Ж.Лхагва 1942 онд Дорноговь аймгийн Хөвсгөл суманд төржээ. 1966 онд Киевийн политехникийн дээд сургууль, 1987 онд Москвад утга зохиолын дээд курсийг төгссөн.
1960 оноос уран бүтээлээ эхэлжээ. 1991 оны Монголын зохиолчдын эвлэлийн шагналтан. Хот хөдөөд эрчим хүчний байгууллага болон “Техник технологийн мэдээ”, “Үнэн”, “Бодлын солбицол” зэрэг сонин сэтгүүлийн газар ажиллаж байв.
Тэр “Саарал даага”, “Толгодын цаана ингэ буйлна”, “Сарны шороо” өгүүллэг тууж, “Хулангийн тоос”, “Шинэ ногоо ургадаг”, “Ахыг даасан хүн”, “Атга чулуу”, “Апаг чулуу”, “Дутуу хөрөг” зэрэг ном бүтээжээ. Түүнчлэн орос, испани хэлнээс олон ном орчуулж, хэд хэдэн кино зохиол телекино ба теле жүжиг бичсэн байна.
Түүний шилдэг бүтээлүүдийн нэг “Хайрын зурвас” өгүүллэгийг толилуулья.
***
Хайрын зурвас
Анхны хайрын тухай бодол адуунаас унтаж хоцорсон цагаан унага шиг сэтгэлийн манан дундуур янцгаан давхиж айсуй. Босовч суувч нэхэн дагасаар билээ. Анхны хайр минь хөвөнтэй ногоон дээлтэй, хоёр салаа гэзэгтэй торгон савхин түрийд шальгүй нарийдсан чилгэр бор шилбэтэй байжээ. Би завсарлага бүхнээр ангийн нь хавьцаа эргэлдэж, дараагийн нь завсарлагаанаар очих шалтгаанаа хичээл бүхэн дээр боловсруулан суудагсан. Түүний ангийнхан дээр очиж байхын тулд мөн ч олон хүүхдийн гэрийн даалгаврын тоог бодож өгсөн дөө. Орой ангидаа суугаад давтлага хийхэд онгорхой хаалгаараа чамайг хараасай гэж цааш нааш мөн ч олон гардагсан. Нэгэн шөнө ангидаа би түгжиж суугаад анхны хайрын захидлаа бичиж билээ.
Лааны гэрэлд цаасны өнгө шарланги, миний сэтгэл тогоотой сүү шиг дэврэн, анхны хайр минь өрөм шиг ариухан байжээ. Сурагчийн эмзэгхэн үзэг хайрын үгийг итгэлгүйхэн сийлэхдээ гэмт хэрэг хийж байгаа юм шиг үл мэдэгхэн чичрээд байсан.
Гадна талын хаалга дуугарахад давхийн цочиж, бичиж байгаа захидлаа шүүрэн авч базчихаад хөлийн чимээ тасарсан хойно, дахин өөр цаасан дээр бичиж байлаа. Тийнхүү шөнөжин бичсэн илгээлтээ өвөртөлчихөөд явж байхад тэрхэн зурвасны хэмжээгээр дөрвөлжин газар халуу шатаж би бээр улсын нууц хадгалсан төмөр авдар шиг хариуцлагад тохогдсоноо мөч бүхэнд ухаарч байсан. Түүнийг гардуулах эвтэй мөчийг хүлээн хэд хоносны эцэст сургуулийн довжоон дээрээс би чам руу чиглээд, трамплин дээрээс л үсэрчих шиг хоёр чих юм сонсохоо больж аврах гагцхан шийдвэр эх дэлхийн цагаан цас шиг чи минь ойрхон л юм шиг атлаа эрин өнгөрөх шиг хол байсан. Дотно байна гэж бодоод байсан чамайгаа хичнээн хөндий байсныг тэгэхэд л би гадарласан. Чи зурвасыг минь авчихаад хоёр салаа гэзгээ годогнуулж гүйх шахам булан тойрсон, би сургуулийн үүдэнд ургаастай юм шиг яахаа ч мэдэпгүй зогссоос байлаа.
Маргааш нь дөрөвдүгээр цагийн завсарлагаанаар танай ангийн Чимгээ ирж миний алгебрын номыг гуйгаад эгүүлэн авчирч өгөхдөө их л учиртай инээж нэг юм хэлэх гэсэн боловч хонх нэгэнт дуугарч, багш журналаа барьсаас айсуй тул анги анги руугаа эргэн гүйлдэнэ. Хичээл ид дундаа явж байхад номоо дэлгэвэл дөрөв нугалсан дэлбээ цазс нүднээ тусав. Түүнээс минь хариу иржээ. Номоо сэмхэн хамхиад саванд –хийвэл тийм хүндтэй юм хадгалж явахад хуучирсан муу цүнх минь их гологдож байх шиг санагдлаа.
Зүрхний цохилт түргэсэн хацар улайж, хуучин муу цүнхнийхээ оосроор гараа ороож барьчихаад хичээл тарахыг ирээдүй мэт хүлээв. Хичээл тараад хамт явдаг хүүхдүүдээс албаар хоцорч ганцаар дөлөн явсаар замын баруун овоон дээр гарч суугаад уул зурвасыг задлан үзлээ. Дэлбээн цаасны голд “10б-ийн тэнэг. Дахиад өгвөл багшид хэлнэ дээ гэж нямбай нь аргагүй бичээд нэрээ ч тавьсангүй. Би өндийн сууж зам руу харлаа.
Нөгөө аймаг даяар магтагдаад байгаа шинэ ирсэн эмч хүүхэн төмөр замын инженер залуутай хөхрөлдөн явна. Олигтой ч хүүхэн биш л байна Харин муу хуучин цүнх тэгтлээ гологдоод байхаар эд биш байлаа. Нөгөө зурвасны захын цагааныг таслан хаясаар суутал зөвхөн “1Об-ийн тэнэг” гэснийг нь үлдээв. Би түүнийг зажилж, зажилж залгичихлаа. Дотор сэтгэл хоёр адилхан горойж залгисан зүйл маань их л хатуу байлаа. Түүнийг зөөлрүүлэх гэсэн мэт аяндаа гарсан нулимс завьж даган аманд орсоор байв.
ДАЯАРМОНГОЛ