Ц.Ширчинжав: Царгасаа бид их тариалвал мал осгож үрэгдэхгүй, амьдын жин нь улам л нэмэгдэнэ. Ийм л ашигтай ургамал…
Монголчууд царгасаа мартжээ гэж хэлэхэд болохоор байна. Мал байтугай хүн ч идэж болдог царгасаа бид тарьж ургуулахын оронд өөр юм яриад суудаг болж. Олон жил царгас тарьж байгаа Төв аймгийн “Дэвших Түвшин” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Ширчинжавтай ярилцаж суухад дээрх бодол төрж байлаа. Царгас малын шимт тэжээл болдогоос гадна газрыг нөхөн сэргээдэг тул уул уурхайнханд хэрэгтэй, түүнээс гадна боловсруулаад хүнсэд хэрэглэдэг, ийм олон талын хэрэгтэй ургамал аж.
-Танайх хөдөө аж ахуйн салбарт арав гаруй жил ажиллаж байгаа юм байна. Ажлаа анх юунаас эхэлж, одоо юу хийж байна гэдгээс ярилцлагаа эхэлье?
-Манайх 1994 онд “Дэвшил” ХЭАА байгуулж газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэж эхэлсэн. 2003 оноос аж ахуй эрхлэх хэлбэрээ өөрчлөн өргөтгөж “Дэвших- Түвшин” ХХК болсон юм. Түүнээс хойш 14 дахь жилдээ хоёр мянга га газар эзэмшин тасралтгүй ажиллаж байна. Манайх газар тариалангийн үйлдвэрлэл эрхлээд зогсоогүй тусгай зөвшөөрлөөр мэргэжлийн байгууллагын ажил үйлчилгээг мөн хийдэг. Энд газар зохион байгуулалт, газрын төлөв байдал, га-ын тариаланг хянан баталгаажуулах, уурхайн орд болон талхлагдсан бэлчээр, хөрсний эвдрэлд орсон атаршсан тариалангийн газарт биологийн нөхөн сэргээлт хийх зэрэг ажлыг хийдэг. Мөн нутагшсан бургалтай сортын царгас, Сибирийн өлөнгө, голын хиаг, мангир зэрэг дөрвөн төрлийн үрийг жил бүр 10-14 тн-ыг хураан авч зах зээлд нийлүүлж байна. 2006 онд бид БОЯ-наас мэргэжлийн байгууллагын эрх авч, энэ чиглэлийн үйл ажиллагаагаа жил бүр өргөжүүлэн, хөгжүүлж амжилттай ажиллаж байна.
-Одоо хоёулаа царгасын талаар ярилцья. Нутагшсан царгас малын тэжээлийн гол ургамал гэсэн. Ямар үр ашигтай ургамал вэ?
-Царгасыг жилд хоёр удаа хадаж, тэжээл болгон өгөхөд малын жин хэд дахин илүү нэмэгдэх боломжтой. Байгалийн хадлангийн өвснөөс гурав дахин илүү шимт чанартай гэсэн үг.
-Бусад тэжээлийн ургамал, тарималтай харьцуулахад ямар давуу шинж чанартай вэ?
-Царгасанд гайхамшигтай гэж болох үндсэн хоёр шинж чанар бий. Нэгд, сая хэлснээр малын тэжээлийн гойд сайн ургамал. Цэцэглэлтийн үе шатанд технологийн дагуу зөв хадаж бэлтгэсэн царгасны өвс өөрийн найрлагадаа их хэмжээний уураг, эрдэс бодис, витамин агуулдаг. Тухайлбал, нэг кг царгасны өвсний найрлагад 18-20 хувийн протеин, 13-14 г кальц, 2-5 г фосфор, 8-9 г зэс байдаг. Энэ нь үет олон наст өвснөөс бараг хоёр дахин их үзүүлэлт юм. Судалгаанаас үзэхэд нэгж талбайгаас хураан авах протеины хэмжээгээр таримал царгас шар буурцагнаас 3-5 дахин, улаан буудайнаас 6,3 дахин их байдаг. Түүнчлэн царгасны өвс шимт чанараараа байгалийн хадлангаас дөрөв дахин, ногоон тэжээлээс гурав дахин илүү. Хоёрт, аливаа таримал ургамал хөрснөөс шим тэжээлийн бодисыг авч хөрсийг ямагт ядууруулж байдаг бол царгас нь эсрэгээр, хөрсний үржил шимийг нөхөн сэргээхэд онцгой ач холбогдолтой таримал юм.
