Эмэгтэйн бэлэг эрхтний тогтолцооны насны үйл ажиллгааны онцлог хүчин зүйлсээс шууд хамааралтай байдаг. Юуны түрүүнд эмэгтэйн амьдралын үеүд чухал ач холбогдолтой билээ. Дараах үеүдэд хувааж үзнэ. Үүнд:
1. антенаталь буюу эхийн хэвлий дэхь хөгжилийн үе
2: хүүхэд ахуй үе(төрсөн мөчөөс 9-10 нас хүртэл),
3: бэлэг бойжлын буюу балчир үе ( 9-10 наснаас15-16 нас хүртэл ),
4: өсвөр насны үе ( 16-18 нас хүртэл),
5: бэлэг хөгжлийн буюу хүүхэд төрүүлэх насны үе (18-40 нас хүртэл),
6: шилжилтийн буюу цэвэршихийн өмнөх үе (41-эас 50 нас хуртэл),
7. хөгшрөлтийн буюу цэвэршилтийн дараах үе (биений юмны үйл ажиллгаа бүрэн зогссон мөчөас эхэлнэ).
Хэвлий дэхь хөгжлийн үед ургийн нийт эрхтэн, тогтолцооны тухайлбал бэлэг эрхтний эхлэл танигдан өсч хөгжинө. Хэвлий дэхь хөгжлийн үед эмэгтэйн бэлэг эрхтний үйл ажиллагааны зохицуулалтанд оролцдог чухал эрхтний нэг болсон өндгөвчний эхлэл тавигдаж хөгжинө.
Эм хүйсний үр хөврөлийн хөгжлийн эхний шатанд (жирэмсний хугацааны 8 долоо хоног хүртэл) ирээдүйн өндгөвчүүдийн үр хөврөлийн үүсвэрт хөврөлийн анхдагч эсүүд буй болно. Жирэмсэн тээгдэж үргэлжлэх явцад бэлгийн хөврөл ялгаран хөгжиж улмаар анхдагч фолликулууд үүснэ. Эхлээд ургийн өндгөвчинд хэд хэдэн сая анхдагч фолликулууд үүсдэг. Цаашдаа охин төрөх үед тэдгээрийн тоо 400,000-500,000 хүртэл цөөрнө.
Xэвлий дэхь хөгжлийн хугацаанд янз бүрийн хүчин зүйлс (хордлого, хурц ба архаг халдвар, туяа цацраг, эмийн бодисууд, бусад үр хөврөл болон урагт сөрөг нөлөө үзүүлж гэмтээхэд янз бүрийн эрхтэн, тогтолцооны тэгэх тусмаа бэлэг эрхтний хөгжил саатагдаж гажиг үүснэ. Ийнхүү үүссэн төрөлхийн гажиг хөгжил эмэгтэйн бие махбодын өвөрмөц үйл ажиллагааг өөрчилж согогтой болгоно. Дээр дурдсан хүчин зүйлсийн нөлөөгөөр үр хөврөлийн хөгжил алдагдаж биений юмны мөчлөгийн зохицуулах төвүүд гэмтэнэ. Үүнээс бодоод бэлэг бойжлын үед охидод биений юмны янз бүрийн хямрал үүсч цаашдаа үр хүүхэд төрүүлэх боломжгүй болно.
Хүүхэд ахуйн насны үед бэлгийн тогтолцоо харьцангуй тайван байна. Төрснөөс хойш хэдхэн өдрийн хугацаанд үйлчилгээ нь дуусаж буй ихсийн стероид даавруудын нөлөөгөөр (ихэвчлэн эстрогенуудын) охидод бэлгийн хөдлөлийн үзэгдэл (мээмний булчирхай томрох үтрээнээс цусархаг ялгадас гарах) илэрч болно. Хүүхэд ахуй насны, бэлэг эрхтний тогтолцоо аажим явцтайгаар өсч хөгжих, боловч умайн биений хэмжээнээс хүзүүний хэмжээ том, гуурсан хоолойнууд муруйж тахиралсан, өндгөвчинд хөгжил гүйцсэн фолликул байхгүй зэрэг тухайн насны онцлогууд хадгалагдана. Бэлгийн хоёрдогч шинжүүд илрэхгүй.
