Хүн төрөлхтөн “хүлээтэй” бодлоосоо ангижирч, хүрч чадахгүй хүсэл бүхэн рүүгээ хүчилж зүтгэхээ больсоор удаж байна. Аливаа юмсаас утга учир хайхаа больж, амьдрахуйн мөн чанарыг л ухамсарлахыг хичээх болов. Байгаа зүйлдээ сэтгэл ханаж, баярлаж сурах нь бидний хувьд нэн чухалд тооцогдох болжээ. Сэвхтэй царай, муруй монхор хамар, өргөн шанаа, өтгөн хөмсөг, онигор нүд, орсгор шүд зэрэг өнгөрсөн хугацаанд бусдад өөлж, гоочлуулах шалтгаан байв. Өнөөдөр харин тийм биш. Гоо зүйн хэмжүүр гэх утгагүй ойлголт хөсөр хаягдаж, гоё сайхан байхын төлөөх тэмцэл ч улирч, хүмүүс энгийн байхыг эрхэмлэж буй.
Энгийн, эгэл жирийн байх хүсэл нь эргэн тойрон дахь хэн нэгний оршихуйг эсхүл өөрийгөө бүхэлдээ хүлээн зөвшөөрөх хандлагыг мөн илэрхийлнэ. Энэ нь яалт ч үгүй өнөөгийн нийгмийн сайн жишгүүдийн нэг юм. Өмнө нь бид бусдаас багахан ялгаатай, аль эсвэл өөрийн гэсэн өвөрмөц дүр төрх, өгөгдөлтэй хэн нэгнийг өөлөхөө л урьтал болгодог байв. Үүнээс болж олон хүн өөрийгөө бусдаас тусгаарлаж, онцлог чанараа үгүйсгэхэд хүрсэн. Гэхдээ тэд гэмтэн шиг амьдрахыг хүсээгүй. Тийм ч учраас өөрийгөө хүлээн зөвшөөрүүлэхийн тулд өөртөө хайртай байж эхэлсэн юм. Энэ энгийн алхам бусдад ч нөлөөлж, өнөөдрийн зөв жишиг нийгэмд тогтоод байна.
Энгийнээс энгийн
Ихэнх хүн нарийхан бэлхүүс, намирсан урт үс, цайвар арьс, эгдүүтэй хөөрхөн царайтай болох гэж хичээхээ больсон. Энэ хэрээр олонхийн дунд тогтсон гоё, сайхны талаарх ойлголт ч өөрчлөгдөж байна. Хэзээ мөдгүй сэвхтэй царай, бор арьс, онигор нүд “мода”-нд орно гэж хэн ч санаагүй байх. Гэхдээ одоо сэвхээ нуухын тулд элдэв бүтээгдэхүүн хэрэглэх шаардлагагүй болсон. Харин ч сэвхтэй байх нь гоо сайхны бас нэгэн илрэл болж. Улаан хацар, бор царай ч ялгаагүй өмнөх жишгийг өөрчилж чадсан. Энэ хэв маяг загварын ертөнцийн чиг хандлагад хүртэл эерэг нөлөө авчирсан. Хамгийн энгийн жишээ татахад, загварын салбарт туранхай, өндөр, урт хөлтэй бүсгүйчүүд дангаар цахиур хагалахаа больж, харин Plus size моделиуд эрчийг авч, дэлхийн томоохон брэндийн нүүр царайгаар тодрох болсон. Фото моделиудын хувьд ч ялгаагүй. Дэлхий нийт хэт чамин бүхнээс залхаж, энгийн рүү тэмүүлэх болсонтой холбоотойгоор томоохон компаниуд маркетинг, зар сурталчилгааны шинэчлэлээ энэ хүрээнд хэрэгжүүлэх болсон юм. Тухайлбал, Gucci брэнд илүү хүртээмжтэй байх үүднээс нийтлэг үнэлэмжийг эвдэж, гоо сайхны өөр хэмжүүрийг харуулаад удаж буй. Тус компани 2019 онд өөрсдийн нүүр царайгаар Элли Голдштейн гэх дауны синдромтой охиныг тодруулсан юм. Тэрээр Gucci Beauty болон Photo Vogue фестивалийн “Gucci” Beauty Glitch төслийн гол моделиор шалгарсан бөгөөд хүн бүхэнд өөрийн гэсэн өгөгдөл бийг нийгэмд таниулж байгаа эмэгтэй билээ. Түүнчлэн Victoria’s Secret ч ялгаагүй дауны синдромтой София Жирау гэх охиныг загварын багтаа оруулснаар дэлхий нийтийн гоо зүйн хэмжүүрт бүр хүчтэй нөлөө үзүүлсэн юм. Сайшаалтай нь манай улсад ч ялгаагүй хэт чамирхал “халаагаа өгч”, залуусын хандлага хүртэл өөрчлөгдөж байна. Хэдхэн жилийн өмнө үндэсний үйлдвэрлэгч “Говь Кашмир” зуны коллекцоо танилцуулахдаа нүүр царайгаараа “Албино” залууг онцолсон нь мөн л олны сайшаалыг хүртсэн юм.