-Тийм болоод л уул уурхайн нөхөн сэргээлтэд маш хэрэгтэй ургамал гэж хэлээд байгаа юм байна. Энэ үүднээс уул уурхайн компаниуд ургамлын нөхөн сэргээлтэндээ царгас хэр ургуулж тариалж байна вэ?
-За, даа муу талдаа даа. Голцуу улиас, бургас, хайлаас л суулгаж байна. Уг нь царгас таривал хөрсний бүтэц, бүрэлдэхүүн эрс сайжирдаг юм шүү дээ. Нэг удаа тариалаад олон жил дараалан ашиглана. Царгас тариалсан талбайн хөрсний үржил шим жилээс жилд нэмэгдэж байдаг онцлогтой юм.
-Царгаст талбайд азот их хуримтлуулдаг ач холбогдолын талаар дэлгэрэнгүй тодруулж өгнө үү?
-Царгаст талбайн га тутамд жилд 250-290 кг, заримдаа 500 кг хүртэл ургамалд хялбар шингэх азот хуримтлагдаж байдаг. Энэ нь нэг га талбайг 4-5 цн азотын бордоо буюу 30-50 тонн бууцаар бордсонтой тэнцэх хэмжээний түвшин юм. Царгас тариалаад 4-5 жил болоход хөрсний үржил шим 45-50 хувиар, ерөнхий азот 5-7 дахин нэмэгдэж хөрс эрс сайжирдаг. Дээрх талбайд тариалсан үр тариа, төмс, хүнсний ногооны ургац 1.5-2.0 дахин нэмэгдэж байлаа. Иймд манай малчид, фермерүүд царгас өргөнөөр тариалвал бага талбайгаас чанар сайтай, их тэжээл бэлтгэн авч, мал сүргээ байгалийн гэнэтийн байдлаас найдвартай хамгаалах юм. Зөвлөж хэлэхэд ийм байна.
-Тэгвэл царгас тарихад юуг анхаарах вэ. Үржил шим сайтай, эсвэл услах боломжтой газар чухал байх?
-Мэдээж, уг газрын хөрс нь үржил шим сайн, услах боломжтой газрыг эхний ээлжинд сонгон авах хэрэгтэй. Хөрс боловсруулалтаа сайн хийх хэрэгтэй. Царгасны үр жижиг, гадуураа хатуу хальсан бүрхүүлтэй тул анхны жил удаан ургаж хог ургамалд нэрвэгдэхдээ хялбар байдаг. Иймд царгас тариалах талбайг маш сайн боловсруулсан байх шаардлагатай. Өмнөх жил нь уриншилсан буюу цэвдэгшээд хагалсан, эсвэл хавар эрт үндсэн боловсруулалт чанар сайтай хийгдсэн талбай байх хэрэгтэй. Уринш болон цэвдэгшилтээр боловсруулсан талбайг дараа жилийн хавар эрт, чийг хаах зорилгоор борнойдож, дараагаар нь шууд залгуулан булдах хэрэгтэй. Энэ нь талбайг тэгшлэхийн зэрэгцээ чийгийн алдагдлыг багасгаж өгдөг ач холбогдолтой. Тарихын өмнө заавал дахин борнойдож тариалалтын дараа булдах шаардлагатай.
-Хэзээ тариалалтаа хийвэл хамгийн тохиромжтой вэ?
-Тариалах хугацааны хувьд царгасыг зуны бороо угтуулан зургадугаар сарын 15-25-ны хооронд тариалах нь тохиромжтой. Манай эрдэмтэд үүнийг 1980-1990 онуудад тогтоосон юм. Гэвч сүүлийн жилүүдэд дэлхийн байгаль орчин, цаг уурын дулааралттай холбоотойгоор зуны 6-7 дугаар саруудад унах хур тундасны хэмжээ эрс багасч, таримал ургамлын өсөлт хөгжилтөд муугаар нөлөөлөх болсон. Иймд царгасыг аль болох усалгаатай нөхцөлд тариалах шаардлагатай. Байгаль цаг уурын эрс өөрчлөлтийн нөхцлөөс хамааран бидний хийсэн ажиглалтаар сүүлийн жилүүдэд ойт хээрийн бүст усалгаатай, усалгаагүй аль ч нөхцөлд царгасыг хавар, хөрсний чийг хангалтай үед тариалах нь ашигтай болох нь ажиглагдааад байгаа.
-Үрээ сонгох, норм гэж бас байдаг байх?
