УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Шүүхийн тухай, Шүүхийн захиргааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зэрэг багц хуулийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн гишүүдийн олонхи нь үзлээ. Хуулийн төсөлд шүүгчдийн орон тоог нэмэгдүүлэх зэргээс гадна аймаг, нийслэлийн шүүхийг иргэний болон эрүүгийн давж заалдах шатны шүүх болгон өөрчилж бүсчлэн хөгжүүлэхээр тусгажээ.
Ингэснээр нутаг дэвсгэрийн онцлог, хүн амын нягтаршил зэргийг харгалзан 2-3 аймгийн давж заалдах шатны шүүхийг тойргийн журмаар эрүүгийн давж заалдах шатны болон иргэний давж заалдах тус бүр есөн шүүх, сум дундын 29, захиргааны хэргийн анхан шатны 22, дүүргийн эрүүгийн дөрөв, иргэний дөрөв, нийт 59 шүүхийг байгуулахаар тусгасан байна.
Шүүхийн байгууллагыг бүсчлэхтэй холбогдуулан цөөнгүй гишүүн эсрэг саналтай байгаагаа дуулгав. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Хөвсгөл аймгийн Ханх суманд амьдардаг иргэн давж заалдахын тулд 800 км явж Орхон аймагт зөрчигдсөн эрхээ сэргээнэ гэдэг бүтэхгүй. Би нутагтаа очоод та бүхэн зөрчигдсөн эрхээ Орхон аймагт очиж сэргээлгэхээр болсон шүү гэвэл манайхан урдаас чулуу шидэх байлгүй” хэмээн зэмлэл, марзаганал хоёрын завсраар үг унагав.
Тэгвэл хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн, Монгол Ардын Намын дарга Ө.Энхтүвшин төсөл санаачлагчдад хандан “Сүүлийн жилүүдэд төр засгаас шүүхэд ихээхэн анхаарал хандуулж байгаа. Одоо байгууллагын зардал, цалин хангамж, орон тоог нэмэх нь. Гэтэл олон нийт шүүх шударга болоосой гэсэн ганцхан зүйлийг л хүсч байгаа. Харин шүүх байгууллага улам л шударга бус болж, улстөрийн хүчний захиалгаар ажилладаг, өдөр ирэх бүр л хараат болж хувирч байна” хэмээгээд энэ төслүүдийг УИХаар баталснаар шүүхийн шударга ажиллах зарчим бүрэлдэх эсэхийг лавласан юм.
Түүний асуултад Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч Ц.Зоригт “Шүүх шударга ажиллаж байгаа. Гэхдээ шинэчлэл хэрэгтэй” гэв. Мөн УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр “Мөнгөтэй хүн л явж хэргээ үнэн зөвөөр нь шийдүүлэх юм байна. Харин мөнгө хөрөнгөгүй нь хол явж олон хоног унаа хоол, байр савны мөнгө үрж байхаар хэдхэн малын хэргийг хүлээчихье гэсэн буруу зам уруу явуулах юм биш биз” гэсэн анхааруулгыг өгсөн.
Ж.Энхбаяр гишүүн ч мөн шүүхийг иргэдээсээ холдуулж болохгүй гэсэн байр суурьтай байгаагаа удаа дараа дуулгав. Тэр ч бүү хэл эл хуулийн төсөл дээр бүлгийн дарга завсарлага авах ёстой. Хуулийг эсэргүүцсэндээ бус сайжруулах, аль болох иргэддээ ойртуулах, сайжруулах арга зам гэдгийг ч онцолсон.
Харин энэ үеэр хууль санаачилсан гишүүдийн нэг Д.Ганбат ингэж бүсчлэн хөгжүүлэх нь хөрөнгө мөнгө хэмнэх давуу талтай хэмээн хэлж, олон гишүүнээр ам уруугаа “алгадууллаа”. Тэдний үзэж буйгаар иргэн зөрчигдсөн эрхээ эдлэх, шүүх эрх мэдлийг хараат бус байлгахад хөрөнгө мөнгө хэмнэнэ хэмээн ярих нь угаас тэнэг хэрэг гэнэ. Ийнхүү тайлбар, шүүмжлэл өрнүүлсний эцэст энэ асуудлаар өнөөдөр санал хураахаар тогтлоо.
Д.БУЛГАН