Үдшийн 21:30-д “Брау хаус”-т яваад орлоо. Хаалга онгойлгомогц дотно аялгуу сэтгэл татан угтав. Хувцсаа яаран өлгүүлээд дотогш орвол өнөөх том Жагаа, бөмбөрийн Цоомоо, “Өргөө”-гийн Бархас гээд царай төрх нь ч дотно ах нар дуулж, хөгжимдөж байв. Хуучин танилтайгаа уулзах мэт цаанаа л нэг өег. Тухалж аваад сайтар ажваас дээр нэрлэсэн гурваас гадна Болоож, “хоовон” хэмээн авгайлдаг Энхбаяр тавуул тоглодог аж. Үйлчлүүлэгчид дүүрэн, сул суудал ховор. Ийм олон хүн гоё дуунд хөлсөө гартал бүжиглэдэггүй юм байх даа гэж бодтол тэд сонсч таашааж буй нь илт байсан юм. Дараагийн дуу эхэллээ.
Нартай борооны дусал шиг
Нүд гялбам хурцхан өнгөтэй
Найгаж байгаа ой шиг
Намуун зөөлөн аястай
Олны дунд жавхаатай
Онцгой нэгэн аястай
Чиний минь хайр
Сэтгэлийн минь жигүүр ээ
Намуухан улаан цэцэг шиг
Нүдэнд золбоотой
Мандаж байгаа нар шиг
Намуун зөөлөн аястай
Олны дунд жавхаатай
Онцгой нэгэн аястай
Чиний минь хайр
Сэтгэлийн минь жигүүр ээ
Танил ах нар ийн дуулж, хөгжимдөхөд хосууд тэврэлдэн бүжих нь хараа булаана. Дуулаад дуусахад нь ширээ ширээн дээр дуу шуугиан болж, “Жагаа ах аа, та шүү”, “Гавьяат ах нар гоё байна шүү”, “Нээрэн, Цоомоо ах аа, таныг удахгүй гавьяат авахын төлөө” гэхчлэн үг хэлж хундага харшуулж байлаа.
Энэ дууны араас “Соёл эрдэнэ”-ийн “Хүлээлт”, “Өргөө”-гийн “Алтан зул”, “Бүжээрэй” гэх зэрэг дотно дуунууд явсан. Тэгэхэд түрүүнээс хойш биеэ барих мэт суугаад байсан хүмүүс тэсэхээ байв бололтой олонх нь босч бүжиглэж байлаа.
Хажуугийн ширээний хоёрын ярьж байгаагаар бол “Брау хаус”-ын үйлчлүүлэгчид их л томоотой байгаа нь энэ аж. Харин Төмөр замд байдаг “Эргэн дурсахуй” цэнгээний газарт энэ уран бүтээлчдийг тоглоход суугаа хүн үлддэггүй, пирхийтэл босч бүжиглээд дараагийн дуу эхэлтэл талбай дээрээ байж л байдаг гэнэ. Тийм эрэлттэй болохоор тэр үү, уг “Эргэн дурсахуй” тaксaa 10 мянга болгосон ч гэж ярьж байв.
Ах нар нэг хэсэг дуулж хөгжимдөж байгаад завсарладаг юм билээ. Тэр үеэр бөмбөрчин Цоомоотой уулзаж, цөөхөн асуултад хариу авч амжсан юм.
-Танай хоёр хамтлаг хамтарч тоглоод хэр удаж байна?
-Ер нь сүүлийн жилүүдэд ингэж хамтарч тоглоод байгаа.
-Хаана хаана тоглодог юм бэ?
-“Брау хаус”, “Эргэн дурсахуй”, бас X хорооллын “Стелла” бааранд тоглодог.
-Та нар өөрсдөө хуучны дуунуудаа дуулахыг илүүд үздэг үү, үйлчлүүлэгчид хүсдэг үү?
-Хүмүүс хуучны танил дотно дуунуудаа сонсоё гэдэг. Хааяа шинэ бүтээл оруулахаар хүлээж авахаар сайнгүй санагдаад байдаг. Аль аль талын хүсэлт байгаа болохоор хуучны бүтээлүүдээ голдуу дуулдаг.
-Уучлаарай, та нарын тоглолтыг хэр үнэлдэг вэ?
-Гайгүй ээ. Жилээр гэрээ хийчихдэг юм.
-Сарын цалин гэж бодвол хангалттай байж чаддаг уу?
-Хангалттай хангалттай.
-Тэгэхээр олон жилийн өмнө бүтээсэн, олонд хүргэсэн дуунууд өнөөдөр та бүхний амьдралын баталгаа болж байна гэж үзэж болох уу?
-Бололгүй яах вэ, Биднийг тэжээж байна шүү дээ. Ах нар нь зах дээр оймс зарж чадахгүй, уул уурхайн компани байгуулж чадахгүй хүмүүс хэдэн дуугаа л зарж амьдарч байна даа. Үнэн нь л энэ.
-Сайн хэрэг биш гэж үү?
-Сайн сайн. Илүү харах юм алга, гомдоллож, гонсойх ч хэрэггүй. Хүнээс дутахгүй, сэтгэл хангалуун амьдарч л байна. Үзэгч, сонсогчид зүрх сэтгэл, оюун ухаанаараа биднийг хүсэмжилж байна гэдэг бид одоохондоо мартагдашгүй байна гэж боддог.
-Мартагдах нь бүү хэл домог болж мөнхрөх юм биш үү?
-Тэрийг хэлж мэдэхгүй л байна. Ямар ч байсан хийсэн бүтээснийхээ үр шимийг хүртэж л явна.
Бид ийн ярилцаж байтал ах нар тайзнаа гарах болов. Цоомоо ах ундаа ууж амны цангаагаа тайлсан ч юмгүй тоглохоор одлоо. Монголын рок поп урлагийн анхдагчид “Соёл эрдэнэ”, “Өргөө” хамтлагийнхныг харах бүр, дуу бүтээлийг нь сонсох тусам тэд өөрсдөө нартай борооны дусал мэт сэтгэлд гэгээ татуулсан сайхан хүмүүс юм аа гэсэн бодол төрөөд байлаа.
Р.ОЮУНЖАРГАЛ