LEADERSHIP буюу манлайлал, манлайлагчын талаархи эргэцүүлэл
Докторант С.Санасэр
Twitter id: @ssanaser
Та өмнө нь хүмүүсийг, байгууллагыг удирдаж байсан уу? Хэрэв тийм бол бизнесийн болон байгууллагын сая сая удирдагчдад байнга тулгарч байдаг дараахи асуудлууд танд мөн тулгарч байсан байх. Байгууллагыг удирдахад тухайн удирдагчдад ямар нэг онцгой ур чадвар хэрэгтэй юу? Удирдагч хүний хийх ёстой хамгийн чухал зүйлс ер нь юу вэ? Яаж тааруу гүйцэтгэлтэй алба, хэлтэс, компанийг өөрчилж сайжруулах вэ? Удирдагч өөрийнхөө онцлог, зан чанараа тухайн нөхцөл байдал эсвэл ажилчдын онцлогт тохируулах шаардлагатай юу? Яагаад миний хэлж ярьж буй зүйлс хүмүүсийг идэвхжүүлэхгүй байна вэ? гэх мэт.
Дээрхи асуудлуудад менежментийн шинжлэх ухааны үүднээс зөв хариулт өгөхийн тулд удирдлага манлайлалын талаархи онолын судалгааны олон урсгал, чиглэл гарч ирсэн байдаг. Ялангуяа хувийн өмч давамгайлсан зах зээлийн нөхцөлд эзэд, байгууллагын удирдагч нарт энэ асуудлыг судлах нь эрэлт хэрэгцээ, хэрэглээ болдог. Тэр удирдлага, манлайлалын хэрэглээг өндөр түвшинд хэрэглэж чадаж байна уу эсвэл бага түвшинтэй байна уу? гэдэг нь удирдагч удирдах ур чадварыг хэрхэн эзэмшсэний илрэл болно.
Ур чадвар нь алдаагаа давтахгүй байх зөвхөн өөрийн туршлагаар хэмжигдэхгүй. Харин түгээмэл алдааг судлаж онол, аргазүйн үүднээс өндөр мэдлэг, соёлтой удирдаж манлайлалыг хэрэгжүүлэх нь удирдагчийн нийтлэг алдааг давтахгүй тойрч гарах, цаг хугацаа хожих, үр ашигтай ажиллах боломж бүрдүүлнэ. Үр ашиг бол удирдлагын зорилго, үүнийг хэрэгжүүлэхэд шаардагдах өргөн мэдлэг бол зорилгоо хэрэгжүүлэх мэргэжлийн чадвар юм. Чухамдаа манлайлал судлал нь оновчтой удирдлагын нэгэн эрэлт хэрэгцээ түүний дотоод элементүүдийн нэг юм.
Манлайлал бол амархан нүдэнд үзэгдэх, гарт баригдах, хэмжигдэх арга барил биш юм. Өөрөөр хэлбэл олныг араасаа дагуулж, цаг үргэлж гайхамшигтай зүйлийг бүтээж байдаг жинхэнэ манлайлагчийн шинж чанар, түүний хамт олныхоо өмнө хүлээсэн үүрэг хариуцлагыг ухамсарлан ойлгож энэ талаар хураангуй ерөнхий ойлголтыг хуваалцмаар санагдлаа.
Манлайлалын талаар зарим судлаачид доорхи санаа, тодорхойлолтыг өгсөн байдаг. Үүнд:
- Ажил хариуцагч өөрийнхөө хүссэн зүйлийг ажилтнаараа чин сэтгэлээс нь хийлгэх үйл явц юм. (Bennis, 1959)
- Өнөө үеийн манлайлагч гэдэг бол хүмүүсийг хөдөлгөж чаддаг, өмнө нь боломжгүй мэт харагдаж байсан зүйлийг хамтын хүчээр бүтээж, цаг үргэлж гайхам үр дүнд хүрч байдаг хүнийг хэлнэ. (Bennis)
- Багийн гишүүдийн ажлыг чиглүүлэх, хамтад нь уялдуулах явдал юм. (Fiedler, 1967)
- Тэд хийх ёстойдоо биш, хүсэж байгаа болохоор хийдэг гэсэн хүмүүсийн хоорондын харилцаа. (Merton, 1969)
- Байгууллагын зорилгыг биелүүлэхэд чиглэгдэж, зохион байгуулагдсан баг бүлгүүдэд нөлөөлөх үйл явц. (Roach&Behling, 1984)
- Хүсэж мөрөөдсөн боломжуудыг бий болгох нөөцөд төвлөрсөн үйл ажиллагаа. (Campbell, 1991)
- Манлайлагчийн ажил бол бүлгүүд үр ашигтай байхад чиглэгдсэн нөхцөл байдлыг бий болгох явдал юм (Ginnett, 1996) гэсэн байна.
Эндээс харахад маш олон чиглэлээр судлаач, эрдэмтэд өөр өөрсдийн өнцгөөр тайлбарлаж тодорхойлолт өгчээ. Иймээс судлаачид манлайлалын тухай нэгдсэн нэг тодорхойлолтонд хараахан хүрч чадаагүй гэж ойлгож болно. Энэ олон санааг агуулсан тодорхойлолтуудаас тус хэсэгт Роач болон Бэйлин (Roach and Behling) нарын “Байгууллагын зорилгыг биелүүлэхэд чиглэгдэж, зохион байгуулагдсан баг бүлгүүдэд нөлөөлөх үйл явц” гэсэн манлайлалын тодорхойлолтыг судлаачид нилээд нийтлэг гэж үздэг.
