Хөгжмийн продюсер, контент бүтээгч Н.Уринтай ярилцлаа.
-Урин гэдэг хүний дотоод ертөнц ямар вэ?
-Миний дотоод ертөнц хэн хүнээс ялгаагүй л гэж боддог. Цаг хугацаа нөхцөл байдлаасаа шалтгаалаад янз бүрийн өнцөг, тохой, булангуудаар аялдаг тэлдэг. Заримдаа агшдаг, сунадаг. Олон талтай ертөнц. Хүн бүрийнх л тийм байдаг байх.
–Сүүлийн үед юу хийж байна. Ямар уран бүтээл дээр ажиллаж байна?
-Сүүлийн үед уран бүтээл дээрээ түлхүү ажиллаж байна. Одоо ажиллаж байгаа уран бүтээлээ хэзээ, яаж, хаанаас эхэлж цацахаа төлөвлөж байна даа.
–Эхний цомгоо ЕР гэдэг нэртэйгээр гаргасан. Хоёр дахь цомгоо гаргах төлөвлөгөө бий юү?
-Эхний богино хэмжээний цомог бол дан гадаад хэл дээрх дуунууд байсан. Одоо монгол хэл дээрх бүрэн хэмжээний цомгоо гаргах бодолтой байна. Гэхдээ хэзээ гэдгээ сайн мэдэхгүй байна. Одоо бичиж байгаа дуунууд нийлээд нэг цомог болж ч магадгүй.
-Дууны үгс хэрхэн бүтдэг вэ, нөлөөлөгч хүчин зүйл бий юү?
-Энэ талаар надаас маш олон хүн асуудаг. Гэхдээ яаж тодорхой хариулахаа сайн мэдэхгүй байна. Зарим дуунууд гэнэт л далдын хүч миний биеэр дайрч гарсан мэт бичигддэг. Дараа нь тэр дуугаа сонсохоор өөрийгөө бичсэн гэдэгт итгэдэггүй. Зарим нь яг өөрийнхөө өнгөрсөн явдал, одоо эсвэл ирээдүйг зөгнөж бичсэн ч юм шиг дуунууд бий.
-Дуугаараа дамжуулж ямар нэгэн зүйлийг хүмүүст хүргэхээр зорьдог уу?
-Дуу болгон минь өөр өөр байдаг. Хүмүүст хүргэх гэхээсээ илүү өөрийнхөө байгаа байдлыг хөгжмөөр илэрхийлэх зорилготой. Түүнээс биш яг хүмүүст хүргэнэ гэж зорьдоггүй. Дан ганц уран бүтээлч гэлтгүй миний хийж буй контентууд хүмүүст чиглэсэн зорилгоор бүтдэггүй. Өөрийнхөө л амьдралын учрыг нь олох гэж хийсэн юмнууд минь эргээд миний туршлагаар дамжуулагдаад хүмүүст хүрч байна гэж боддог.
-Өөрийн хийж буй зүйлсдээ хэрхэн дурлах вэ?
-Аливаа ямар ч төрлийн ажлыг ажил гэж бодохгүйгээр хийж эхлэх нь урт хугацаандаа ажилдаа дурлах шалтгаан болж эхэлдэг дээ.
-Та сэтгэл хөдлөлөө хэрхэн удирддаг вэ?
-Удирддаг гэхээсээ илүү нэг шинэ зүйлийг сурсан. Өөртөө тухтай, аюулгүй, хүн амьтан шүүмжлэхгүй дарамтлахгүй тэр орчин нөхцөлөө бий болгоод тэр нөхцөлдөө сэтгэл хөдлөлөө ямар ч шүүлтүүргүй бүгдийг нь гаргана. Тэмдэглэл бичдэг ч юм уу, уйлдаг ч юм уу. Сэтгэл хөдлөлөө буй байдлаар нь гаргах нь эрүүл юм байна гэдгийг сурсан. Тэрнээс биш сөрөг сэтгэл хөдлөлөө бусдад эсвэл өөртөө хор уршигтайгаар гаргаж болохгүй. Зөв газраа зөв цагтаа зөв сэтгэл хөдлөлөө гаргах ёстой.
