Монголын загварын ертөнцийн хамгийн том арга хэмжээ болох “Гоёл-2013” наадмын хүрээнд Монголын загварын 7 хоног энэ
сарын 10-15 өдрүүдэд болж энэ жилийн шилдгүүдээ тодруулсан билээ. Энэхүү наадмын шилдэг дизайнерийн Гран-при шагналын эзэн “Аяс Кашмер”-ийн ерөнхий дизайнер М.Оюунбилгийг энэ удаагийнхаа “Дугаарын зочин” буландаа урьж ярилцлаа.
-Сайн байна уу? Юуны өмнө “Гоёл -2013” наадмыг шилдэг дизайнер болсонд баяр хүргэе. Өөрийгөө “Гран При”- ийн эзэн болно гэж төсөөлж байв уу?
Баярлалаа. “Монголын дизайнеруудын холбоо”-ноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Гоёл-2013” наадам 25 дахь удаагаа маш амжилттай зохион байгуулагдлаа. “Гоёл” наадам 25 жилийн турш ард түмний нүд, сэтгэл, оюуныг баясгаж ирсэн. Бидний хүсэн хүлээдэг сайхан наадам болжээ. “Моод Монголоор дуусдаг” гэж ярьдаг байсан цаг эсрэгээр болсон нь нүднээ илхэн. Миний хувьд “Гоёл” наадамд нийтдээ 7 жил оролцож байна. Өөрийгөө “Гран При” авна гэж төсөөлөөгүй. Мэдээж өрсөлдөж байгаа юм чинь ямар нэг шагнал авах болов уу гэсэн бяцхан горьдлого байсан. Энэхүү нэр хүндтэй тэмцээний “Шилдэг дизайнер” тэр дундаа “Гран При” авсандаа үнэхээр их баяртай байна.
– Таны хувьд “Гоёл” наадмын туршлагатай оролцогч. Энэ жилийн хувьд бусад жилүүдийнхээс ялгарах ямар онцлогтой болсон гэж бодож байна вэ?
Анх оролцож байхдаа ямарч туршлага байгаагүй. Зөвхөн тэмцээнд оролцоно гэсэн сэтгэлийн хөөрлөөр л ордог байсан гэж хэлж болно. Алдаанаасаа ч их зүйлийг суралцсан. Жилээс жилд тэмцээн уралдаанд оролцох тусам туршлага хуримтлуулсаар арай л өөр болдог юм байна. Ер нь тухайн жилийн “Гоёл” наадам өөр өөрийн гэсэн өнгө төрх онцлогтой болдог. Энэ жилийн хувьд олон улсын загварын ертөнцийн жишгээр “Загварын долоо хоног” гэсэн хүрээнд зохион байгуулагдсан нь тухайн дизайнер болон байгууллагыг бусдад илүү таниулахад онцгой үүрэг гүйцэтгэсэн гэж бодож байгаа. Энэ нь дизайнерууд бидэнд илүү их боломжийг олгосон.
-Таны бүтээлүүд бусдаас юугаараа ялгарсан бол…?
Бүх дизайнерууд өөрийн гэсэн онцлогтой загваруудаар оролцдог. Миний хувьд 100% ноолуур мөн сүлжмэл бүтээгдэхүүн гэдгээрээ онцлог. Сүлжмэл бүтээгдэхүүн нь хүний биед суулт сайтай байдаг. Мөн өнгөний хослол нь хүмүүст илүү хүрсэн болов уу гэж бодож байна.
-Ноолуур бол тансаг хэрэглээ. Тэр дундаа маш нарийн ажиллагаа шаарддаг. Даавууг бол эсгээд хайчлаад л оёно. Харин ноолууран бүтээл хийхэд арай өөр аргаар хийдэг байх ?
Ноолууран бүтээгдэхүүн нь тансаг үнэтэй материал учраас хайч хүргэх дургүй. Шаардлагатай үед л хайчилна. Мөн ноолууран бүтээлүүд нь өөрөөс нь бүх эсгүүрийг гарган хийдгээрээ онцлог. Эхлээд эскиз зургаа гаргаад түүнийгээ технологийн зураг болгоно. Тэгээд үйлдвэрт оруулдаг. Маш олон дамжлагаар явж бүтээгдэхүүн болдог.
