“Монгол төрх, Монгол” амьдралын золиос хүүхэд болчихжээ” гэж халаглахаас аргагүй байдал өнөөдөр үүсчихлээ, хэрхэх вэ томчууд минь ээ. Уг нь хүн бүр “Хүүхэд насанд хүргэж өгдөг, галт тэрэг байдаг болоосой…” хэмээн мөрөөддөг гэдэгт итгэж явсансан. Гэтэл аюул осол, эрсдэл бүхнийг дайрсан хүүхэд байх 0-16 жилээс үхтлээ айх боллоо.
Өдөр бүр эх оронд минь үрс минь эндэж үгүй бол хэн нэгний суран бүс, хатуу гарын шүүс болж, өвчин эмгэг, хүчирхийлэл дарамтын харанхуй манан дор гэрэлт насаа үдэж байгааг харах гунигтай, бүр аймшигтай байна.
Дахиад л нэг бяцхан охин биеийнхээ бүх хэсэгт аймшигт өвчний шаналал мэдэрч минут, цаг мөч бүрийг нулимс, өөдөсхөн биеийн тэвчээр хатуужил дунд барж байгааг онцолъё. Уншигч та аймшигт мэдээнд сэтгэл сэртхийгээд тогтож чадахгүй байна уу, тэгвэл нүдээ аниад ганцхан хором түүний тухай бодоод үзээч. Тэр дөрөвхөн настай. Элдвийг шулганаж, хорвоотой танилцах гэж аав, ээжээсээ яагаад… яагаад гэсэн асуултынхаа хариултаар өөрийгөө мэдлэгжүүлж байдаг томоогүй дөрөвхөн настай.
Түүнийг Буяндэлгэрийн Эрдэнэцэцэг гэдэг. Хүссэн бүхэнд нь заяагаад байдаггүй хүүхэд гэх “өөр” ертөнцийн бурханд манай улс яасан хатуу хандаж, тэднийхээ эрүүл мэнд, аюулгүй байдалд эцэг, эх асран хамгаалагч, цаашлаад эрүүл мэндийн байгууллага, яам, төр засаг нь хүртэл хайхрамжгүй аашилдгийг харах галзуурмаар бэрх байна. Хүүхдүүддээ хаягладаг хайр нь 20-иодхон мянган төгрөгөөр л хэмжигддэг нь бүх төрлийн мэдээллийн хэрэгслүүдээр тусламж хүссэн нярай, хүүхдүүдээ үнэлж байгаа үнэлэмж. Ердөө л 20-иод мянган төгрөг. Эмгэнэлтэй байгаа биз. Гэтэл хүүхдийн ертөнцөд байдал ийм байна.
…Хоёрхон цагийн дотор хамаг биеэр нь халуу шатан улаан товруу туурчээ. Энэ бол 2012 оны есдүгээр сарын 13-ны шөнө байсныг эх сурвалжууд хэлж байгаа юм. Охины ээж бие өвдөөд байна хэмээн шулганах бяцхан үрийнхээ дуунаар 103 түргэн тусламж дуудан түргэн авч Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд охиноо хүргэсэн боловч “хэт хүндэрсэн” гэх хоёрхон үг тангараг өргөсөн эмч, эмнэлгийнхнээс хүлээж байсан итгэлийг хугалжээ. Тэд охиныг хүлээж аваагүйгээр барахгүй үүрийн 06. цаг орчимд Халдварт өвчин судлалын үндэсний төв рүү явуулжээ.
Ингээд тус эмнэлэгийнхэн “Цахилгаан менингит” гэсэн оношоор хэвтүүлэн эмчилгээ хийж эхэлжээ. Харамсалтай нь хориод хоногийн эмчилгээний дараа оношийг буруу гаргасан болох нь тогтоогдож улмаар тасгийг нь сольчихжээ. Хэдэн эмч, хоёр эмнэлгийн ор дамнасан охиныг эцэст нь “хүлээж авах боломжгүй” гэсэн шалтгаанаар өнөөх хүүхдийн төлөө үйл ажиллагаагаа явуулдаг ганц эмнэлэг нь түлхсэнээр Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн н.Оргил эмчээс өөр гар сунгах хүнгүй болжээ.
Тус эмнэлгийн нуруу, нугасны тасагт шилжин хэвтсэн охин өнөөдрийн байдлаар дөрвөн эмчийн гар дамжин өдгөө н.Нарантунгалаг эмчээр эмчлүүлж байгаа аж. Өнгөрөгч оны намраас эхлэн өдийг хүртэл өвчин шаналалдаа бэтгэрч яваа түүний биеийн байдал сайнгүй байгааг нүд халтирам зурагнаас нь ойлгож болохоор байна. Бяцхан охин нянгийн үрэвслийн цусанд орсон севсис гэсэн оноштой эмчлүүлж байгаа бөгөөд үр дүн гарахгүй, арьсаар нь биеийг нөхөх хагалгаанд гурван ч удаа ороод байгаа аж.
Салбар нь таван сар гаруйн хугацаанд өөрөөсөө түлхсээр өдий байдалтай болчихсон бяцхан охинд сайн санаатай олны хүчээр тусалъя. Түүнд туслах хандивын данс “Хаан” банкны 5079047419 тоот дансаар дамжигдан Буяндэлгэрийн Эрдэнэцэцэгт хүрэх гэнэ. Бурхан минь, өдөр бүр нярай эндэж эрүүл төрчихөөд ээжийнхээ мөөмөнд хүртэл даруулж амиа алдсан хэрэг бас байна. Яагаад Монгол аав, ээжид заяаж байгаа бяцхан амь эмч нарын хүйтэн сэтгэлийн “галд түлэгдчихээд” хэнээс гомдол эрэхээ мэдэхгүй ус гүйлгэнэсэн бяцхан нүдээрээ уйлахаас өөрийг шивнэж чадахгүй байна вэ.
Шувуу хүртэл өндгөө дарж агаарт нисэх даль жигүүртэй болгодог байтал хүмүүн бид халуун хэвлийгээсээ унасан амьд бурхад аа хүн болтол нь хаана яаж нуух вэ. Амьдарч, амьдрал таньхад нь тэдэндээ тусалъя аа хүмүүс ээ.
М.Мөнхтунгалаг
ЭХ СУРВАЛЖ: НИЙГМИЙН ТОЛЬ