Үргэлж итгэж, өөр шигээ хайрлаж байсан дотны найзтайгаа ам зөрөлдөөд нэлээдгүй хугацааг үджээ. Түүнтэйгээ эвлэрье гэж бодовч хаанаас эхэлж, хэрхэн ярилцахаа мэдэхгүй дэмий л өдөр хоногийг барна.
Тэглээ гээд түүнийг гэх орон зай үгүйлэгдэж ор тас ингээд орхиж боломгүй мэт санагдана. Уг нь бол өчүүхэн зүйлээс л болж муудалцсан шүү дээ. Эвлэрч болох л асуудал. Олон жилийн үерхэл минь ийм өчүүхэн зүйлээс болоод төгсгөл болох юм гэж үү, дээ хэмээн бодно. Найз гэдэг хүнд үнэ цэнэтэй зүйл болохыг өдөр өнгөрөх тусам, ганцаардах бүртээ мэдэрсээр л байна. Найзтайгаа эвлэрмээр байна, гэхдээ хэрхэн гэдгээ мэдэхгүй байна. Яах уу?
Сөрөг шийдэл: Өөрөө л надаас уучлалт гуйж, над руу холбоо барихгүй бол би лав түрүүлж уучлалт гуйж чадахгүй. Тэгээд ч би хүнээс уучлалт гуйж чаддаггүй. Түүний орон зай надад дутагдаж байгаа ч би лав түүн рүү түрүүлж залгахгүй. Яахав ингээд холбоогоо бүр мөсөн таслая гэж бодож байгаа бол түүнийхээр болно.
Эерэг шийдэл: Та хоёрын хэнийх нь буруу байх нь энд хамаагүй. Үнэхээр л тэр чиний хувьд эрхэм хүн мөн бол цаг алдалгүй түүнтэй эвлэрэх хэрэгтэй. Түүнийг хүлээж алгуурласаар байвал харилцаа чинь одоогийнхоосоо илүү хүнд болж мэднэ. Тиймээс аль болох хурдан, түүний сэтгэлд сэв суухаас өмнө харилцаагаа хуучин хэвэнд нь эргүүлэн аваачих хэрэгтэй. Хэрэв чамд холбоо барихад хэцүү байвал түүний эерэг талуудыг бод. Ингэвэл чамд илүү амар байх болно. Мөн энэ нь тэр чиний хувьд хэрэгтэй хүн гэдгийг чамд улам сануулах болно. Чи түүнтэй олон жил найзалсан бол түүний сайхан чанаруудыг өөрөөс нь илүү мэдэж байгаа. Өөрийгөө түүний оронд тавьж, үүсэн нөхцөл байдлыг тунгааж үз. Би тэр үед байсан бол яах байсан бол, найз маань яагаад тэр үед тэгсэн юм бол гэх мэтээр тал бүрээс нь бодож үз. Тэгээд найзтайгаа холбоо барьж нэгэн үдшийг урьдны адил халуун дотно сайхан өнгөрүүл.
Яагаад ингэх ёстой гэж?
1рт: Аливаа харилцаанд ямар нэг хагарал үүсэний дараа буцаад эвлэрэх үед хичнээн дотно найз нөхөд, амраг хосууд байсан ч хамаагүй урьдныхаа сайхан харилцааг гүйцдэггүй. Учир нь тэр хүнд би энэ хугацаанд түүнд хэрэггүй байж болсон юм чинь цаашид ч гэсэн хэрэггүй байх юм байна гэсэн ойлголт үүсдэгтэй холбоотой. Тиймээс найзынхаа сэтгэлд сэв суухаас өмнө асуудлыг хурдан шийдэх хэрэгтэй.
2рт: Магадгүй найзад чинь ч бас чиний орон зай дутагдаж байгаа. Чамтай эвлэрч урьдных шигээ сайхан баймаар байвч хэрхэн асуудлыг шийдэхээ мэдэхгүй байгаа. Тиймээс чи энэ нийтлэлийг түрүүлж уншсанаараа алхамыг түрүүлж хийгээд үзээрэй.
3рт: Сайхан хайр байдаг юм олвол алдаж болохгүй гэдэг шиг, галыг нь бадрааж чадсан сайхан нөхөрлөл гэж байдаг. Харин дээр нь ус цацчихвал унтархад амархан. Тиймээс цогийг нь бүр мөсөн бөхөхөөс өмнө буцааж сэргээгээрэй.
ГООЛИНГОО