-Тарих үрийг сонгох, үрлэх нормыг манай эрдэмтэд судлан тогтоосон. Үүгээр бол царгасыг дангаар тэжээлд зориулан 10-12 кг/га нормоор тариална. Энд нэг зүйл сануулж хэлье. Юу гэвэл стандартын шаардлага хангасан царгасны нэг кг үрийн үнэ 15-25 мянган төгрөг байгаа. Энэ нь үнэтэй мэт санагдаж болох юм. Гэвч царгасны нэг га-д тариалах норм үр тарианы ургамалтай харьцуулахад бараг 10 дахин бага байдаг. Түүнчлэн царгасыг нэг удаа тариалаад олон жил ашигладаг. Энэ мэт давуу тал, онцлогийг эрэгцүүлэн бодоорой гэсэн үг юм. Царгасны үрийг сонгон авч тариалахдаа түүний зүйл, сортын нэр, гарал үүсэл, хэдэн оны ургац болох, цэвэршилт болон соёололтыг өөрсдөө дээж авч магадлан итгэмжлэгдсэн байгууллагаар шинжлүүлсэн байх шаардлагатай. Сүүлийн жилүүдэд манайд үр үйлдвэрлэлийн тогтолцоо, хяналт шалгалт алдагдсаны улмаас хэн дуртай нь бизнесийн ашиг сонирхлын үүднээс гаднаас янз бүрийн үр оруулж ирэх болсон. Оруулж ирж байгааг нь үгүйсгэж болохгүй хэдий ч экологийн өөр өөр нөхцөлд гарсан сортууд нь манай орны байгаль, цаг уурын нөхцөлд хэр тохирох вэ гэдгийг харгалзах учиртай. Манай эрс тэс уур амьсгал бүхий нөхцөлийг даван туулах чадварыг онцгой анхаарвал зохино.
-Тарих арга, техник, технологийн хувьд ямар байх вэ. Жишээ нь, хэдэн м-ийн гүнд үрээ суулгадаг вэ?
-Царгасыг тэжээлд зориулан нарийн 15 м мөрөөр үрлэнэ. Үүнд олон наст ургамлын үр тариалах зориулалттай, хуучин манай улсад хэрэглэж байсан Оросын “САКСОНИЯ-200А”, “СО-4,2”, “СЛТ-3,6”, “СЗУ-3,6” маркийн, мөн сүүлийн жилүүдэд манай улсад цөөн тоогоор орж ирэн ашиглаж байгаа нэг удаагийн явалтаар бүхий л үйлдлийг гүйцэтгэдэг маш нарийн тохиргоотой Америк, Канадын “Джон-деере”, “Дисковери” мэтийн өндөр бүтээмжтэй үрлэгч бүхий техник хэрэглэж болно. Бага хэмжээний 1-5 га талбайд сүүлийн жилүүдэд манай өргөнөөр орж ирэх болсон жижиг оврын тракторыг хэрэглэх боломжтой. Царгасны үрийг 1-2 см-ийн гүнд суулгадаг. Үүнээс гүн суулгавал үрийн соёололт эрс багасдгийг онцгой анхаарах ёстой юм. Усалгаа, бордооны хувьд царгасны тариалсан талбайг бордох, услах замаар нэгж талбайгаас авах ургацын хэмжээг нэмэгдүүлэх бүрэн боломжтой. Хөрсний чийгийн дутагдлыг нөхөх ашигтай арга бол усалгаа. Дэлхийн цаг уурын дулааралттай холбоотойгоор унах тундасны хэмжээ багасч байгаа өнөөгийн нөхцөлд царгасыг усалгаагүйгээр тариалах нь эрсдэл ихтэй. Иймд аль болох усалгаатай тариалах шаардлагатай. Таримал хадланг бороожуулах ба халиах аргаар ургалтын хугацаанд говийн бүсэд 5-6 удаа, ойт хэрийн бүсэд 2-3 удаа услана. Гэхдээ тухайн таримлыг услах хугацаа, тоо хэмжээ нь өмнөх жилийн хөрсний нөөц чийг, тухайн жилд унаж байгаа хур тундаснаас их хамаарна. Таримал ургамлыг услахын хамт био ба эрдэс , шим бордоог боломжийн хэрээр хэрэглэвэл ургац эрс нэмэгддэг. Царгас анхны жилдээ намхан ургаж бүрэн гүйцэд биежсэн ургамал болж чаддаггүй учир тарьсан жилдээ ашиглахгүй байх нь чухал. Гэвч сортын онцлогоос хамааран тарьсан жилдээ өндөр, өтгөн ургавал ургамлын өсөлт хөгжилт бүрэн зогссоны дараа /есдүгээр сарын сүүлчээр/ хадаж ашиглаж болно. Харин мал бэлчээхийг хориглоно. Усалгаатай нөхцөлд амьдралын хоёр дахь жилээс эхлэн бундуулалтын үе шатанд эхний хадалтыг хийвэл тухайн талбайгаас жилд хоёр удаа ургац хураах боломжтой. Харин усалгаагүй нөхцөлд цэцэглэлтийн үед нэг удаа хадаж ашиглана. Хүмүүст ойлгомжтой болгох зорилгоор ойт хээрийн бүсийн усалгаагүй нөхцөлд 10 га-д дан царгас бүхий таримал бэлчээр бий болгоход гарах зардал, тэндээс хураасан өвсөөр мал тэжээх үлгэрчилсэн тооцоог хэлье. 10 га талбайд царгас тариалахад арав гаруй сая төгрөг, нэг га-д 1.3 сая төгрөгийн зардал гардаг. Энэ нөхцөлд амьдралын хоёр дахь жилээс нь эхлэн 7-10 жил дараалан ургац хурааж болдог.
