Бодол үйлдэл болж, үйлдэл амьдрал болдог. Бодолдоо үрслүүлсэн үрээ зөв л суулгах юм бол амьдрал хэмээх мод олон салаа мөчир болон нахиалан ургана. Үүний тулд чи эхлээд хандлагаа, харах өнцгөө өөрчлөх хэрэгтэй болно. Тэгж гэмээнэ хүсэж байгаа амьдрал чинь, хийхээр зорьж байгаа өөрчлөлт чинь яг л чиний хүссэнээр биелэлээ олно. Тиймээс:
Эхлээд амьдралынхаа утга учрыг ол – Юу чиний амьдралд хамгийн чухал вэ, хэн чамд хамгийн үнэ цэнтэй вэ, амьдралаас хүсэж байгаа хамгийн чухал хамгийн сайхнан зүйлс чинь юу вэ, юу хэн чамайг аз жаргалтай болгодог вэ, жинхэнэ мөрөөдөл чинь юу вэ, гэдгээ эхлээд тодорхойл. Эдгээр асуултанд чи хариу эрснээрээ, олсноороо амьдралынхаа утга учрыг, явах зүгээ тодорхойлж чадах болно. Яг нэг зорилгогүй, мөрөөдөлгүй, зүг чиггүй бол энэ амьдрал дэндүү хайран биш гэж үү? Утга учиртай амьдрахын тулд утга учраа л эхлээд олох хэрэгтэй.
Мөрөөдлийн самбар хий – Яагаад үүнийг жагсаалтандаа оруулсан бэ гэж үү? Чамайг мөрөөдлөө илүү ихээр танин мэдэж, хаа холын зүйл, хэзээ биелэгдэх нь үл мэдэгдэх зүйл дотроо төсөөлөөд л өнгөрөх биш харин ч тов тодорхой мэдэж, хүсэл мөрөөдлөө дэргэдээ авчирч, түүгээрээ өдөр бүр амьсгалаасай гэсэндээ тэр. Самбар дээрээ мөрөөдлийн байшингаа, аялахыг хүсэж байгаа газар орноо, мөрөөдлийн ханхүүгээ, мөрөөдлийн гэр бүл, ажлаа гээд хүсэж байгаа бүх зүйлтэйгээ төстэй зургуудыг олоод наа. Харах бүртээ биелүүлэхийг маш ихээр хүсэх болно шүү. Хэрэв яаж хийхээ сайн мэдэхгүй байвал ЭНЭ нийтлэлийг заавал уншаарай. Чамд зураг, самбар хийх хатуу картон, цавуу, хайч л хэрэг болно. Мөрөөдлөө хажуудаа авчиръя л даа, тийм ээ?
Зорилгоо тодорхойлоод түүндээ хүрэх зорилтуудыг хий – Ганц л амьдрах юм чинь гэж бид олон зүйл дээр жишээ татан ярих дуртай шүү дээ. Тэгвэл ганц л амьдрах юм чинь зорилгоо тодорхойлоод тэдгээрийгээ тултал нь биелүүлцгээе. Амьдралыг чинь баялаг, утга учиртай, хийсэн бүтээсэнтэй байлгахад туслах үнэ цэнтэй зорилгуудаа тодорхойлоход заавал цаг гарга. Хэрвээ тодорхойлоод тэр л замаараа явж байгаа бол мэдээж сайн. Урт хугацааны, богино хугацааны гээд илүү тодорхой болгож түүндээ хүрэх үйлдлээ хүртэл тодорхой болгоорой. Зорилтууд чинь зорилгоо биелүүлэхэд, зорилго чинь мөрөөдөлдөө биелүүлэхэд туслана. Жижиг алхмууд том өөрчлөлтүүдийг авчирч, өдөр бүр бага багаар хийсэн үйлдэл чинь том зорилгод чинь хүргэнэ. Чи яагаад зорилгоо заавал тодорхойлох хэрэгтэйг, зорилготой хүн яагаад замаасаа хазайдаггүйг эндээс уншаад урам зориг аваарай.