-Та нэг ярилцлагадаа “Би өөрийгөө эмэгтэй хүн, том хүн болж байна гэдгээ мэдэрч байна” гэж байсан. Ер нь том хүн гэж хэн бэ, ямар хүнийг том хүн гэдэг юм бэ?
-Миний хувьд том болно гэдэг биеэ авч яваа байдал ажил мэргэжил нөлөөлнө. Гэхдээ хүний туулсан амьдрал туулсан зовлон, аз жаргал нь хүнийг жинхэнээсээ сэтгэлээр нь том хүн болгодог юм болов уу гэж бодож байна.
-Таны зүгээс эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суурийг юу гэж боддог в?
-Манай улс сүүлийн 10, 20 жилд эрс өөрчлөгдсөн. Залуу үеийнхний хувьд сүүлийн таван жилийн хугацаанд эмэгтэйчүүд илүү байр сууриа бүтээж сурч байгаа юм шиг ажиглагдаж байгаа. Өмнө нь байр сууриа олох ёстой гэдгээ мэддэг ч яаж гэдгээ мэддэггүй байсан. Одоо бол илүү бие даасан, өөрийн гэсэн ертөнцтэй, ажил мэргэжлийн хувьд ч тэр амжилттай болж байна. Энэ нь нэг талаараа эрсдэлтэй байж болох ч нөгөө талаар бахархмаар өөрчлөлттэй цаг үе ирж ээ гэж хардаг.
-Нийгэмд эмэгтэй хүн гэхээр л хөөрхөн байх ёстой, гоё биетэй байх ёстой гэдэг тийм тогтсон хэмжүүр байх шиг санагддаг. Тэгээд тэр хэмжүүрт нийцэх гэж өөрийгөө голдог ч юм уу. Энэ тал дээр юу гэж бодож байна. Заавал тэр хэмжүүрт тааруулах ёстой юм уу эсвэл зүгээр л өөрийгөө хүлээн зөвшөөрөх ёстой юм уу.
-Би хувьдаа эмэгтэй хүний гоо үзэсгэлэн дэлхийг аварна гэдэгт итгэдэг. Гэхдээ гоо үзэсгэлэн гэдэг нь субьектив буюу харж байгаа хүнээсээ хамаардаг. Нэгэнд нь тэр эмэгтэй хөөрхөн, гоё харагдаж байхад, нөгөөхөд нь үгүй ч байж болдог. Заавал тэр хэжүүрт тааруулах шаардлагагүй. Эмэгтэй хүн болгон өөрийн гэсэн өвөрмөц шинж чанартай, өөр өөр туулсан амьдралтай. Тэр бүр нь давтагдашгүй гоо үзэсгэлэнг бий болгож байдаг. Өөрөө өөрийгөө хүлээн зөвшөөрнө гэдэг нь нэг хүн гоё ухаантай үг хэлээд л, өөрийнхөө туршлагыг яриад л хүлээн зөвшөөрчихдөг амар зүйл биш. Миний бодлоор хүн өөрөө өөрийнхөө зовлонг туулж, өөртэйгөө нүүр тулах шаардлагатай үе ирдэг. Үнэнтэйгээ нүүр тулж айдсынхаа зураасыг давах нь л өөрийгөө хүлээн зөвшөөрөх хамгийн том сорил, маш чухал алхам.
-Сүүлийн үед өөрийгөө олох эсвэл бүтээх, гэх зүйлсийг ярих болсон. Ер нь өөрийгөө олох ёстой юм уу, бүтээх ёстой юм уу. Та үүнийг хэрхэн хардаг вэ?
