. Энэ хугацаанд л хүн өөрийгөө байнга ялан дийлж, тэмцэж байх ёстой юм байна, ингэж байж л амжилтад хүрнэ гэж бодох болсон. Хэвтэрт байхдаа “Би ер нь яг юу хийж чадах хүн бэ?” гэж өөрөөсөө байнга асуудаг байлаа. Яагаад ч юм бэ сэтгэл дотор маань дуу дуулах нууцхан хүсэл байгаад байсан. Гэвч энийгээ тэр бүр ил гаргадаггүй байсан юм. Миний ээж их сайхан дуулдаг хүн байдаг юм. Тийм болохоор сумын Соёлын төв хавиар танил тал олонтой байсан. Тэгээд “Манай хүүг нэг шалгаад өгөөрэй” гээд хүмүүст захиж хэлж л дээ. Нэг өдөр намайг сумын Соёлын төвөөс шалгана гээд дуудлаа. Би ч нэг бодлын сайхан, нөгөө бодлын маш их айдастай очив. Тэгээд очоод хөгжимтэй хамт дуулаад үзсэн чинь намайг хүмүүс магтаж, тэр цагаас хойш төд удалгүй сумынхаа наадам дээр дуулж билээ. Эхлээд гарахад бүх хүн миний өөдөөс хараад суучихсан, би сандраад, тэгээд дуулаад дууссаны дараа хүмүүс алга нижигнэтэл ташиж байсныг дурсахад сайхан байна. Ингэж л дуучныхаа гарааг эхлээд мэргэжлийн дуучин болно гэсэн хүслээ биелүүлж, 2003 онд СУИС-д Дуурийн дуулаачийн ангид элсэн орж, 2008 онд МУСТА Гэрэлбаатар багшийнхаа удирдлаган дор мэргэжлийн дуучин болж төгсч байсан. Ингээд л бөх болох хүсэл маань нууцхан бодож явсан дуучин болох мөрөөдлөөр минь солигдсон. Гэхдээ нэг зүйлийг бахархаж ярихад уран бүтээлчдийн дунд нэгэн телевизээс жил бүрийн наадмаар зохион байгуулдаг бэсрэг наадамд сүүлийн гурван жил түрүүлж бараг л “аварга” шахуу болоод байна даа. Намайг ер нь гадуур цэргийн начин, сумын заан гэх зэргээр ярьж бичдэг ш дээ. /инээв/
-Та дуурийн дуучныхаа хувьд өөрийгөө сорино гэсэн бодол бий юү. Дуурийн эсвэл уртын дууны мэргэжил эзэмшсэн уран бүтээлчид бүгдээрээ л нийтийн дуунд хүчээ үзээд байгаа юм биш үү?
-Миний тэмбр, ахуйн хувьд дуурьт тохиромжгүй байж магадгүй. Би харин ч эсрэгээрээ уртын дууг илүү сонирхож байгаа. Дуурийн урлагаар дэлхийд нэрээ гайхуулж байгаа залуучууд, найзуудынхаа өмнөөс би бахархдаг. Би бол өөрийгөө дууриар арай болоогүй байх гэж бодож байгаа. Ямар ч байсан мэргэжлийг нь эзэмшсэнийх нэг тоглолт дээрээ дуурийн уран бүтээл хүргэх битүүхэн мөрөөдөл надад бий.
-Зах зээл дуучдыг үнэлдэг болсон. Таны хувьд дуу дуулаад хамгийн анх олсон мөнгөө юунд зарцуулж байсан бэ?
-3-р курст байхдаа анх дуу дуулсныхаа төлөө мөнгө авч үзсэн. Тухайн үедээ оюутан байсан болохоор авсан мөнгөөрөө найзуудыгаа дагуулаад рестораны хоол идэж үзсэн. Тухайн үедээ цайны газарт л хоол иддэг байсан болохоор ресторанд хоол идэж үзэх их сайхан байсан. Дараа нь өөртөө хувцас авч өмсөх, хөдөө байгаа аавдаа идээний дээж, ээждээ чихэртэй очиж байсан минь их л сайхан, бас амттай байсан даа.
-Хэдийгээр хүсч мөрөөдөж урлагийн хүн болсон ч гэлээ энэ салбар өөрөө жаргалтай гэхээсээ илүү зовлон ихтэй юм шиг санагддаг. Дунд нь буцалж яваагийн хувьд та юу гэж боддог вэ?
-Иргэнийхээ хувьд үзэх юм бол эдлэх эрх байдагтай адилхан үүрэг бас байх ёстой. Тэр дундаа уран бүтээлч, олны танил байна гэдэг бол хүрээлэн байгаа орчиндоо, нийгэмдээ хүлээх үүрэгтэй болдог. Бусдыг манлайлж байгаа учраас зовлонтой байсан ч гэсэн хариуцлагын хувьд ч тэр бүх зүйлд арай л өөрөөр хандах ёстой. Хэцүү зүйл олон байдаг ч жаргалтай үе бас адилхан бий.
