Өнгөрсөн хоёр сарын хугацаанд эдийн засгийг Чингис бонд доргиосон бол М.Сайханбилэг хүү нийгмийг яах аргагүй хөвсөлзүүлсэн билээ. Хөл, хэлд ч орж амжаагүй бяцхан хүү төрөлхийн цусны битүүрэлтэй хорвоод мэндэлж, ой хүрэх өдрөө эмнэлгийн орон дээр үхэл, амьдралтай тэмцэж байсан нь саяхан. Хүү элэг шилжүүлэн суулгах мэс засалд орох зайлшгүй шаардлага тулсан өнгөрсөн өдрүүдэд Монголын ард түмэн хэрхэн нэгдэж чаддагийг бид харлаа. Хүүгийн эмчилгээний зардалд цуглуулсан мөнгө 50 хувьтай бүрдсэн тул он гарахын өмнөхөн хүү Энэтхэг улсын “Аполло” эмнэлгийг зорьсон юм. Сар гаруй хугацаанд хүү болон донорын биеийн байдлыг харзнаж, дархлаа сайжруулах эмчилгээ хийсний эцэст энэ сарын 25-нд хорь гаруй цаг үргэлжилсэн хүнд хагалгаа болж өнгөрлөө.
Донор эмэгтэйн биеийн байдал тогтвортой хэвийн байгаа бол Сайханбилэг хүүгийн хувьд бага зэргийн хавантай байгаа ч сайн байгаа гэдгийг хүүгийн ээж М.Ундрал хэлсэн юм. Гэсэн ч энэ бол эхний даваа. Хагалгааны дараах эмчилгээг сайн хийлгэж, гам барих нь Сайханбилэг хүүгийн эрүүл мэндийн хувьд хагалгаа хийсэнтэй тэнцэхүйц чухал үе юм. Тиймээс Энэтхэг улсад дахин хэдэн сар эмчийн хяналтад байх юм байна. Монголын ард түмний эв нэгдэл, сэтгэл зүтгэлийн хүчээр М.Сайханбиэг хүү хагалгаагаа амжилттай давлаа. Сайханбилэгт ус уух тавилан хайрласан Монголын ард түмэнд хүүгийн эцэг, эх гүнээ талархаж байгааг уламжилж байна.
Б.Энхцэцэг