-Наадамд оролцсон бүтээлүүдээ урлахад хэр их хугацаа шаардагдсан бэ?
Эскиз санаа нь бол дотроо бодсон зүйлүүд байсан. Ерөнхийдөө бэлэн болтлоо 20 гаруй хоног болсон.
-Та үндэсний хувцасны загвараа байгалийн өнгөтэй хослуулж бүтээсэн нь илүү шинэлэг болсон санагдсан энэ талаар сонирхуулаач? Таны бүтээлээс эмэгтэйлэг шинж чанар мэдрэгдэж байсан.
Хувцас загварын түүх гээд яривал ерөнхийдөө үндэсний хувцсаа нийтээрээ хэрэглэж ирсэн түүхтэй улс орон бол манайх. Нөхцөл шаардлага нь байгаагүй болохоор европ хувцасны хэрэглээ хожим дэлгэрсэн шүү дээ. Үндэсний хувцас өөрөө маш баялаг элементүүдтэй. Би бүтээлүүдээ хувцас элемент , хээ, товч шилбэнээс нь авахуулаад аль болох баялаг болгох зорилготой байсан. Ноолуурын өөрийн натурал өнгийг суурь өнгө болгон хийсэн нь илүү амьд. Өнгөний тусалт нь аятайхан болох шиг санагдсан.
-“Сийлэн” загвартаа технологийн шинэ шийдлийг гаргаж ирсэн гэж сонссон. Энэ яг юуг нь хэлж байгаа юм бэ?
“Сийлэн” коллекцийн хувьд хамгийн чухал өнгө байсан хаш чулууны өнгө болон зөөлөн ногоон өнгийг дэвсгэр өнгөөр авсан нь маш гоё болсон. Дээр нь арай гүн өнгөөр нарийн хээ гаргаж өгсөн нь илүү тансаг харагдуулсан. Өмнөх жилийн наадмуудад би дандаа гар хатгамал болон гар нэхмэлтэй хослуулан гоёж, даашинзаа хийж оролцож байсан. “Сийлэн” коллекц дан компьютер машинаар сүлжсэн нь миний хувьд л шинэлэг болсон. Сүүлийн жилүүдэд манай ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компаниуд ер нь технологийн хувьд маш их шинэчлэлийг хийж байгаа нь шинэ дэвшлүүдийг авчирч байгаа юм.
– Та өөрийн дотоод ертөнц, үзэл бодлоо хувцас загвартаа хэрхэн тусгадаг вэ?
Дотоод ертөнц маш чухал зүйл шүү дээ. Ер нь өөрийн дотоод ертөнцтэйгөө харилцаж байж л шинэ санаагаа гаргадаг. Боломжтой боломжгүй гэхгүй чөлөөтэй ертөнц. Өөрийн дотоод ертөнцөөсөө л загварын санаанууд гаргаж түүнийгээ бүтээл болгож байгаа минь надад илүү сайхан санагддаг.
– Цаг үеэ мэдэрч бүтээл гаргана гэдэг бол бас л их нарийн ур ухаан шаардсан ажил байх. Та ямар үед бүтээлүүдээ хийх санаа төрж, мөн бүтээлээ урладаг вэ?
Цаг үеэ мэдрэх нь чухал байлгүй яахав. Бидний хувьд ирж буй улирал , баяр ёслол тухайн цаг үеийн өнгө зэргийг мэдэрч аль болох урьдчилж загвараа хийхийг хичээдэг. Энэ цаг үед хүмүүс ямар өнгө, ямар загварын хувцас сонирхож байгааг илүү соргогоор тусгах шаардлагатай байдаг. Түүнээс ямар ч мэдрэмжгүй загварууд гаргачих юм бол хэн ч тоож харахгүй шүү дээ. /инээв/ Загвар зохиох гэдэг бол бас л уран бүтээл хийдэгтэй адилхан. Мэдээж уур уцаартай сэтгэл тавгүй үед ямар ч бүтээл хийж чадахгүй. тэгэхээр сэтгэл санаа маань тайван байх үед шилдэг санаанууд орж ирдэг. Мөн ажилдаа чин сэтгэлээсээ дурлаж байж л сайхан бүтээлүүд хийнэ шүү дээ. Сэтгэлээсээ хандсан бүхэн сайхан болдог. Тиймдээ ч ажлын шаардлагаар өдөр бүхэн л шинийг хайж шинэ зүйл хийх хэрэгтэй болдог.