Харууслаа тавьж явуул, харамсахаа боль – Гаргасан үйлдэл, хэлсэн үг, хийсэн сонголтдоо харамсан, харуусал тээж явах нь биднийг өнгөрсөн амьдралтайгаа зууралдахад хүргэдэг. Гэтэл бид өнгөрснөө тавьж явуулахгүйгээр ирээдүйгээ өөдрөгөөр төсөөлж, одоо сэтгэл хангалуун амьдарч чадахсан билүү? Хэрэв харуусал тээсээр л, өнгөрсөнтэйгөө зууралдсаар л байдаг бол энэ байдлаа даруй засаж өнгөрснөө хүлээн зөвшөөрч, уучилж, харамсаа болихгүй л бол юу ч өөрчлөгдөхгүй амьдрал чинь байсан байрандаа л, урьдынхаараа л байх болно гэдгийг санаарай. Чи өнгөрснийг өөрчилж чадахгүй ч одоог, бас ирээдүйгээ илүү сайхан байлгаж чадна. Харамслаа гээх нэг хөөрхөн арга зааж өгье. “Balloon Exercise” буюу бидний мэдэхээр агаарын шаар үлээх арга юм. Шааран дээрээ хар маркераар өнгөрсөнд чинь хүлж сэтгэлийг чинь өвтгөж, харамсахад хүргэсэн тэдгээр зүйлийг бичээд нэг нэгээр нь тэнгэрт хөөргө. Хөөргөхдөө “Үүрд, баяртай” гэж хэлээрэй. Туршаад л үз. Сэтгэл чинь хөнгөрч, цээжнээс том чулуу аваад хаячихсан мэт л санагдах болно. Одоо зөвхөн урагшаагаа л харж яв, хонгор минь.
Чамайг айлгадаг зүйлс чинь юу вэ? Тэднийг хий – Хэрэв чи нөгөө л нэг амар тайван бүсээсээ гарч, шинэ соргог зүйлд өөрийгөө туршихгүйгээр адал явдалтай, сонирхолтой, бүтээмжтэй амьдарна гэдэг бараг л худлаа. Өөрийнхөө жишээг ярьж өгье. Би бусдын өмнө гарч ярихаас үргэлж л эмээдэг, айдаг нэгэн байлаа. Их сургуулийн танхимд лекц тавих, олон оюутны өмнө ярина гэхээс л толгой эргээд ам ээрч, тохой чичирдэг байсныг тодхон санаж байна. Гэхдээ энэ бол оюутан болсон эхний 2 улиралд л тохиосон зүйл. Хичээлийн шаардлагаар үргэлж олны өмнө гэрийн даалгавар, семинараа тавих болсон тэр үеэс миний хамаг айдас дарагдаж, илтгэл тавьж сурсан билээ. Хэрэв би энэ айдсаа дарж чадаагүй бол гэрийн даалгаврын оноо ч үгүй, олны өмнө ярьж сурах ч үгүйгээр их сургуулийн амьдралаа дуусгах байсан. Айдастай тэмцсэнээр одоо хэний ч өмнө гарч ярихдаа асуудалгүй болсон шүү. Яг л үүн шиг “хийж чадахгүй байхдаа” гэж бодсон зүйлсээ зориг гарган хийж үзээрэй. Тэр бүхэн чинь чамайг гарцаагүй нэг шат ахиулж, хувь хүний чинь хувьд өсөн дэвжихэд тусалсан байх болно. Тухайн үедээ айх мэдрэмж төрөх ч дараа нь чамайг өөрөөр чинь бахархуулах болно шүү.
Өөрийгөө хүлээн зөвшөөр – Хүлээн зөвшөөрч чадсан энэ үеэс л хувь хүний сэтгэл хангалуун амьдрал эхэлдэг. Өөрийгөө үргэлж голж, алдаагаа хүлээн зөвшөөрч чадахгүй байж, бусадтай харьцуулж байгаа цагт сэтгэл санаа тогтвортой байж аз жаргалтай, амжилттай амьдарч чаддаггүй. Тиймээс өөрийнхөө сайн сайхан чанарыг ч, дутагдал сул талыг ч хүлээн зөвшөөр. Өнгөрсөнд гаргасан шийдвэрүүдээ ч, хийсэн алдаагаа ч мөн хүлээн зөвшөөр. Болох ёстой бүхэн болоод л өнгөрчихсөн учраас сэтгэлээ их зүйлд илээх хэрэггүй. Бас дутагдал чинь ч давуу тал чинь ч чамайг илэрхийлж, тодорхойлж бүтээж байдгийг үргэлж санаарай. Давуу талаа өнгөл, сул талаа хүлээн зөвшөөр, мэдээж засах боломжтойг нь зас, заавал бүгдийг нь байх албагүй, алхам алхмаар урагшил, өөрийгөө уучил, байх л ёстой зүйлийг байх л ёстойгоор нь хүлээн ав, нэгэнт өөрчлөх боломжгүй бол санаагаа чилээхээ болиод илүү сайхан зүйлсийн талаар бод, өөрийгөө хайрла. Дуртай хайртай амьдралаа өөрийнхөө гараар бүтээ. Зарим зүйлийг зүгээр л хүлээн зөвшөөрчих шиг амар зүйл үгүй.
