Иргэнийхээ эрхийг хасуулж, эрүүгийн хуулиар шийтгүүлсэн хүмүүсийг ялтан хэмээдэг. Тэгвэл ялтнууд хорих ангиудад тусгаарлагдаж зохих журмын дагуу ялаа эдлэх учиртай. Гэтэл манай улсад ялтан нь ямбатан шиг авирладаг гаж тогтолцоо үйлчилж эхлэв. Ямар сайндаа л төрийн тусгай хамгаалалтад байдаг эмнэлэг нь түмний нүдэн дээр төмөр тор болж хувирлаа. Товчхондоо ялтнуудад үйлчилдэг яаралтай тусламжийн төвтэй болов.
Энэ тухай Эрүүл мэндийн яамны сайдаас авахуулаад зөвлөхүүд нь хүртэл мэдээлэл хийж ялтнуудад ямбыг нь эдлүүлэх боломж олгохыг санаархлаа. Ял эдэлж байгаа хоригдол эмнэлгийн тусламж үйлчилгээ авч чадахгүй, амь нас нь үхлийн ирмэгт ирсэн тохиолдол олон гэх. Эл үг үнэний ортой ч ингэтэл нь улстөржүүлэх хэрэг салбар хариуцсан яамныханд байхгүй.
Тийм л их хүний эрхийг дээдэлж, хүнлэг зан гаргах гээд байсан юм бол өнгөрсөн жилүүдэд энэ ажлыг эхлүүлэхгүй яасан юм. Эмчилгээ сувилгаа авч чадалгүй энэ хорвоогоос явсан хоригдлууд зөндөө бий. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх шаардлагатай хоригдлуудын нэрсийг гаргажээ. Эл жагсаалтад эрүүгийн хуулиар шийтгүүлсэн хүмүүсээс авахуулаад нэр бүхийн “албан” тушаалтнуудын нэрс ч байна.
Тухайлбал, Долдугаар сарын 1-ний үймээний үеэр эрх мэдлээ урвуулан ашигласан гэх үндэслэлээр буруутгагдсан цагдаагийн хурандаа Ш.Батсүх чихрийн шижин өвчний улмаас эмнэлэгт хэвтэх шаардлагатай хэмээгджээ. Тэрбээр 3.6 жилийн хорих ялаар шийтгүүлсэн юм. Мөн танхайн хэргээр 3.6 жилийн ял авч хорих 421 дүгээр ангид ял эдэлж буй Б.Болдбаатар, авлига авсан хэргээр 2.6 жилийн ял сонсож хорих 441 дүгээр ангид ял эдэлж байгаа
Ж.Баянмөнх , залилангийн хэргээр долоон жилийн ял сонсож хорих 403 дугаар ангид ял эдэлж буй Д.Чинзориг, хулгайн хэргээр 10 жилийн ял авч, хорих 427 дугаар ангид ял эдэлж байгаа Д.Мэгзэр, хүн амны хэргээр 11 жилийн ял авч одоо хорих 437 дугаар ангид ял эдэлж байгаа Ш.Дашцэрэн, хүчингийн гэмт хэрэг үйлдэж 16 жилийн ял сонсон 413 дугаар ангид ял эдэлж байгаа Б.Даваажав, 2.6 жилийн ял авч хорих 441 дүгээр ангид ял эдэлж буй ялтан Н.Энхбаяр нар гадуур эмчлүүлэх шаардлагатай гэх хоригдлуудын жагсаалтад багтжээ.
Эдгээр хүмүүсийн дунд хүний амь болон хүчингийн хэргээр шийтгүүлсэн хоригдлууд ч байгаа. Гэсэн ч Эрүүл мэндийн яамнаас эдгээр хүмүүст “хөнгөлөлт” үзүүлж эмчилгээнд хамруулах “тийз” олгожээ. Эхний ээлжинд Д.Мэгзэр, Ш.Дашцэрэн, Н.Энхбаяр нар эмнэлгийн тусламж авах гэнэ. Харин үлдсэн хүмүүс хэзээ эмнэлэгт шилжүүлэгдэх нь тодорхой бус байна.
Ямартай ч экс ерөнхийлөгчийн буянаар дээрх хоригдлууд нарсанд биш, наранд эмчлэгдэх бололтой. Н.Энхбаярыг хоригдохоор эхчүүд нь өлсч, эрх мэдэлтнүүд нь бөхөлзөж “эргүүтэв”. Хэдийгээр төрийн эрх мэдлийг атгалцаж явсан ч түмнийхээ өмнө яллуулсан ялтан. Энэ хүнд ээжүүдийн нулимсыг барж, эмгэнэлтэй жүжиг тавих эрх байхгүй. Н.Энхбаярын төлөө эхчүүд өлсгөлөн зарлаж хоёр долоо хоногийн турш нус нулимстайгаа хутгалдсан.
Гэтэл 2008 оны долдугаар сарын 1-ний үймээн самууны үеэр алтан амиа алдсан хүмүүсийн араас ар гэрийнхнээс нь өөр хэн ч нулимс дуслуулаагүй шүү дээ. Таван ээжийн зүрх зүсэгдэж, таван эхнэрийн сэтгэл сэмэрч, таван охин өнчирч үлдсэн цаг үе бий. Хохирогчдийн ар гэрийнхэн ордны гадна өлсгөлөн зарлаж төр засгаас хэргийг үнэн зөв шийдэж өгөхийг шаардаж байсан.
Тэр үед тэдний сэтгэлийг ойлгож нэг ч эмэгтэй, тэр дундаа нэг ч ээж уйлж үзээгүй. Ингээд зогсохгүй эрүүдэн шүүгдэж хилс хэргээр хэнийх нь мэдэгдэхгүй баахан хүүхдүүд хоригдсон. Мөн мөчид эцэг, эхээс нь өөр хэн ч шаналаагүй. Долдугаар сарын 1-ний хэрэгт буруутгагдан шүүхээс ял сонссон цагдаагийн экс удирдлагуудын ар гэрийнхэн ч мөн адил дотроо шаналж хэн нэгэнд зовлонгоо үүрүүлээгүй.
Тэгэхэд Н.Энхбаяр нь эхчүүдээр түрүү барьж, эмнэлгийн хууль дүрмийг өөрчүүлчихлээ. Экс ерөнхийлөгчийн эхнэр, охин нь өлсгөлөн зарлаж, өршөөл гуйгаагүй байхад энд тэндээс цугласан эхчүүд ингэтлээ шаналах хэрэг байсан уу. Энэ олон эмгэнэлийн өмнө уйлаагүй атлаа Н.Энхбаярын өмнө мэгшсэн эхчүүд ичиг, ичиг.
Б.Чанцал
Эх сурвалж: “Нийгмийн толь”