-Би өөрийнхөө хэмжээнд философи, уран зохиолын гэх мэт олон төрлийн ном уншиж үзсэн. Гэхдээ манай монголын зүйр цэцэн үг үнэхээр л мэргэн юм байна гэдгийг зүрх сэтгэлдээ ойлгосон. “Эзэн хичээвэл, Заяа хичээнэ” гэж ярьдаг шүү дээ. Энэ бол “эзэн” буюу хүний чөлөөт хүсэл эрмэлзэл байгаа гэдгийг нотолж байгаа юм. Өөрөөр хэлбэл, хүн хувь тавилангаас хамааралгүйгээр өөрөө сонголт шийдвэрээ хийдэг. Өөрийнхөө хувь тавиланг бүтээдэг тал бий. Нөгөө талаар “заяа” буюу хувь тавилан гэдэг биднээс далдуур зүйл байдгийг бас хэлж байгаа юм. Энэ зүйр цэцэн үг бол философийн өчнөөн зуун, мянган жилийн өмнөөс маргаантай байсан асуудлыг хоёр талаас нь эсрэгцүүлж хэлсэн. Чөлөөт эрмэлзэл хувь тавилан хоёр хувьсаж байдаг юм шиг санагддаг. Тэгэхээр энэ хоёр зүйл бол бие биеэ нөхөж байдаг. Энэ бол өөрийгөө олох, өөрийгөө бүтээх юм. Энэ бол маш гүн ойлголт. Ганцхан үнэн байна гэж юу байх вэ.
-Нэг талаас өөрөө өөрийнхөө хүссэн замаар явмаар байдаг. Гэхдээ нөгөө талаас хэн юу гэх бол гэдэг айдас байдаг. Ялангуяа эмэгтэй хүний хувьд хэн нэгнээс ирж байгаа сөрөг сэтгэгдэл маш хүнд тусдаг. Тийм үед айдсаа хэрхэн даван туулдаг вэ?
-Одоо арван жилээ төгсөж байгаа хүүхдүүдээс эхлээд 25 хүртэлх насныхан ерөнхийдөө чөлөөтэй, өөрийнхөө хүслээр амьдрах сонирхолтой болсон байна. Үүний сул тал нь маш их эрсдэлтэй. Гэхдээ миний бодлоор бусад хүмүүсээс ирж байгаа үгс бол огтхон ч хамаагүй. Мэдээж хайртай дотны хүмүүсийнхээ санал сэтгэгдлийг сонсоно. Гэхдээ эцсийн эцэст чи л өөрөө өөрийнхөө шийдвэрийн зовлонг өөрийнхөө л нуруун дээр үүрдэг. Чиний ээж, аав чинь үүрээд үүрээд үүрд хамт байхгүй шүү дээ. Бие даасан бие хүн болж байгаа бол гарах үр дагаврыг өөрийнхөө нуруун дээр үүрэх тэнхээтэй зоригтой байх ёстой гэж боддог. Чи өөрийнхөө хүссэн зүйлийг хийгээд аз жаргалтай байхад гэр бүл чинь илүү их баяртай байдаг.
-Өсвөр насныхан маш их контент хийдэг болсон байна. Мэдээж сайнтай муутай сэтгэгдлүүд олон ирнэ. Түүнээс болоод өөртөө итгэлгүй болох, өөрийн үнэ цэнээ алдах гэх мэт асуудлууд тулгардаг. Энэ тал дээр юу гэж боддог вэ?
-Ялангуяа өсвөр насны охид маш их контент хийдэг болсон байна. Ер нь контентын ертөнцөд эмэгтэйчүүд давамгайлж байх шиг санагдсан. Цахим янз бүрийн доромж үг, сэтгэл зүйн дайралтад өртөх магадлалтай дан ганц охид гэлтгүй хүмүүст өөрийгөө сэтгэл зүйн хувьд хамгаалж сураасай гэж хэлмээр байна. Мөн өөрийнхөө үнэ цэнийг битгий алдаарай, бусдад битгий булаалгаарай. Өөрийнхөө дотоод үнэ цэнийг өөртөө байнга сануулж, түүнийхээ төлөө тэмцэж, хамгаалах нь чухал. Эмэгтэй хүний үнэ цэнийг өөрөөс нь өөр хэн ч хамгаалдаггүй юм шүү.
-Ярилцсанд баярлалаа.
Бэлтгэсэн Э.Эрдэнэбилгүүн
https://itoim.mn/a/2024/03/07/guest/sfh