Өнгөрөгч аравдугаар сард амжилттай зохиогдож өндөрлөсөн “Парисын авто шоу – 2012” арга хэмжээний үеэр “Mercedes-Benz SLS AMG – Electric Drive” автомашиныг танилцуулсан нь олон мэргэжилтний анхаарлыг татлаа. Учир нь тус автомашин одоогийн байдлаар дэлхий дээрх хамгийн хүчирхэг “цахилгаан” автомашинаар тодроод буй. Үүний зэрэгцээ урьдчилсан захиалгын үнийг 538.000 ам.доллараар тогтоосон нь “Бенз” компаний түүхэн дэх хамгийн үнэтэй төмөр хүлэгт тооцогдож байна.
Энэ загвараас өмнө гаргаж байсан “Mercedes-Benz SLS”-ээс даруй 2.5 дахин өндөр ханштай байгаа юм. Гайхалтай төмөр хүлэг нь 740 морины хүчин чадалтай, дөрвөн ширхэг цахилгаан мотортой, 6.2 литрийн багтаамжтай V8 хөдөлгүүртэй ажээ. Автомашины зах зээлд тэргүүлэгч “Lamborghini Aventador” загварын машинаас ч “хүчирхэг” гэгдэж байгаа “цахилгаан Mercedes” нь 100 км/цагийн хурдыг ердөө 3.9 секундэд бүрэн авна.
Мөн хурдны дээд хязгаар нь 249 км/цаг хүрэх гэнэ. Цахилгаан цэнэгээр ажилладаг түүний “мотор” нь дуу чимээ багатай учир тансаг зэрэглэлийн автомашин сонирхогчдод илүү таалагдана гэж төслийн удирдагч хэлсэн юм. Машины литиум хөргөлттэй ион зайг “Formula-1”-ийн хурдан хүлгүүдийн найдвартай түнш, баг хамт олон бүтээжээ.
Үүний дүнд нэг удаа буюу гурван цаг цэнэглээд 22 цаг цэнэгээ барих бүрэн боломжтойгоор шийдэж өгсөн байна. “Mercedes-Benz SLS AMG Electric Drive” машин Европын зах зээлд ирэх оноос худалдаанд гарна.