-Олны танил байх мэдээж амаргүй л дээ. Тэр дундаа ийм сайхан хөмсөгтэй байх. Таниас хүмүүс асуумаар байдаг ч зүрхэлдэггүй байж магадгүй. Ялангуяа бүсгүйчүүд таны хөмсгийг их ярьж сонсогддог.
/инээв/ Би аавыгаа дууриасан хөмсөгтэй. Гэхдээ надаас илүү гоё хөмсөгтэй хүмүүс зөндөө байдаг. Аав маань их сайхан хөмсөгтэй хүн бий. Би эхэндээ хөмсөгний тухай ярианаас жаахан санаа зовдог байсан. Одоо бол дасчихжээ. Бараг миний “брэнд” ч болоод байгаа юм уу. Олон хүмүүсийн нүдэнд ил болохоор минийх содон харагдаж байгаа байх. Надаас их хөмсөгтэй хүмүүс зөндөө, тэд нарыг харахаар надад сонин харагдаад байдаг. /инээв/ Гэхдээ бүсгүйчүүдээс сайхан хөмсөгтэй гэсэн чин сэтгэлийн үгсүүд нэлээд ирж байсаан.
-Бүсгүйчүүд гэснээс уран бүтээлч хүний найдвартай ар тал бол хань ижил байдаг. Та өөрийгөө хэр сайн гэрийн эзэн, хэр сайн аав гэж дүгнэх вэ?
-Тэгэлгүй яахав. Уран бүтээлч хүний ар гэр гэдэг бол тэвчээртэй байдаг. Хоолойны бичлэгэнд ороод ч юм уу тоглолт тараад оройтоод ороход халуун хоол цайтай гэр бүлийнхэн маань угтана гэдэг хамгийн сайхан байдаг. Би эхнэртэйгээ, хүү, охиныхоо хамтаар ам бүл дөрвүүлээ амьдардаг. Замын түгжрэлд бухимдаад гэртээ ороход хүүхдүүд шуугилдаад угтах хамгаас сайхан байдаг. Анх аав болоход маш сайхан мэдрэмжийг авч байсан. Аав, ээж болох тэр үед өөрийнхөө аав, ээжийг бүр ч ихээр хайрлаж ойлгодог юм байна лээ. Би бол өөрийгөө “онц” гэрийн эзэн, “онц” аав гэж хэлэхгүй ч “сайн” дүн бол авчихна аа.
-Зан аашийн хувьд ямаршуухан характертай хүн бэ?
– Би ер нь хүүхэд байхын л нийгмийн идэвхи сайтай байсан. Зүтгэлтэй гэх үү дээ. Хичээлээс тарж гэртээ ирээд гараа угаачихаад хувцасаа ч солилгүй хичээлээ хийж байж л цайгаа уудаг хүүхэд байсан. Магадгүй, тэр зан маань одоо хүртэл салдаггүй, уран бүтээлийн араас хүртэл яг л тэр байдлаараа хөөцөлддөг.
– Дуучин, бөх болохоос өөр салбарт ажиллах мөрөөдөл байсан уу? Энэ талаар одоо бодож үздэг үү?
– Нэг их бодож байгаагүй юм байна. Зүлгэн дээр гэрээ бариад зүгээр л нэг амьдрахсан гэж хүмүүс ярьдаг. Энэ их гоё үг. Би хөдөө төрж өссөн болохоор одоо ч бүх зүйлээс холдмоор санагдаж, жаахан стрессдсэн үедээ хөдөө очиж амардаг. Адуу малтай ноцолдоод, уул усаа ширтээд амгалан тайван байх гоё л доо. Би магадгүй дуулаагүй байсан бол мундаг малчин байхыг үгүйсгэхгүй. Ер нь бол ирээдүйд таван хошуу малын захтай малчин болсон ч яахав дээ гэж боддог. Тийм амгалан, задгай амьдрал сайхан ш дээ.
– Ер нь амьдрал сайхан шүү. Бидэнд яривал илүү олон сэдэв байна. Тоглолт гээд зав бага учир ингээд өндөрлөе. Сүүлийн асуултыг танд үлдээе.
-Хэдийгээр баг болж ажиллаад сайхан тоглолт хүргэчих юмсан гэж хичээж, зүтгэж байгаа ч дотроо бас битүүхэн айдастай байгаад л байна. Өдөр товлогдоод, тоглох нь тодорхой болчихсон учир тэр өдөр ирдэгээрээ л ирнэ. Хамгийн гол үзэгчид маань хамт байж, хамтдаа дуулж нэг л сайхан үдэш өнгөрөх байх гэсэн хүлээлт дүүрэн байна. Намайг сонсдог, дэмждэг бүх уншигчид, үзэгч, сонсогчдодоо миний тоглолтыг зорин ирээрэй гэж чин сэтгэлээсээ хэлмээр байна.
– Цаг зав гаргасанд баярлалаа. Амжилт хүсье.
Сэтгүүлч Г.Тэгшжаргал /Wikimon/