“Neuralink” ням гарагт /2024.01.28/ анхны удаа хүний тархинд микрочип суулгасан, тэр хүний биеийн байдал сайн байгаа хэмээн тус компанийн үүсгэн байгуулагч Илон Маск мэдэгджээ.
Маск даваа гарагт /2024.01.29/ Твиттер дээр нийтлэл бичихдээ “Анхан шатны үр дүнд тодорхой хэмжээний мэдрэлийн эсийн идэвхжил ажиглагдсан” гэсэн байна. Өнгөрсөн жил АНУ-ын Хүнс, эмийн захиргаа тус компанид хүн дээр тархины микрочипээ туршихыг зөвшөөрсөн.
Харин өнгөрсөн есдүгээр сард “Neuralink” саажилттай өвчтөнүүдийг туршилтад оролцуулахаар бүртгэж эхлэх зөвшөөрлөө авсан гэж мэдэгдсэн юм. Тус туршилтын хүрээнд робот ашиглан хүний тархи дахь биеийн хөдөлгөөнийг зохицуулдаг хэсэгт чип суулгана.
“Neuralink” компани анхан шатанд тархинд нь микрочип суулгасан хүмүүсийг бодлоороо компьютерын дэлгэц дээрх хулганын курсор, кибоард удирдаж сургах зорилготой юм. Тус микрочип нь тархинд үүссэн дохиог хүлээн авагч руу шилжүүлснээр, курсор кибоард гэх мэт зүйлсийг удирдана.
Маск Твиттер дээр бичсэн нийтлэлдээ “Neuralink” компанийн гаргах анхны бүтээгдэхүүнийг “Telepathy” гэж нэрлэнэ хэмээжээ. Зарим хүмүүс тус компанийн технологи аюулгүй эсэхэд эргэлзэж буй.
Өнгөрсөн арван нэгдүгээр сард АНУ-ын дөрвөн хууль тогтоогч Маск технологийн аюулгүй байдлын талаар хөрөнгө оруулагчдад худал мэдээлэл хүргэсэн эсэхийг шалгахыг АНУ-ын Үнэт цаас, биржийн хорооноос хүссэн юм.
Эх сурвалж: Reuters