Бэлэг бойжлын үед бэлэг эрхтний тогтолцооны тухайлбал умайн (их биеийн) өсөлт харьцангуй түргэн явцтайгаас гадна бэлгийн хоёрдогч шинжүүд үүсч хөгжинө. Эмэгтэйн галбир төрх орно (тэгэх тусмаа аарцаг), бэлхүүс, мээмний орчмоор өөхлөг хуралдана, эхлээд умдагт дараа нь суганд үс ургана. Хамгийн тод шинж бол анхны удаа биений юм эхлэн ирнэ. Биений юм анх удаа ихэнх тохилдолд 12-14 насанд ирнэ. Цаашдаа 1/2 -1 жилийн хугацаанд биений юм тогтвортой биш, ихэвчлэн бэлгийн эс гадагшлах процесс явагдахгүй талтай. Ийнхүү биений юм голдуу нэг мөчлөгтэй ирнэ.
Ингэж биений юм эхлэн ирж тогтвортой болох процесс харааны товгорын нөлөөлөгч хүчний, өнчин тархины гонадотропин даавруудын,өндгөвчийн стероид даавруудын нөлөөн дор, тэдгээрийн шууд зохицуулалтанд явагдана. Өндгөвчийн дааврууд, умайн салст давхарганд явагдах мөчлөг бүхий үечилсэн өөрчлөлтөнд зохциож тохирсон үйлчилгээ үзүүлнэ. Өөрөөр хэлбэл өндгөвчийн даавруудын нөлөөгөөр умайн салстад зузаарч xөвсийx, шүүрэх, хуурах өөрчлөлтүүд явагдана.
Өсвөр насны үеийг шилжилтийн насны үе хэмээн нэрлэнэ. Энэ насанд бэлэг хөгжлийн үед шилжих шилжилтийн өөрчлөлтүүд явагдана.
Бэлэг хөгжлийн үе нилээд удаан үргэлжилнэ. Өндгөвчинд полликулууд боловсрон эм эс гадагшлах байнгын шар бие үүсч хөгжих тогтмол процессын үрээр энэхүү бэлэг хөгжлийн үед эмэгтэй жирэмслэх бүх нөхцөл, боломж үүснэ. Төв мэдрэлийн тогтолцоонд, өндгөвчинд, умайд өвөрмөц мөчлөгт өөрчлөлтүүд явагдах нь эмэгтэйн бэлэг эрхтний тогтолцооны үйл ажиллагаа хэвийн байгааг нотлох үзүүлэлт бөгөөд гадаад байдлаараа биений юм тогтвортой ирэхээр илэрнэ.
Цэвэршилтийн өмнөх үед бэлэг хөгжлийн байдлаас хамаарч биений юмны үйл ажиллагаа зогсож, хөгшрөлтөнд шилжинэ. Энэ үед эмэгтэйд биений юмны үйл ажиллагааны янз бүрийн хямрал үүснэ. Эдгээр хямрал насжилтай холбоотойгоор бэлэг эрхтний ажиллагааг зохицуулах төвийн механизм өөрчлөгдсөнтэй нягт уялдаатай үүснэ.
Хөгшрөлтийн үед эмэгтэйн бие махбодид, бэлэг эрхтэнд гарах эргэх хөгжилтэй уялдаж биений юм бүрэн зогсоно.
Эмэгтэйчүүдийн амьдралын үеийн насны байдалтай бэлэг эрхтний өвчний гаралтын давтамж холбоотой. Хүүхэд ахуй насанд гадна бэлэг эрхтэн үтрээн үрэвсэлт өвчнүүд илүүтэй үүснэ. Бэлэг бойжлын үед умайн үйл ажиллагааны алдагдалтай цyc алдалт, биений юмны ажиллагааны бусад хямралууд элбэг тохиолдоно. Бэлэг хөгжлийн үед бэлэг эрхтний үрэвсэлт өвчнүүд янз бүрийн гаралтай биений юмны мөчлөгийн алдагдлууд, бэлэг эрхтний уйланхайнууд, үргүйдэл олонтой гарна. Амьдралын энэ үеийн эцэст бэлэг эрхтний хоргүй, хортой хавдруудын давтамж нэмэгдэнэ. Цэвэршилтийн өмнөх үед үрэвслийн процесс цөөн, харин биений юмны ажиллагааны хямрал (цэвэршилтийн цyc алдалт), хавдрын процессүүдын давтамж мэдэгдэхүйц ихэснэ. Цэвэршилтийн дараах үед бэлэг эрхтний доошлолт ба урвалт, хавдрын процессууд, ялангуяа хортой явцтай хавдар элбэг тохиолдоно. Эмэгтэйчүүдийн өвчнүүдийн насны онцлог нь үндсэндээ амьдралын тухайн үеүдийн эмэгтэйн бие махбодын анотоми -физилогийн онцлогоор тодорхойлогдоно.
www.miss.mn