Нэгэн найз маань би сүүлийн 8 жил огт уйлаагүй гэж нэг өдөр хэллээ. Гаднаас нь харахад тэр найз маань зүв зүгээр л инээж хөхрөөд яваад байгаа юм шиг, гэхдээ түүнд санаа зовоосон асуудал сүүлийн үед нэлээн их тулгарсан гэдгийг нь би мэднэ.
Юм л бол уйлж байж тайтгардаг миний хувьд олон жил уйлаагүй гэдэгт нь нэгдүгээрт итгэхэд хэцүү, хоёрдугаарт уйлахгүйгээр тэр бүхнийг дотроо хурааж байгаад нь санаа зовж эхлэв. Гэвч саяхан найзтайгаа дахин уулзахад нэг л сонин зүйлс ярьдаг болсон байгааг нь анзаарсан юм л даа.
Дубайгаас сүүлийн үеийн загварын машин авахаар боллоо, хэдэн зуухан сая юм байна, энэ ондоо багтааж 3 давхар хаус бариулж амьдарна аа л гэнэ. Эхэндээ өөртөө ийм их итгэлтэй байгааг нь хараад бас олон жил тэр хүнийг мэдэхийн хувьд худал ярих хүн биш гэдгийг нь мэдэх болохоор дэмий л гайхаад өнгөрдөг байлаа. Бас тийм их мөнгөтэй биш гэдгийг нь ч би мэднэ. Ингээд яагаад худлаа зүйл ярих болсныг нь бодон суутал гэнэт “би огт уйлахаа больсон” гэдэг үг нь толгойд харван орж ирсэн юм. Энэ бүх мод, төмөр шиг хатуужилтай байдал нь сэтгэцэнд нь нөлөөлж эхэлж байгаа юм биш биз дээ? гээд санаа зовж эхлэв.
Яаж хүн, тэр тусмаа залуу эмэгтэй хүн нулимс унагахгүй амьдралын саад бэрхшээлийг давах вэ дээ? Усан нүдэн гүнж шиг юм л бол уйлаад байх нь ч хаашаа юм гэхдээ л ганцаараа байхдаа, шүршүүрт орж байхдаа, хүн өрөвдсөндөө, баярласандаа, зүгээр л эрхэлсэндээ гээд уйлах шалтаг юу эс мундах вэ. Би уйлахгүй гэж шүд зуун, тэвчиж буй эмэгтэйн эр зоригийг бахдан дуулья гэвч нулимсаараа дэвтээж нимгэлээгүй стресс, сэтгэлийн зовнил нь дотор эрхтэн, тархи толгойнд нь хэчнээн муугаар нөлөөлж байгаа бол гэж бодохоос сэтгэл өвдмөөр. Сэтгэл хөдлөлөө нууж, дотроо хураадаг хүмүүс хорт хавдраар өвдөх магадлал ихтэй гэж би хувьдаа боддог. Үүнээс хойш уйлах тийм ч муу зүйл биш юм гэж бодож эхэлснээр энэ талаар жаахан судалгаа хийлээ л дээ.
Эрдэмтдийн баталснаар уйлах нь эрүүл мэндэд сайн гэнэ. Хүмүүс янз бүрийн шалтгаанаар уйлдаг. Сэтгэл хөндүүрлэм үйл явдлууд, дотны хүнээ алдах, өвдөх, удаан үргэлжилсэн стресс, ганцаардал, өдөр тутмын асуудлууд, хэрүүл маргаан гэх мэт. Мөн баярын, тайвшралын нулимс гэх ойлголтууд ч түгээмэл. Бүр нарийн анагаахын хэллэгүүд рүү ороод яахав, ерөнхийд нь ойлгоход стрессийн гормонуудыг нулимс гадагшлуулдаг бөгөөд уйлсны дараа хүмүүс тодорхой хэмжээний тайвшралыг олдог. Харин стрессийн гормоныг гадагшлуулахгүйгээр дотроо хадгалаад байвал уураг тархины эд эсүүдийг гэмтээж, тогтворгүй зан ааштай болох цаашлаад маш таагүй үр дагаврууд авчирдаг гэдэг нь тогтоогдсон гэнэ. Бясалгалын хичээл дээр нүдээ аниад багшийн хэлснийг сонсохоор аяндаа нулимс урсдаг нь бие өөрт хуримтлагдсан сөрөг хортой бодисуудыг гадагшлуулж буй хэлбэр юм.