– “Моод Монголоор дуусдаг” гэсэн яриа байхгүй болоод удаж байна. Монголчуудыг ямар хувцас өмсөөсэй гэж хүсдэг вэ?
“Моод Монголоор дуусдаг” гэдэг үг намайг л бага байхад хэлэгддэг байсан. Тэр үед тийм байсан байх л даа. Одоо бол манайхан моодтойгоо зэрэгцээд л алхаж байна шүү дээ. Бүх зүйл нээлтэй. Манайхан аливаа зүйлийг хүлээж авах нь хүртэл өөр болсон. Үүнтэйгээ зэрэгцэн хувцаслах соёл ч өндөртэй болсон. Мөн хувцас гэдэг хувь хүний соёл, боловсрол, зиндаа, зан ааш, хүсэл эрмэлзэл гээд маш олон зүйлийг тодорхойлдог. Монголчуудаа хэрэглээгээ мэдрээд, сайн чанарын, байгалийн гаралтай, биед сөрөг нөлөөгүй бүтээгдэхүүн хэрэглээсэй гэж боддог. Түүнээс тэг ингэ гээд яах вэ дээ. Хүний хүсэл сонирхолыг хянана, заана гэдэг утгагүй зүйл. Яахав, санаа аваасай, таалагдаасай гэж бид шинэлэг чамин загвар хийж сонголтыг нь улам өргөжүүлдэг. Тэгэхээр дизайнер бид хүмүүст өндөр шаардлага хангасан, загварлаг чанартай бүтээгдэхүүнээр үйлчлэх хэрэгтэй .
-Манай бүсгүйчүүд сүүлийн жилүүдэд ноолууран хувцсаар их гоёх болсон. Та үүнийг дизайнер хүнийхээ хувьд юутай холбон тайлбарлах вэ?
Бүсгүйчүүдийн хувьд ноолуур маш гоё сонголт . Эмэгтэйлэг харагдуулахаас гадна тансаг эрхэмсэг харагдуулдаг. Ямарч нөхцөлд хувцасны гадуур, гоёлын үед илүү тансаг, өдөр тутам өмсөхөд дулаан хөнгөн биед маш тааламжтай бүтээгдэхүүн. Үнийн хувьд ч бас боломжийн болохоор илүү сонголтоо хийдэг болов уу.
-Та өөрөө ноолууран хувцас хэр өмсдөг вэ? Ноолууран хувцасны давуу мөн сул талаас бидэнд сонирхуулаач.
Би бараг өмсдөггүй шүү. Энгийн үед биед эвтэйхэн давуун хувцас өмсдөг. Ноолуур нь өөрөө бидэн шиг олон цагаар сууж ажлаа хийдэг хүмүүст жаахан тохиромжгүй байдаг юм шиг санагддаг. Ноолуур Монголчууд бидний зүй ёсны бахархал байх ёстой. Бид энэ салбараа цэгцтэй зөв бодлогоор дэмжиж хөгжүүлбэл Монголын хамгийн үнэтэй өв хөрөнгө бол ноолуур. Алт, зэс бол яахав ухаад гаргаад дуусна. Ноолуур бол ямаагаа үржүүлээд байвал шавхагдашгүй тансаг баялаг. Сул тал нь ноолууран бүтээгдэхүүнийг хэрэглэх явцад бүүрцэглэх буюу шаариглалт үүсдэг. Энэ нь ноолуурын чанарыг илэрхийлж байгаа хэрэг огт биш бөгөөд харин таны хичнээн нарийн тансаг эдлэл хэрэглэж байгаагийн илэрхийлэл юм. Мөн цэвэр байгалийн гаралтай бүтээгдэхүүн учраас тухайн хэрэглэгчээс нарийн зөв арчилгаа шаарддаг. Хэрвээ зөв арчилж, угааж чадвал угаах тусам улам зөөлөн, тансаг болдог.