-Нэг га-гаас авах ургацын хэмжээ ямар байдаг вэ?
-Ургацын хэмжээ тухайн жилийн байгаль, цаг уурын нөхцлөөс хамааран өөр өөр байх боловч олон жилийн дунджаар 30-40 ц/га-ийн хооронд байна. Би түрүү эхэнд хэлсэн, дан ганц царгаснаас бэлтгэсэн өвс байгалийн хадлангийн өвснөөс гурав дахин илүү шимт чанартай гэж. Өөрөөр хэлбэл, царгасны нэг кг өвс байгалийн хадлангийн дөрвөн кг өвстэй тэнцэнэ гэсэн үг. Тодорхой жишээ хэлэхэд, 1987, 1988 онд хоёр жил дараалан Увс аймгийн Наранбулаг суманд 16 кг хүртэл амьдын жинтэй мянга гаруй хургыг 9-12 дугаар сар хүртэл, гурван сар царгасны үр хураасан 83 га талбайд бэлчээсэн юм. Ингэхэд зүй бусын хоргодол гараагүйн дээр нэг хурганы амьдын жин тэр гурван сарын хугацаанд 10 кг-аар нэмэгдэж нядлахын өмнө 26 кг болсон. Гэтэл царгасны талбайд ороогүй ижилхэн тооны хурганы зүй бусын хорогдол 15-20 хувь, амьдын жингийн нэмэгдэл 4-5 кг байсан.
Өдгөө манайд тэжээлийн ургамал тариалах сонирхол хаа сайгүй их болж. Манай улс 1986-1990 онд дунджаар 117,0 мянган га-д тэжээлийн ургамал, 26 мянган га-д даршны ургамал тариалж байсан. Гэтэл 2000 онд дээрх хэмжээний таримал тэжээлд, дарш 55 дахин буурч, газар тариалангийн дайвар бүтээгдэхүүн болох сүрлийг тэжээлд ашиглаж байсан хэмжээ 7,1 дахин багассан. Энэ нь таримал тэжээл бэлтгэх зориулалттай тэжээлийн олон аж ахуйг хувьчлах нэрийдлээр устгаж, үйлдвэрлэлийн чиглэлийг өөрчилсөнтэй холбоотой. Үүний улмаас таримал тэжээл үйлдвэрлэлийн хэмжээ эрс буурсан. 2000 оноос хойш дээрх үзүүлэлт сүүлийн жилүүдэд жаахан сэргэж байна. Энэ нь сүүлийн жилд гарсан ган, зудын сургамж байх. Манай улс 1990 онд 25 хүрэхгүй шахам сая толгой малтай байсан бол одоо 40 сая толгой даваад байна. Гэтэл бэлчээр нутаг, түүнээс ашиглаж байгаа ургац хасагдсан уу гэхээс нэмэгдээгүй. Иймд манай малчид мал сүргээ байгалийн гамшгаас хамгаалахын тулд төрөл бүрийн чанартай тэжээл бэлтгэж сурах хэрэгтэй болоод байна. Тэгээд ч эрчимжсэн, фермерийн аж ахуйг төр, засгаас бодлогоор дэмжиж байна.
Г.МӨНХДЭЛГЭР