Уйлахын сайн талууд нь:
1. Стресс бууруулна.
2. Эндорфин ялгаруулснаар зан ааш тогтворжуулна.
3. Нүд чийгшүүлнэ.
4. Найтаах хамрын хөндийг бактериас цэвэрлэдэг шиг уйлах нь мөн биеийн ерөнхий бактери утсгах, эсэргүүцэх чадварыг сайжруулна. Биеийг хоргүйжүүлнэ.
5. Амьсгалах хурдыг сааруулж, тайвшруулах үйлдэл үзүүлнэ.
6. Зөв нөхцөлд, дотно хүмүүсийнхээ хажууд уйлах нь холбоог бэхжүүлж, илүү сайн ойлголцох боломж олгоно.
7. Нэг их сүртэй зүйл болоогүй ч жижиг маргаан, багахан гомдлууд ч хуримтлагдвал стресс болох аюултай. Иймд тиймэрхүү мэдрэмжийг оройдоо багахан мэгшээд юмуу тэр дороо ариун цэврийн өрөөндөө ороод ганц хоёр дусал нулимсаар тайлж байвал сайн.
8. Тулгарч буй бэрхшээлийг хараагүй мэт царайлж зугтаж явснаас мэдрэмжтэйгээ нүүр тулж, нухацтай бодож уйлснаар амьдралд урагшлах боломж олгодог.
9. Уран бүтээлч хүмүүсийн нулимс ойр ойрхон байдаг. Тийм ч учраас тэд өөрийгөө, мэдрэмжээ сайн сонсож, уран бүтээлийн онгод нь ордог. Нэг үгээр хэлбэл уйлах нь тэдний бүтээлч чадварыг нэмэгдүүлдэг гэжээ.
Хэрхэн сэтгэлээ онгойтол уйлах вэ?
– Нулимс чинь асгарч эхлэх үед яагаад, юунаас болж уйлж байгаа талаараа, чухам юу чамайг тавгүйтүүлж байгаа талаар сайтар бод. Уйлж байх үедээ илүү нухацтай бодсоноор тухайн бодол чамайг үргэлжлүүлэн зовоох нь багасах юм. Жишээ нь: Комьпютер маань өдөржин хийсэн ажлаа хадгалаагүй байхад гэнэт унтарчихлаа. Би тэр ажлыг хийх гэж хэчнээн их хүчин чармайлт гаргалаа даа гэх мэт.
– Бас бусдаас тусламж эрэх, дэмжлэг хүсэх зорилгоор хүн уйлдаг. Ганцаараа уйлснаас найзтайгаа суугаад тухайн асуудлын талаар ярилцангаа уйлах нь асуудлын голыг олж ойлгох, өөрийн хараагүй өнцгөөс асуудалд хандах давуу талыг өгдөг. Мөн тэврэлт, инээмсэглэл, зүгээр л ямар ч үед найз нь чиний дэргэд байна гэдэг өгүүлбэр сэтгэл санааг өргөдөг.
– Хэрэв олны дэргэд уйлах гээд байвал давчдаад байгаа амьсгаагаа хянаж, жигд удаанаар амьсгалан биеийн зарим хэсэгт зангирсан булчингуудыг суллахыг хичээ. Үүний дараа өөрөөрөө бахархаж байсан мөчөө сана. Би заавал үүний ард гарч, хүссэн амжилтандаа хүрнэ гэж ээждээ амласан гэх мэт андгай тангарагаа сана. Өөртөө зааварчилгаа өгөх нь маш үр дүнтэй аргуудын нэг бөгөөд хэсэгхэн хугацааны сэтгэл хөдлөлөө хянаж, уйлахаа хойшлуулах тийм ч хэцүү биш байх болно. Харин гэртээ хариад хайрцаг сальфетка хажуудаа тавиад хүссэнээрээ уйлж болно.