Майячуудын хуанлигаар өнгөрсөн баасан гаригийн өглөөг дэлхийн төгсгөлийн өдөр хэмээж байсан. Хүмүүс үүнд нь итгэсэн. Тэр дундаа дэлхийн бусад орнуудаас Орос, Монгол, Хятад гурав үүнд маш ихээр итгэсэн аж. Харин энэ бүхэн биелсэнгүй. Хүмүүс үргэлжлүүлэн амьдрахаар боллоо. Гэвч цаашид хэрхэн амьдрах вэ.Дэлхийн төгсгөл зөгнөсний дагуу ирсэнгүй.
Дэлхий даяар үүнд итгэж тэр ч бүү хэл маш том сүйрэл болно хэмээн олон хүний санаа зовниж байсан юм. Тэдний хувьд энэ өдөр хамгийн аймаар өдөр байсан нь мэдээж. Хэн ч үхэхийг хүсдэггүй шүү дээ.Энэ өдрийг дэлхийн төгсгөлийн өдөр хэмээн итгэгчдийн зарим нь гэр орноо заран өөр газар суурьшиж шинэ эрин зуунд бэлдэж байсан аж.
Мөн ихэнх газар болзошгүй аюулаас болгоомжлох байдалтай байсан нь нууц биш. Тухайлбал, Хятадад л гэхэд энэ өдөр хамгаалалтын байр барьж сүйрлээс түр ч болов мултрах арга замыг хайж байжээ. Түүнчлэн Хятад улсын Сычуань хэмээх газар хүмүүс гэрэл барин сандралдаж байсан гэнэ. Харин ОХУ-д лаазалсан бүтээгдэхүүн болоод шүдэнзний худалдан авалт хамгийн их өссөн гэдэг.
Гэвч тус улсын Ерөнхий сайд Дмитрий Медведев ард иргэдээ тайвшруулан “Дэлхий сөнөхгүй, амьдрал үргэлжилдгээрээ үргэлжилэх болно” хэмээж байжээ. Мөн Францад хүмүүс ууланд бүгэн тэднийг өөр гаригийнхан ирж аварна хэмээн итгэж байсан аж. Ертөнцийн сүйрлийн талаар гардаг “2012”, “Армагеддон”, “Нөгөөдөр” зэрэг кинонууд байдаг. Мөн олон зохиолуудад энэ тухай гардаг аж.
Тун удахгүй ертөнцийн төгсгөл ирнэ хэмээн зөгнөн бичсэн эдгээр зохиолууд биелэлээ олно хэмээсэн итгэгчид ч цөөнгүй байлаа. Калифорнийн номлогч Кэмпинг нэг бус удаа ертөнцийн төгсгөлийн өдрийг тодорхойлон хэлсэн байдаг аж. Харольд Кэмпинг радиогоор дамжуулан зургаан удаа 2011 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдрийг ертөнцийн төгсгөл хэмээн хэлж байжээ. Гэсэн ч бусад зөн билэгчид үүнийг нь хайхраагүй аж.
Мөн 2007 оны сүүлээр томоохон цөмийн цохилт болно гэж байсан нь ч биелээгүй. Магадгүй хүмүүс дахин хэзээ ч юм бэ нэгэн оны нэгэн өдөр дахин ертөнцийн төгсгөл болно хэмээн зөгнөн бичих биз ээ.
Анхаарал хандуулахгүй байх уу
“Ертөнцийн төгсгөл болно хэмээх мэдээг сонсоод хүмүүсийн сэтгэлд тийм ч таатай бус байсан нь мэдээж. Харин хэзээ нэгэн цагт дэлхийн төгсгөл ирнэ хэмээн итгэгчдийн хувьд “Апокалипсис” -ын дараа өөрсдийнхөө үзэл бодолд тууштай хандах болсон” хэмээн АНУ-ын Ватерлоо их сургуулийн шинжээч Лорн Даусон ярьжээ.
Мөн гэгээнтэн Уильям Миллер их эзэн Есүс Христос 1844 онд дэлхий дээр эргэн ирнэ хэмээн итгэж байсан гэдэг. Энэ мэтчилэн хүмүүс маш их зүйлд итгэн мухар сүсгээсээ болж зарим нь өөрсдийгөө хохироож байсан аж.
Бэлтгэсэн О.Саша
Эх сурвалж: “Нийгмийн Толь”