Залуучуудын холбооны ерөнхийлөгч асан О.Гэрэлт-Од Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд “Таван Богд” группээс KFC-ийн хөшөө барихтай холбогдуулан мэдээлэл хийлээ.
Тэрээр:
“Монгол улс түүхэндээ хоёрхон удаа үндэсний хэмжээний ногоон байгууламж байгуулсан юм байна. Өнгөрсөн зуунд хүүхдийн парк байгуулсан. Үүнийг нь Бодь групп, мөн тал талаас нь хэдэн хулгайч, олигархиуд жижиг, жижиг хашаалаад паркыг байхгүй болгосон. Дотор нь байсан ганц гайгүй ресторан одоо биеэ үнэлэгчдийн оромж болсон. Ийм байдалтай болсон.
Хүүхдийн паркыг 2005 онд НИТХ-ын шийдвэрээр хамтарсан ХХК болгож өөрчилсөн. Тухайн үед хотын даргаар М.Энхболд байсан.
Яг энэ арга, энэ замнал Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дээр болох гээд байна. “Таван Богд” группын захирал, “Алтан загасны үлгэр”-ийн эмгэн Ц.Баатарсайхан гуай Улаанбаатарын уушигнаас савраа татаа гэж хэлмээр байна. Үндэсний цэцэрлэгт хүрээлэн бол Улаанбаатар хотын нийт ногоон байгууламжийн 23 хувийг бүрдүүлдэг газар.
Би өнөөдөр энд аав хүний хувиар сууж байна. Жилийн дөрвөн улиралд хүүхдүүдээ тэнд аваачиж салхилуулж, агаарлуулж, уушгийг нь агаараар хооллодог газар байхгүй юу.Энэ газрыг нөхөр бетондох гээд, худалдаа, наймаа хийх гээд, KFC Land гэдэг юм барина гэнэ.
Өөрсдийнхөө KFC фэйсбүүк пэйж хуудсан дээр ингэж байгаа юм. Бид нар 2018 оноос хойш дүүрэг болгонд хандсан, нэг нь ч зөвшөөрч газар өгөөгүй гэж байгаа юм. Тэгэхээр тэр дүүргүүдэд хандсан албан бичгээ, дүүргүүдээс ирсэн хариу бичгийн хамт гаргаж тавиач ээ гэж байгаа юм.
Та бүхэн мэдэж байгаа “Таван Богд” групп Хөгжлийн банкнаас 100 гаруй тэрбум төгрөг авсан. Ганцхан тэрбумыг нь зориулалтын дагуу ашигласан. Говь үйлдвэр, төрийн ордны хажуу талын Галерейг яаж авсан юм.KFC нь л гэхэд бөөн генийн өөрчлөлттэй бүтээгдхүүнээр хүүхэд, залуучууд, нийт Монгол иргэдийг хордуулаад байж байна.
ХААН банк гээд гүйлгээ тутамд 100 төгрөгний шимтгэл авч байна. Жирийн иргэн дунджаар өдөрт 10 гүйлгээ хийгээд 1000 төгрөг татуулдаг гэх юм бол ХААН банк нэг сая хүнээр бодоход өдрийн тэрбум төгрөг шулж авч байна.
Энэ хүний шунал яасан ханаж цаддаггүй юм бэ?
Үнэхээр KFC-гийнхээ 10 жилийн ойд зориулаад нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хүүхэд, залуучуудад чиглэсэн соёл түгээх бүтээн байгуулалтын ажил хийе гэж байгаа юм бол хотын захын гэр хороолол руу хийгээч ээ.1.1 га газар гэдэг бол дунджаар 20 айлын газар юм билээ. Үнэхээр нийгмийн хариуцлагынхаа хүрээнд юм хийх гээд байгаа бол гэр хорооллын 20 нүхэн жорлон, 20 янданг байхгүй болгох боломж байна. Тэгээд гэр хороололд соёлыг түгээгээч ээ гэж “Таван Богд-ын захирал Ц.Баатарсайханд хэлмээр байна.
Хүүхдийн паркыг анх 37 га газартай 1965 онд тухайн үеийн манай Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн дарга н.Пүрэвжав гэж хүн өөрөө майхан бариад хаваржин, зунжин, намаржин ажиллаад байгуулж байсан байна.
Цэцэрлэгт хүрээлэнг УИХ-ын гишүүн Б.Саранчимэг анхны даргаар нь ажиллаад 975 га дээр ногоон байгууламж барьж амжилттай эхлүүлсэн. Суурь нь сайхан явж байсан. Одоо энэ цэцэрлэгт хүрээлэнг ногоон байгууламж, явган болон дугуйн замтай нь тийм л хэвээр нь байлгамаар байна. Улаанбаатарт агаарын бохирдол, тоос, шороо гээл олон асуудал байна. Тэгэхэд цэцэрлэгт хүрээлэн рүү л авч явдаг шүү дээ.
Үүн дээр та бүхэн бас дуу хоолойгоо хүргээч ээ гэж хүсмээр байна.
Өнөөдрийн хэвлэлийн хурал дээр олон залуус нэгдье гэсэн боловч одоо ингээд утсаа авахгүй алга болж байна. Эхнээсээ тэдэнд нөлөөлөөд эхэлсэн биз. Удахгүй хэвлэл мэдээллийн та хэд дээр ч бас нөлөөлөл ирэх биз. Нийт ард иргэд үүн дээр онцгой анхаармаар байна.
Том компаниуд энэ цэцэрлэгт хүрээлэнд эхлээд өөрсдийн нэрийн газартай болно дараа нь оффисоо барина. Тэгээд удахгүй НИТХ-ын шийдвэрээр хамтарсан ХХК болно. Яг л ийм загвар харагдаж байна.
“Таван Богд” ХХК сая цагаан сараар жижиг дунд, өрхийн бизнесийг булаагаад ууц, өвчүү хүртэл чанаад явж байсан шүү дээ. Ийм шунал нь дийлдэхгүй, “Алтан загас”-ны эмгэн болсон байна. Ц.Баатарсайхан Улаанбаатарын уушигнаас савраа татаарай. Хэрвээ тэнд газар шорооны ажил эхлэх л юм бол бид майхнаа барьж очоод тэнд суучихна. Үүнийг бол хатуу эсэргүүцнэ гэдгийг хэлмээр байна” гэв.