“Яг одоо”-д амьдар – “Өнгөрснийг орхи” гэдэг үгийг энэ удаа орхиё. Зүгээр л яг одоо идэж байгаа хоолоо амтлан ид, утсаа оролдохоо болиод жаахан дүү нартайгаа үр хүүхдүүдтэйгээ цагийг хамт өнгөрөө, номондоо “орж” гол дүрээ өөрийгөө байна гэж төсөөлөн унш, найзуудтайгаа хамт кино үзэж салхинд гар, гэр бүлийнхнээ амттай хоолоор дайлан ширээ тойрон сууж залуу насаа, бага насаа дурс, ажлаа сэтгэлээсээ хий, ажлын цагийг үр бүтээлтэй өнгөрөө. Яг одоо юу хийж байна тэр бүхэндээ сэтгэлээ шингээж, амьдралын аз жаргалтай хорм бүрийг мэдрэн таашаа. Хэзээ хойно нь “тэр үе л жаргалтай байж дээ, юу ч анзаардаггүй хэнэггүй амьдарчдээ” гэж харамсахгүйн тулд яг одоо цагаа хайрлаж, яг одоод амьдарч сурах хэрэгтэй. Тэгж л байж чи хайгаад байгаа аз жаргалаа дэргэдээсээ олох болно.
Аз жаргалтайгаар суралц – Алдаа оноо, бүтэлгүйтэл, сэтгэлийн шарх, амжилт бүтээл бүхэн чиний амьдралд үргэлж шинэ хичээлийг, шинэ туршлагыг бий болгож байдаг. Амьдралын хичээлд суралцахын хамгийн гайхалтай тал нь чамайг аливааг өөр өөрөөр, олон талаас харахад, шинэ санааг бүтээхэд, шинэ зүйлсийг танин мэдэхэд, хийсэн бүтээсэн бүхнээсээ өөрийгөө олж харж танин мэдэхийг, олон зүйлийн талаар бодож эргэцүүлэхийг, аливаад ухаалгаар хандахыг, алдаагаа ахин давтахгүй байхыг гээд олон хичээлийг зааж сургадагт байдаг. Тиймээс сайн муу бүхий л туршлагыг хичээл гэж хүлээн аваад дараа дараагийн өдрүүдэд өөрийгөө аз жаргалтайгаар бэлтгээрэй.
Давуу тал дээрээ л төвлөр – Өөрийн хандлага, давуу талыг мэдэж ав. Чи эрч хүчтэй, дайчин, юуг ч хийхээс буцдаггүй бол өөрийн хүсэж буй зүйлсийг туршиж үзэхэд алдах зүйл үгүй. Харин төрөлхийн тооцоотой, хашир бол эрсдлийн тооцоо гаргаж, статистик үзүүлэлт, зах зээлийн судалгаа гэх мэт салбарт ажиллавал амжилттай байж болох юм. Энэ мэтчилэн өөрийгөө сайн мэддэг болох хэрэгтэй. Үүний тулд www.acyy.me рүү ороод өөрийнхөө төрсөн он сар өдрийг хийгээд мэдээллээ уншаарай. Энэ бол өөрийнхөө талаар бодож, өөрөө өөртэйгөө ярилцах сэдлийг төрүүлэх хамгийн амархан бөгөөд шалгарсан арга юм. Учир нь энэ бол 365 хоногийн өдөр тус бүрт төрсөн алдартнууд гэх мэт 20,000 хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, чиг хандлагыг 40 жил судалж гаргасан цогц мэдээлэл болон суурь Астралоги дээр үндэслэсэн судалгааны материал юм. Үүнийг уншсан хүмүүсийн 90% нь өөртэй нь таарч байсан тухай хариу илгээсэн байна. Та зөвхөн өөрийнхөө талаар мэдээд зогсохгүй, гэр бүл, хайртай хүнээ илүү таньж мэдэх хүүхдийнхээ төрөлх онцлогийг мэдэх маш үнэтэй мэдээлэл олж авах болно.