Мөн Италичууд ноолууран хувцсыг амрааж өмсөж бай гэдэг. Энэ нь хаа сайгүй өмсөөд байдаг зүйл биш гэдгийг бас давхар илэрхийлж байгаа үг байх. Сайхан ноолуурыг янз бүрийн химийн материалаар хийсэн куртка, пальтон дотор өмсөөд явж болохгүй. Цахилгаанжилт үүсээд бас бөөгнөрөх магадлалтай. Ноолууран эдлэлийг өөр матералтай хувцастай зохицуулан өмсөхийг хүсвэл хөвөн даавуу, олс зэрэг натурал эдтэйгээ зохицдог. Хослуулан өмсвөл сайхан ч харагддаг.
-Бүсгүй хүн бүр л сайхан харагдахыг хүсдэг. Харин таны хувьд, үнэхээр төгс эмэгтэй гэж ямар хүнийг хэлэх бол?
Муухай эмэгтэй гэж байхгүй, муу эмэгтэй л гэж байдаг байх. Дотроосоо гэрэлтсэн төгс эмэгтэйчүүд олон бий. Сэтгэл ариун, зөв бодолтой явах нь төгс гоо сайхан юм уу даа. Гадаад үзэмжийн хувьд “Та өөрийнхөө хувцаслалтад хэр хандана. Хүмүүс танд ч бас тэгж хандана” гэсэн үгэнд итгэдэг. “Хувцсаар нь угтаж, ухаанаар нь үднэ” гэдэг үг бий. Энэ ойлголт дэлхийн аль ч оронд түгээмэл байдаг. Айлчилж ирсэн хүнийхээ ухаантай, эрдэмтэй эсэхийг нь уулзаж ярилцаагүй байж яахин мэдэх билээ. Тэгэхээр хамгийн эхний шалгуур бол хувцас. Гадаад байдал, биеэ авч явж байгаа намба төрхөөрөө ч бусдад төрүүлэх сэтгэлийнх нь нийлбэр цогцын тухай энд хэлж байна. Тухайн хүний өмссөн хувцас, байдал төрх нь орчноо хэрхэн үздэг, ямар хүсэл сонирхолтой, ямархуу ааш зантай хүн болохыг нь аяндаа хэлээд өгнө. Өөрөөр хэлбэл, өмссөн хувцсаа хэрхэн зохицуулж чадсанаараа уг хүн хэр соёл боловсролтой, ямархуу ааш зантай болохоо харуулдаг.
-Удахгүй шинэ он гарах гэж байна. Таны хувьд шинэ жилээ хэрхэн тэмдэглэдэг вэ?
Шинэ он гарахад хуучин оныхоо бүх л таагүй зүйлээ орхиод цоо шинэ хүн болсон мэт сэтгэлээр угтдаг маш сайхан баяр гэр бүл, хамт олны баяр. Бүгд л ирж буй шинэ ондоо ямар нэгэн сайхан зүйлийг мөрөөдөж хүсэн хүлээж угтдаг. Миний хувьд энэ шинэ оноо саяхан гаргасан амжилтаа улам ахиулж, илүү их амжилтанд хүрэх зорилго тээн угтана даа.
– Шинэ жилтэй холбоотой хүүхэд насныхаа дурсамжаас хуваалцаач
Багадаа шинэ жилээр аль болох олон бэлэг авах юмсан гэх боддог байсан шиг санагдаж байна. Бусад охидын адил цасан охин болох гэж хамгийн гоё даашинзаа өмсөж, өөрөө түүнийгээ чимэглэх гээд л оролддог байсан. Тэр үед одоогийнх шиг гоё ганган зүйл ховор байсан шүү дээ. Тийм болохоор аль гялгар гоё зүйлээр л даашинзаа чимэглээд л шинэ жилээ тэмдэглэдэг байлаа. Бидний үед чинь маш гоё сүлд модны наадам болдог. Өвлийн өвгөн аавын өгдөг бэлэг нь ч маш том, гоё байдаг байсан шиг санагдаж байна. Шинэ жилээр л хамгийн гоё тансаг зүйлүүд иддэг байсан даа.
– Ингэхэд та ямар сургууль төгссөн юм бэ?
“Сэтгэмж” дизайны дээд сургууль төгссөн. Манай сургуулиас маш сайн дизайнерууд төрөн гарсан.Чадвартай сайн багш нар хичээл зааж байсан. Энэ сургуулийнхаа ачаар л ийм сайхан мэргэжил эзэмшиж сайн явж байгаадаа баярлаж явдаг.
