Токио хотноо зохион байгуулагдсан 56 дахь удаагийн “Miss Japan” тэмцээнд Украин гаралтай Шийно Каролина гэх бүсгүй түрүүлж, багагүй шуугиан тариад байна. Зарим хэвлэлд бичсэнээр япон эмэгтэйн уламжлалт үзэсгэлэнг харуулах ёстой тэмцээнд барууны орны эмэгтэй ялсан нь уралдааны үзэл санааг устгалаа хэмээн хатуу шүүмжилжээ. Харин нөгөө талаас Каролина Японы иргэн тул Гоо бүсгүйн тэмцээнд оролцоход ямар ч саад байх ёсгүй гэж үзэж байгаа юм.
26 настай Шийно нь украин эцэг, япон эхтэй бөгөөд сүүлийн 20 гаруй жил Японд амьдарсан, Япон улсын иргэн юм байна. Тэрбээр таван настайдаа ээжийн хамт Японд ирж суурьшсан бөгөөд ээж нь япон хүнтэй дахин гэрлэж байжээ.
Каролина Шийно “Царай зүс минь гадаад хүн шиг харагддаг ч би Японд таван настайгаасаа амьдарч байгаа тул дотоод сэтгэл минь япон хүн. Намайг япон хүн гэж хүлээн зөвшөөрөөсэй гэсэндээ би энэ тэмцээнд оролцсон. Хүмүүсийг гадна төрхөөр нь ялгаварлан гадуурхдаггүй нийгэм бүтээхийг хүсэн мөрөөддөг. Би одоо царай төрх, бие хаа гол бараа болдог моделийн бизнест ажиллаж байгаа ч хүмүүсийн сэтгэл зүрхийг хөдөлгөхийг хүссэн” хэмээжээ.
2015 онд Miss Universe тэмцээнд Япон улсыг төлөөлөх эрхийг африк-америк гаралтай эцэг, япон ээжтэй Ариана Миямото гэдэг бүсгүй авахад бас ийм маргаан дэгдэж байв.