Би та бүхэнтэй хүүхдийн хүмүүжлийн тухай санал бодлоо солилцъё. Өчигдөр би хүүхдийнхээ “Эцэг эхийн хурал”-д суухдаа охиныхоо надад зориулан бичсэн захидлыг уншаад нэгийг бодсон юм. Охин минь ийнхүү бичжээ.
“Ээж”
Ээж минь өглөө маш дургүйхэн босох юм
Ээж минь хоол хийхдээ ч уйтгартай харагдах юм
Ээж минь гэрээ цэвэрлэхдээ бөөн уур уцаар болчих юм
Ээж минь юм угаахдаа биднийг хашгичиж загнах юм
Ээж минь унтах гээд орондоо орохдоо л баясгалантай болчих юм
Хүүхэд гэдэг биднийг үргэлж харж байдаг байна.
Би ямар ээж вэ? гэсэн асуултыг өөрөөсөө асууж олон ном сэтгүүл уншиж судалсан. “Шийдвэрлэх нас” номыг уншиж эссэ бичих даалгавар охины минь багш өглөө. Хатуу хавтастай зузаан ном байсан. Анхандаа надад жаахан хүүхэдтэй эцэг эх л унших ном байна гэж бодогдсон ч унших тусам бүх эцэг эхчүүдэд, хүүхдүүдэд хамаатай болохыг ойлгосон. Үнэндээ би энэхүү номыг унших явцдаа “Шинэ сайн” ээж болон хувирч буйгаа мэдэрсэн.
Эцэг эхчүүдийн тэргүүн зэргийн үүрэг үр хүүхдээ зөв сайхан хөгжүүлэх явдал юм. Хэдийгээр нийгэмд тодорхой хэмжээгээр байр суурь эзэлдэг байлаа ч гэсэн хүүхдээ зөв хүмүүжүүлж чадаагүй бол эцэг, эхийн хувьд үүргээ биелүүлээгүй гэсэн утгаараа хүүхдээ өөрсдөөсөө илүү болгон өсгөж хүмүүжүүлэх хариуцлага ногддог. Амьтадтай адилхан зөвхөн үр удмаа л үлдээж байвал… гэсэн ойлголт байх нь утгагүй юм. Мэдээж эцэг, эх хүний хувьд үр хүүхдийнхээ төлөө хийх, өгөх зүйл багагүй байдаг. Эцэг эх бидний гүйцэтгэх хамгийн чухал хариуцлага гэж чухамдаа юу юм бэ?
Бага насандаа олж авсан гэрийн хүмүүжил хүүхэд ирээдүйд ямар хүн болоход хамгийн их нөлөө үзүүлдэг. Эцэг эхийн амьдрал дундах дүр зураг, хүнийг үнэлж байгаа үнэлэмжийг харан хүүхдийн зүрх сэтгэл төлөвшдөг. Хүүхэд зөв сайхан хүмүүжилтэй болох эсэх, ирээдүйд хүн бүгдтэй найрсаг дотноор харьцаж, аз жаргалтай амьдарч чадах ууө үгүй юуө гэдэг нь эцэг эх хүүхдийн харилцаанаас ихээхэн шалтгаална. Бүх харилцааны суурь үндэс нь гэр бүлийн харилцаа байдаг. Эцэг эх хоёр нь нэгдэж нэг хүн мэт санаа сэтгэлтэй байж чадаагүйгээс эцэг, эх хүүхдүүдийн харьцаа дотно байж чаддагүй. Хүүхдийн хүмүүжил гэхээр ихэнх хүмүүс зөвхөн эцэг эх үр хүүхдэдээ зааж заавардахыг хэлэх юм шиг өрөөсгөл ойлгодог. Хүүхдийнхээ хүмүүжлийг эцэг, эхчүүд маань өөрсдийнхөө харилцаанаас эхлэх ёстой.
Дараах гурван шаардлагыг эцэг эхчүүд хүүхдэдээ хамгийн их хэлдэг үгийн жагсаалт байдаг ажээ.
1. Хичээлээ давт
2. Эрт унт
3. Эрт бос
“Хичээлээ хий” гэж олон дахин үглэх нь хүүхдийн хичээл хийх хүслийг алга болгодог. Ялангуяа “Хичээлээ давт” гэдэг үгийг ээжүүдийн 90%, аавуудын 50% нь хэлдэг гэнэ. Гэвч энэ нь ихэнхдээ тодорхой үр дүнд хүрдэггүй. Хүүхдүүдийн саналыг сонсоход “Хичээл хийх хүсэл огт үгүй болчихдог” гэж хэлсэн байхад дөнгөж 20% нь “хичээл хийхээс болохгүй нь дээ” гэж боддог гэж хариулжээ.
Сургалтын үнэлгээ хүний боломж чадварын зөвхөн нэгээхэн хэсгийг үнэлдэг. Үүний уршгаар өөрийн хүсч байсан үнэлгээгээ авч чадаагүй хүүхэд тэр хэмжээгээр өөртөө итгэл алдахад хүрч, өөрийгөө бусдаас дорд үзэхэд хүргэдэг. 100 онооны үнэлгээнээс 60 оноог авбал уг шалгалтанд тэнцлээ гэж үздэг гэж бодоход авч чадаагүй 40 оноонд харамсахаас бус авч чадсан 60 оноонд амжилтыг тоодоггүй хүн олон байдаг. Ийм хүн өөрийгөө 100 оноо авна гэдэг ч өдий байна даа гэж бодож эхэлдэг.
Эцэг эхчүүд, багш нар бүх төрлийн мэдлэгийг хүүхдийн толгойд албаар чихэн оруулахыг хичээдэг. Ингэснээр хүүхэд хэзээ ч бие даасан байдалтай болж чадахгүй, мөн сэтгэн бодох чадвар ч хөгжихөө больдог. Хүүхэд асуудал дунд өөрөө орж ухамсартайгаар асуудлыг шийддэг болохын тулд тэднийг хөгжүүлэх боловсрол хамгийн чухал юм.
Хүүхдэд олон талын мэдлэг олгох нь чухал боловч хамгийн чухал нь хүнлэг, сайхан сэтгэлтэй байх явдал юм. Яагаад гэвэл энэ нь хүнийг аз жаргалтай байлгах үндэс суурь нь юм. Хүүхдийн хүнлэг сэтгэл гэдэг нь ээж, аавын хайраас бүрддэг. Хүний амьдралд дөнгөж хөл тавьж байгаа хүүхдүүд бусдын хайрыг амссанаар бусдыг хайрлахын утга учрыг мэддэг. Хүн болгонд хайрлагдсанаар улам их аз жаргалтай байж өөрийгөө өв тэгш болгон хүмүүжүүлэхийг зорьдог. Зөвхөн өөрийгөө бус бусдын тухай бодож чаддаг болно. Тийм хүүхдийг зөнд нь орхичихсон ч өөрөө өөрийгөө хөгжүүлж өөрийн гэсэн хүрээллийг бий болгодог.
Энэ хорвоод үртэй хүн хичнээн сайхан.
Орхон аймаг Баян-Өндүр цогцолбор сургуулийн 4 дүгээр ангийн
сурагч Э-гийн ээж Баярчимэг