Нью Йоркийн Бруклины уугуул бүсгүй “Мисс Америк” шалгаруулалтын тэргүүн титмийг хүртжээ. Энэ жилийн Америкийн хамгийн сайхан бүсгүй Мэллори Хейган энэ жил 23 настай бөгөөд финалд Өмнөд Каролина, Оклахомагийн миссийг ардаа орхижээ. Мэллори шалгаруулалтын явцад Жеймс Брауны “Get Up Off of That Thing” дууны аянд бүжиглэж, дунд сургуульд буутай хамгаалагч гаргах болсон тухай асуултад “Хүчирхийлэлтэй хүчирхийллээр тэмцэж болохгүй” гэх зэргээр хариулсан нь өндөр оноо авахад нөлөөлсөн байна. М.Хейган энэ шалгаруулалтад түрүүлснээр Бүх Америкийн миссийн титмээс гадна 50 мянган ам.долларын мөнгөн урамшуулал хүртсэн бөгөөд үүнийгээ сургалтын төлбөрт зарцуулах эрхтэй болсон юм. Тэрбээр мөн нийгмийн сөрөг үзэгдэл болсон хүүхдийн хүчирхийлэлтэй тэмцэнэ гэдгээ илэрхийлжээ. Мэллори жилийн туршид АНУ-ын нутгаар хөндлөн гулд аялж, илтгэл тавин, хандивын аян өрнүүлж, цуглуулсан мөнгөө Children”s Miracle Network санд хандивлах юм.
Эх сурвалж: http://www.mminfo.mn