Өнөө өглөө сэрэхэд бүх юм нэг л биш…
Өнгөрсөн шөнө би хэн нэгнийг алдчихсан юм биш байгаа?
Өдөө тасдуулчихсан арьс дагжиж
Өрцөө дараад эргэн тойрноо харахуй
Өө…эргэн тойрон минь надад нэгийг хэлэх гээд байж…
Хаалга минь байж ядан савчина
“Хараач, цас сүүлийн удаа ирээд явсан”
Цонх минь намайг цуулах шахан хашгична
“Чамайг сэрээх гээд тэр шөнөжин балбасан”
Гадаа гүйгээд л гарлаа
Газар эхэр татан цурхирна
“Гайхалтай, чамд үнэхээр хайртай юм билээ…”
Навчис тэр дээр шуугилдана
“Нарыг хуурч, арай хийн ирсэн гэсэн шүү, тэр”
Царс модод толгойгоо сэгсрэнэ
“Царайг чинь шилний цаанаас олж үзчихээд
Чамд хоргодоод явж чадахгүй л байсан даа
Цас!”
Болжморууд ам уралдан шаагилдана
“Буцаж явахдаа хүртэл
Бороонд урвачихсанд чинь тэр итгэж чадахгүй л байсан!”
…Зүрх минь цээж нүдэж эхлэв
“Яагаад? Яагаад? Яагаад?”
Нүд минь урсаад
Түлэх шахсан дуслууд нь…
“Түүний л буусан газарт унаж амиа хорломоор байна”
Харууслаа тэврээд
Хаалган дээрээ буцаад л очтол
…Хайлж дуусч байгаа
Хамгийн сүүлчийн ганцхан цас
Амьсгал хураах гэж байснаа
“Хайртай”…
2011.04.25