Өнөөдөр BSB-ээс цахилгаан бараа хүлээн авах цэгт хэдэн минут бараагаа хүлээж зогсож байхдаа нэгэн хачин клип хальт үзэв. Монгол залуус хип хоп, рэп жанраар нилээн шоу орчинд клипийн зургаа авахуулжээ. Харин тэнд байсан зураглалаас хэдэн зүйл их содон бөгөөд буруу харагдав.
Хөгжмийн ямар ч төрөл жанр тухайн жанрыг хэрэглэж байгаа уран бүтээлч хүний араншинг дагаж хувирч өөрчлөгдөж байдаг. Хүүхэд байхад олон сайхан дууны хамтлагууд “улс төрийн дууны хамтлаг” гэдэг тодотголтой байв. Тэд хайр дурлал, гэгээн сайхан амьдралыг дуулахаасаа илүү Кубыг чөлөөл, капитализм муухай, социализм бол асуудлын шийдэл гэх утгатай дууг дуулдаг байв.
Харин сүүлийн 20 жилд “улс төрийн дууны хамтлаг” нэг ч үгүй болж харин улс төрийн сонгуульд зориулж дуучид, жүжигчид цагаар ажиллаж хөөрхөн мөнгө олдог болтлоо өөрчлөгдсөн билээ.
Манайд хөгжмийн, дууны олон төрөл жанр бий болж буйн нэг нь хип хоп, рэп чиглэл юм. Энэ төрөл жанраар дуулж байгаа нь голдуу арван жилийн хүүхдүүд. Тэдний илэрхийлж байгаа, үглэж байгаа дууны үгс нь хэдэн хуудас болдог гэсэн. Тэр олон үгийг цээжээр дуулна гэдэг үнэхээр гайхамшиг. Харин ямар агуулгатай, хэллэгтэй дуулах нь чухал мэт санагдана.
Миний үзсэн клипэд 3 зүйл содон бөгөөд буруу харагдав. Буруу гэдгийг нийгэмд хортой гэсэн утгаар хэрэглэж байгаа юм шүү.
1. Тэнд нэгэн залуу гар буруу барин камер луу онилов. Галт зэвсэг хүн бүр шахуу эзэмшдэг Америкийн соёлын нөлөөг Монголд оруулах гэвэл манай улсын хууль дүрэмд ихээхэн харшлана. Тэгээд ч жаахан юм уучихаад биеэ барьдаггүй, мөн хажуугаар нь машин шахах, гүйцэд түрүүлж өнгөрвөл араас нь харааж сигнаалддаг манайх шиг улсад гар буу бариулчихвал бүр балрана. Уур уцаартай нийгэмд гар бууг клипэндээ оруулах нь зэвсгийн далд наймааг өөгшүүлэх боломжтойг илтгэх мэт.
2. Тэр клипэд хоёр хүүхэн үнсэлдэж байх юм. Угтаа бол манайх бусад ардчилсан улс шиг лесбитэй гэдгээ бас гайхуулаад амжиж. Гэвч энэ нь гайхуулах гэхээсээ илүү ичгүүртэй явдал юм. Монгол эх лесби байвал бидэн шиг цөөхөн хүн амтай улсад энэ бол доройтохын шинжээ.
3. Тэнд байгаа бүх залуус шоунд мансуурчээ. Шоу бол амьдралын бүх юм биш. Бодит амьдралд, шоунаас илүүтэйгээр хувь хүн бүр ажилтай байх, хадгаламжтай байх, гэр бүлээ авч явах сэтгэлийн тэнхээтэй байх, амьдралд няцахгүй босч чаддаг эрэмгий чанартай байх нь илүү чухал байдаг. Шоу амьдралын энэ бүх чухал чанарыг алга хийдэг. Шоудаж байгаа айлын эрх хүүхдийн дэргэд, ажлаа хийж яваа жирийн амьдралтай хүн, амьдралд хамаагүй бодит ханддаг. Тэд ядаж л мөнгөний үнэ цэнийг ойлгодог. Зугаа цэнгэлээс илүүтэйгээр амьдралд тэд хайртай байдаг.
Дээрх 3 буруу нөлөөг нийгэм хэрвээ хэвийн үзэгдэл гээд хүлээгээд авбал үүн шиг эмгэнэл гэж үгүй. Монголд ямар соёл орж ирж байгааг залуусын сонсож буй хөгжим, харж буй клип, сонирхож байгаа сэдвийг нь харахад л ойлгомжтой. Тиймд эцэг эхчүүд ээ, үр хүүхдэдээ хараа хяналттай байя. Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр юу цацагдаж байгааг хянадаг газар нь ажлаа хийг. Ийм л мэдрэмж сэтгэгдэл төрлөө, надад.
Ж. Бадамдорж
WWW.MISS.MN