Албино буюу цагаан хүмүүс
Хүн бүр өөрийн гэсэн онцлог, мөн чанартай. Энэхүү өгөгдөл зарим тохиолдолд бусдаас багахан ялгаатай мэт ойлголтыг төрүүлж болно. Гэвч үнэн хэрэгтээ бид бүгд ялгаагүй өөрийн гэсэн дотоод ертөнцтэй жирийн л нэг хүмүүс. Ялангуяа нийгмийн үнэлэмжинд эерэг өөрчлөлт авчирч буй хүмүүс бол яах аргагүй албиночууд. Харин бид “Албино”-чуудын талаарх ойлголттой харьцангуй хожуу танилцсан. Дэлхий дахинаа 20 мянган хүн тутмын нэг нь албинизм буюу өнгөний генийн төрөлхийн өөрчлөлттэй төрдөг бөгөөд арьс, үс нүдэнд байдаг пигмент болох меланиний дутагдлаас үүдэж, өвөрмөц төрхтэй болдог байна. Эдгээр хүмүүс дэлхийн нийт хүн амын нэг орчим хувийг эзэлдэг. Магадгүй уншигч та тэднийг аль нэг сэтгүүлийн нүүр царай болсныг, амьдралдаа сэтгэл хангалуун өөрийгөө бусдад илэрхийлж буй сэтгэл татам байдлаар хаа нэгтээ харсан байж болох юм.
М.Булгамаа
Анх өөрийгөө “Албино” гэж мэддэггүй байлаа. Би яагаад бусад хүмүүсээс ийм өөр, хэт цагаан юм бол л гэж боддог байсан. Хэдэн жилийн өмнөөс ийм төрлийн хүмүүс байдаг, би тэдний нэг гэдгийг илүү сайн ойлгодог болсон. Хүмүүс намайг заримдаа барбитай адилхан гэдэг. Элса шиг яасан хөөрхөн юм бэ гэх нь ч бий. Харин зарим нь надаас цочих тохиолдол гардаг. Гэхдээ надад хүмүүсийн хандлага нэг их хамаагүй санагддаг. Албино байхын гоё зүйл нь бусдаас өвөрмөц, бусдаас онцгой байх явдал юм.
Дан ганц албиночууд гэлтгүй хүн бүр өөртөө итгэх итгэлээ олж авч байгаа нь сайн хэрэг. Улиг болсон гоо зүйн хэмжүүрт “хүлүүлэхээс” илүүтэй өөрийнхөөрөө жаргалтай, сэтгэл хангалуун амьдрах нь хамгаас чухал болжээ. Хуучин муу кетээ хэдэн жил өмсөх, хулхи ориг нь хамаагүй байгаагаа хэрэглэх нь хэнд ч сонин биш. Заавал хөөрхөн байх албагүй. Загвар өмсөгчид шиг гоё, сайхан биетэй байх нь ч чухал биш. Өөрөө өөрийгөө хүлээн зөвшөөрөх байдал нь өрөөл бусдад хүртэл нөлөөтэйг ухамсарлах нь чухал.
Эх сурвалж: Үндэстний ТОЙМ сэтгүүл