Болдсайхан сүүлийн үед дуугаа хураан нэг их бодол болсон хүн болжээ. Гутарсан, гомдсон сэтгэл нь тайвширч өгсөнгүй. Өөрийгөө зөвтгөж, өрөөлийг зүхээд ч нэмэр алга. Хуйлран эрчлэх салхи хамаг бодол санааг нь хийсгэн одож сэтгэл дэх гал бөхжээ. Өвчин хэлж ирдэггүй хийсч ирдэг гэдэг ч бид зарим өвчнийг зүгээр авчихдаг гэмтэй.
Гараа угаахгүй бохир заваан байвал шар өвчин, агаар дуслын замаар ханиад томуунаас эхлээд сүрьеэ өвчин тусаж болдгийг бүгд мэддэг болсон цаг. Өвчнөөс сэргийлэх талаар багагүй мэдлэг хуримтлуулсан. Мэддэг болсон ч хэнэггүй зангаасаа болж алдах нь их юм даа. Олон хоног үймэрсэн сэтгэл тайвширч алдаг оног бодох ухаантай болсон Болдсайхан өөрийгөө зүхэхээс хэтэрсэнгүй бас л хэд хонолоо.
Ажилтай бол ажилтай, амьдралтай бол амьдралтай хүнээс дутахгүй л сайхан аж төрж байлаа. Өөрийнхөө мэрийж зүтгэж байж босгосон амьдралаа нэг өдөр нураана чинээ санасангүй явж дээ.
Амархан ядарч сульдаад юм л бол өвчин авчих гээд байхаар нь эмчид үзүүлтэл ХДХВ тээгч болсноо сонсоод чихэндээ итгээгүй ч амьдрал орвонгоороо эргэснийг ойлгосон. Санаа дагаад ч тэр үү хүн болгон над руу хараад байгаа юм шиг санагдаад байж суух газраа олж ядна. Өчүүхэн чимээнээс хүртэл цочин, хулгай хийсэн мэт айж түгшсэн сэтгэлээсээ болоод турж эцэх боллоо.
Албан байгууллагынхаа төсөл, гадаад гэрээ хэлэлцээрийн голыг нуглаж хийсэн ажлын маань үр дүн гайгүй гарсан болохоор хамт олон маань надад санаа зовон наад биеэ бод, ажил олдоно эрүүл бие олдохгүй шүү амрах хэрэгтэй гэж зөвлөсний дагуу сэтгэл жаахан ч гэсэн тайвширч амрахаар боллоо. Гэсэн ч сэтгэл бүрэн дүүрэн тайвширч өгсөнгүй.
Тэгээд л итгэж явсан найздаа зориглон үнэнээ хэлсэн минь гай болох нь тэр. Амраад сэтгэл минь жаахан сэргэсэн би ажилдаа иртэл ДОХ-той гээд ажлаас халсан байлаа. Хүн болгон муухай харж, тааралдсан нэг нь яаруу ажилтай мэт зугтах нь холгүй надаас дөлнө. Гэм хийгээгүй байхад найз нөхдийн нүдэнд үзэн ядсан бас тохуурхсан дооглосон, мушилзсан муруйсан ам сэтгэл зүрх рүү зүүгээр хатгах мэт тун хэцүүхэн байсан.
Ингээд л итгэж явсан хамт олонгүй болж тэдэндээ нүд үзүүрлэгдэн гудамжинд хөсөр хаягдав. Мэдээж би амьдралд алдсан нь үнэн. Хань үр хүүхдүүдээ гомдоосон минь ч үнэн. Гэвч өвчтэй нэгнээ бид гадуурхан гоочилдоггүй биз дээ.
Аль болох сэтгэл санааг нь өргөж дэмжиж тусладаг шүү дээ. Гэтэл надад яагаад ингэж хандах болов. ХДХВ буюу ДОХ-той болсон болохоор тэр гэж үү. Зарим нэг өвчин шиг агаар дуслын замаар халдах биш. Гагцхүү над шиг тохиолдлын хавьталд орохдоо бэлгэвчгүй яавч орж болохгүй гэдгийг л сайн санаж явах хэрэгтэй. Хүний амьдралд юу эс тохиолдох билээ. Тэр л тохиолдолд би алдсан.
Мэддэг байсан ч ойр бэлгэвч байгаагүй болохоор гайгүй биз гэж итгэснээс алдсан. Би өөртөө гомдохоос бусдад гомдох эрхгүй. Мөн өөрт учирсан лай ланчигаа өөрөө л үүрнэ гэдгээ мэднэ. Өрөөл бусдад тараахгүй байх итгэл сэтгэл надад бий. Даанч хамт олон, найз маань миний нэр төрийг нэг мөсөн баллаж хаялаа. Би гарахаасаа ч айдаг болсон.
Монголчуудын маань уужуу тайван зан, өрөвч нинжин сэтгэл, хүн хүнээ гэсэн чин хүсэл энэ нийгмийн давалгаанд царцжээ. Энэ удаад би эцсийн найдварын ганц шижимнээс барин та нартаа хандаж байна. Амьдралд алдсан нэгнээ хайрлаж, тусч сайхан сэтгэлээр итгэл найдвар хайрлаач! Гуйя.!
А.Баярсайхан
Эх сурвалж: “Нийгмийн Толь”