УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга С.Одонтуяагаас тодрууллаа.
-УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах асуудал хэлэлцэгдэж байна. Үүн дээр Та ямар байр суурьтай байна вэ?
-Ерөнхийлөгчөөс өргөн барьсан УИХ- ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийн эхний “Гэмт хэрэг үйлдэж байхад нь буюу хэргийн газар нотлох баримттайгаар баривчилсан” тохиолдолд УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түтгэлзүүлэхийг нийт гишүүд дэмжиж байгаа. Манай бүлгийн гишүүд ч эхний заалтыг дэмжсэн. Харин “Гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татах зайлшгүй шаардлагатай тохиолдолд мөрдөн байцаагчийн саналыг үндэслэн” УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түтгэлзүүлэхийн тухайд гишүүд янз бүрийн байр суурьтай байна. Манай бүлгийн зарим гишүүд “Гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татах зайлшгүй тохиолдолд мөрдөн байцаагчийн саналыг үндэслэн” гэж байгаа асуудал дээр мөрдөн байцаагчийн санал бодиттой байж чадах эсэх нь эргэлзээтэй гэж үзэж байсан.
– Зарим гишүүдийн хувьд хоёр дахь заалтыг УИХ-ын гишүүдийн хэргийг илчлэх чухал заалт гэж үзэж байна. Таны хувьд хэрхэн харж байна вэ?
– Нэг талаараа тийм. Нөгөө талаараа зөвхөн мөрдөн байцаагчийн саналыг үндэслэх нь учир дутагдалтай. Монгол Улс жижиг. Захиалгаар янз бүрийн зүйл хийх тохиолдол гардаг. Нэг мөрдөн байцаагч хэн нэгэн хүний, улстөрийн намын захиалгаар асуудалд хандах тохиолдолд бүх гишүүдийг ч татаж болохоор заалт байгаа юм. Тиймээс хоёр дахь заалт дээр болгоомжтой хандах хэрэгтэй. Үүн дээр нэлээд сайн ярилцах ёстой. Зарим гишүүд “Үүнийг л үндэслэхгүй бол хэргийн газар дээр нотлох баримттайгаар барина гэдэг нь ховор. Бараг тохиолдохгүй” гэдэг зүйлийг ч ярьж байна. Хэлэлцүүлгийн явцад хууль санаачлагчид энэ заалтаа сайн тайлбарлах байх. Өмнө нь ямар ямар нөхцлүүд үүсч байсан зэрэг мэдээллийг дэлгэрэнгүй авч үзэх шаардлагатай.
Ц.ЖАРГАЛ
unen mn