-Та голчлон ямар чиглэлээр хувцсаа урлах дуртай байдаг вэ?
Би ер нь үндэснийхээ хувцсыг илүү түлхүү хүмүүст хүргэх сонирхолтой байдаг. Яагаад гэхээр ноолууран бүтээгдэхүүнтэй зохицох зохицол арай илүү юм шиг санагддаг.
-Хүн бүхэнд хүсэл мөрөөдөл байдаг. Мөрөөдлөө зорилго болгон биелүүлсэн зүйлүүд мэдээж байгаа байх?
Мөрөөдлөө эхнээс нь биелүүлээд л явж байна. Сайхнаар мөрөөдөхөд заавал биелдэг гэдэгт би итгэдэг. Маш олон мөрөөдөл байна аа. Гэхдээ нууц байлгахыг хүсдэг. Миний хувьд зорилготой мөрөөдөж түүнийхээ төлөө тэмцэж байгаа минь амьдралын бас нэг утга учир юм даа.
-Дизайнеруудын урыг илтгэх хувцас загвараас илүү тухайн жилийн Топ модель болсон бүсгүйд манайхан илүү ихэд анхаарал хандуулаад байдаг. Энэ тал дээр таны бодол?
Загвар өмсөгч, дизайнер хоёр салшгүй холбоотой. Бараг л хүйн холбоогоор холбогдсон гэж хэлж болно. Загвар өмсөгчгүйгээр хувцсаа бусдад таниулж чадахгүй. Тийм учраас тэдэнд хүндэтгэлтэй хандах нь зүйн хэрэг. Аль өнцгөөс нь хүлээж авах нь хүмүүсийн өөрсдийнх нь хэрэг. Моделиудыг ярьцгааж байгаа нь тэдний хийсэн ажлыг дүгнэж байгаа хэрэг. Ямар ч байсан дизайнерийн бүтээл загвар өмсөгчийн ур чадвар хоёр нийлж цогц байж л сайхан харагдана.
– Гадаадын орнуудад бол сайн дизайнер хүн хамгийн нэр хүндтэй байдаг. Харин манайд зэрэг дэв, үнэлэмж сайнгүй байдаг шүү дээ?
Дизайнер гэдэг ойлголт манайд хожуу орж ирсэн болохоор тийм байж магадгүй. Гэвч ирээдүйд сайхан болно оо. Ямар чухал мэргэжил гэдгийг ойлгож үнэлдэг болно гэдэгт итгэдэг. Гадаадад дизайнер хүн ашигтай ажиллах нь гол түлхүүр нь болчихсон байдаг. Манайд удахгүй тийм болох байхаа. Мэдээж энэ бүхнийг хөгжүүлэхийн тулд хөрөнгө санхүү болон бусад зүйлээр тусалж дэмжих нь хамгийн чухал.
-“Гоёл” наадам жилээс жилд нэр хүнд нь муудаж байгаа гэж ярих боллоо. Мөн энэ жил манай улсын томоохон загварын товчоонууд “Гоёл”-д оролцоогүй. Энэ тал дээр та ямар бодолтой байдаг вэ?
“Гоёл” наадмыг хүмүүс янз бүрээр л хэлж байдаг. Бидний хувьд өөрийгөө таниулах мэргэжлийн хамгийн том наадам. Бүхий л сэтгэл зүрхээ зориулж оролцдог тул үнэ хүндтэй л наадам. Цаашид ч тийм байх болно гэдэгт итгэлтэй байдаг. Харин зарим загварын томоохон товчоонууд оролцоогүй гол шалтгаан нь урьд нь загварын гэсэн тодотголтой ганц л наадам байсан болохоор том жижиг гэлгүй бүгд л оролцдог байсан. Одоо бол өөрсдийгөө таниулах загварын шоуг том газрууд өөрсдөө хийдэг болсон. Тийм учраас нэгэнт өөрсдийгөө олон нийтэд сурталчилж чадаж байгаа юм чинь оролцох шаардлагагүй гэж боддог байх. Гэхдээ би нарийн учрыг нь сайн мэдэхгүй байна.
Ярилцсан Х.Оюундарь
Эх сурвалж: Залуучуудын Үнэн сонин