Манлайлал бол шинжлэх ухаан төдийгүй урлаг юм. Манлайлалын чиглэлээр эрдэмтэд 8000 орчим судалгаа шинжилгээний ажил хийгдсэн гэж үздэг (Bass&Stogdill’s Handbook of Leadership: Theory, Research&Managerial Applications /Bass, 1990/).
Гэхдээ манлайлал судлалын сайн онолч бүхэн сайн манлайлагч байх албагүй. Зарим сайн манлайлагч нар ямар нэг манлайлалын хичээл, сургалтын хөтөлбөрт хэзээ ч хамрагдаагүй байх нь ч бий.
Манлайлал бол ухаалаг, оновчтой байдал болон суу заль юм. Хүний үйл хөдлөл, бусдад үзүүлэх нөлөө ямар нэг учир шалтгаанаар юм уу логик уялдаа хамаарал, системтэйгээр бий болдог. Учир шалтгаан, логик, систем нь тухайн хүний онгод, хүсэл тэмүүллээс урган гарч байдаг. Хүн бүрийн бодол, мэдрэмж, хүсэл мөрөөдөл, хэрэглээ, зорилго, санаачлага, давуу болон сул тал өөр өөр байдаг учраас манлайлагчийн нөхцөл байдал нь нарийн төвөгтэй орчинд явагдана. Манлайлагч хүн ухаалаг, оновчтой байдал, суу залийн онцлогоороо өөрийгөө дэмжигч нарыг ямагт татаж, нөлөөлдөг. Жишээ нь: Мартин Лютер Кинг (Dr.Martin Luther King) олон хүнийг хийх ёстой зүйл рүү нь хөдөлгөж чадсан байдаг. Тэрээр хүмүүсийн зүрх, сэтгэлд өөрийн арга, онцлогоор нөлөөлж үнэнч дэмжигчидийг бий болгосон байна.
Менежмент, манлайлалын хоорондын хамаарлыг авч үзсэнээр бид манлайлалын талаар илүү гүнзгий төсөөлөлтэй болно.
Менежмент гэдэг үгийг удирдахуй, үр ашиг, төлөвлөлт, бичиг цаасны ажил, үйл ажиллагаа, журам, хяналт гэх мэт агуулгуудаар төлөөлүүлж ойлгодог.
Харин манлайлалын хувьд тэргүүлэх, эрсдэл даах, эрч хүчтэй байх, бүтээлч байх, өөрчлөлт хийх, алсын хараа гэх мэт утга, агуулгуудтай холбож тайлбарладаг.
Менежер, манлайлагчийн хоорондын ялгааг дараах байдлаар авч үздэг (Bennis, 1989). Үүнд:
- Менежерүүд шийдвэрийг хэрэгжүүлдэг; манлайлагч нар шинийг эрэлхийлдэг.
- Менежерүүд ажлыг хэвийн явуулдаг; манлайлагч нар хөгжүүлдэг.
- Менежерүүд удирддаг; манлайлагч нар өдөөдөг.
- Менежерүүд богино хугацааны чиглэлтэй; манлайлагч нар урт хугацааны хандлагатай.
- Менежерүүд яаж, хэзээ гэж асуудаг; манлайлагч нар юуг, яагаад гэж асуудаг.
- Менежерүүд дууриадаг; манлайлагч нар шинийг бий болгодог.
- Менежерүүд бодит байдлыг хүлээн зөвшөөрдөг; манлайлагч нар хүчин чадлаа бэхжүүлэхийн төлөө байдаг.
Дээрхи ялгаануудаас дүгнэвэл сайн манлайлагч хүн менежерийн албан тушаалд томилогдож чадвал тухайн байгууллагад гайхам үр дүнг бий болгодог гэж хэлж болохоор байна. Эсэргээрээ манлайлагч биш хүн менежер байж болох бөгөөд энэ нь тухайн байгууллагад үр ашиг муу байдаг.
Манлайлалын талаар судлаач, эрдэмтэд судалсаар ирсэн байдаг бөгөөд хөгжлийн хандлагыг цаг хугацааны ангилалаар авч үзвэл:
I. Генетикийн хандлага: Манлайлалыг тайлбарлах оролдлогын хамгийн эртний хэлбэр нь генетикийн хандлага юм. Энэ хандлага нь манлайлагч бол төрөлхийн онцгой байдаг учраас түүнийг бий болгох боломжгүй гэж үздэг байсан.
II. Хувийн шинж чанарын хандлага: Энэ хандлага 1930-1940 оны үед хамгийн эрчимтэй хөгжиж байсан. Манлайлах нь байгалиас заяасан авъяас юм гэж үздэг.
III. Зан байдлын хандлага: Энэ нь харилцааны ур чадвар сайтай хүн манлайлагч байна гэж үздэг. 1960-1970 оны үед хөгжиж байсан хандлага юм.
IV. Нөхцөл байдлын хандлага: Энэ хандлага тухайн орчиндоо дасан зохицох чадвартай хүн манлайлагч байна гэж үздэг. 1980 оноос хойш хөгжиж ирсэн хандлага юм.
Ер нь бид манлайлагч хүн гэхээр удирдагч, дарга гэсэн хандлагаар ханддаг. Дээрхи багаахан баримт, үндэслэгээг авч үзсэнээр манлайлагч хүн заавал удирдагч байх албагүй бөгөөд тэр байтугай муу дарга нар хэзээ ч манлайлагч байгаагүйг олж харж болохоор байна. Хөгжиж байгаа манай улс шиг орны ялангуяа залуу эрч хүчтэй насан дээрээ яваа оюутан залуучууд, ер нь хүнд байх ёстой нэгэн чухал шинж чанар бол манлайлагч шинж чанар бөгөөд цаг үргэлж гайхам амжилтыг бүтээж байх ёстой гэж ойгогдном.
2012