Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга энэ сарын 4-5-нд “Монгол бүжгийн гайхамшиг” тоглолтоо хийх гэж байна. Тус тоглолтыг өмнөх жилүүдэд ганцхан удаа зохион байгуулдаг байсан бол энэ жил үзэгчдийн хүсэлтээр хоёр өдөр тоглох гэж байна. Монгол бүжгийн урлагийн гайхамшиг, тоглолтын талаар Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын ерөнхий бүжиг дэглээч, МУСТА Д.Баярбаатартай ярилцлаа.
-“Монгол бүжгийн гайхамшиг” тоглолт болох гэж байна. Тоглолтынхоо талаар сонирхуулаач?
-“Монгол бүжгийн гайхамшиг тоглолт” нь үе үеийн бүжиг дэглээчдийн бүтээсэн хамгийн шилдэг бүтээлүүдээс бүрдсэн хоёр цаг гаруйн тоглолт болно. Уг нь энэ олон бүжиг дэглээчдийн бүжгийг хийх нь хоёр цагаар тогтохгүй хэдэн ч өдөр болж мэднэ. Бие биелгээ зэрэг язгуур бүжгээсээ тайзны бүжиг, орчин үеийн бүжиг, дээрээс нь дэлхийн бүжгийн урлагтай хөл нийлүүлж явахын тулд бүжгийн урлагаас суралцсан орчин үеийн контентпройн бүжгүүдээр бүрдсэн тоглолт болно. Дэлхийн улс үндэстний бүжиг, тухайлбал, испани, гүрж, монгол туургатан, монгол угсаатны бүжгүүд, Монголын нутагт амьдарч байгаа олон ястан үндэстний, монгол туургатан улс үндэстний төрөл бүрийн бүжгийг манай бүжигчид өндөр хэмжээнд хийж чаддагаа харуулсан тоглолт болно.
-Энэ тоглолтыг өмнө нь хийж байв уу. Хийж байсан бол хэчнээн удаа хийж байсан бэ?
-1970-аад оноос эхлээд “Монгол бүжгийн гайхамшиг” тоглолт Монголд төдийгүй дэлхийн бусад орнуудад ч тоглогдож байсан. Өнөөдөр хэд дэх тоглолтоо хийх гэж байна гэвэл тоо гаргахад хэцүү юм. Маш олон л удаа тоглож байсан. Ер нь манай тоглолт Монголдоо төдийгүй АНУ, Англи, Франц, Герман, Итали зэрэг Европын 20 гаруй орноос гадна Япон, Солонгос, Энэтхэг, Тайвань, Тайланд, Хятад зэрэг Азийн 10 гаруй оронд уригдан айлчлан тоглож үзэгчдээс өндөр үнэлгээ авч байсан.
-Энэ жилийн тоглолтын онцлогоосоо ярьж өгөөч?
-Өмнө нь “Монгол бүжгийн гайхамшиг” тоглолтыг жилд нэг л удаа хийдэг байсан бол энэ жил хоёр өдөр тоглоно. Мэргэжлийн бүжигчдийн ур чадвар жилээс жилд ахиж байгааг харуулна. Ер нь Монголчуудын өвөг дээдсээс уламжилж ирсэн ёс заншил, өв уламжлалыг бүжгээр харуулах болно. Өнөөдөр хүүхэд залуус монгол бүжгээ хийж сурахгүйгээр гадаадын, дэлхийн бүжгийг дуурайж хийгээд хол явахгүй. Монгол бүжгийн гайхамшигт яруу тансаг хөдөлгөөн бол бүх л үеийн эхлэл. Бөөгийн үйл хөдлөл, цамын дэг, байгаль дэлхийг шүтэж байгаа бие биелгээ бол тэр чигтээ модерн бүжиг юм. Дөрвөдийн мөрөө дугтрах, солбих, торгуудын олон янзын хаялага савслагууд, баяд бүжгийн гарын дэвээ, сэлэлт, захчин болон төв халхын сугсраа чичиргээ зэрэг нь биеийн хөдөлгөөнийг тэр чигт нь харуулсан байдаг. Үүгээрээ ч монгол бүжиг дэндүү баян тансаг юм. Монгол бүжиг дэглээч, бүжигчдийн бүтээлийг гадаадынхан их өндрөөр үнэлдэг. Францын бүжиг дэглээч Клина Кремона: Бид орчин үеийн модерн бүжиг дэглэх гэхээр их зовдог. Яагаад вэ гэвэл үндэснийхээ уламжлалыг алдчихсан байдаг. Гэтэл Монголчуудын бүжиг тэр чигтээ модерн шинжийг агуулсан байдаг. Маш сонин содон хөдөлгөөн ихтэй. Үүнийгээ задалж, маш дэлгэрэнгүй судалж тайзан дээр ашиглах хэрэгтэй гэж байсан юм. Тиймээс Монгол үндэстэн ястны бүжгийг задлаад үзвэл дэндүү баялаг тансаг.
-Дан бүжгийн урлагаар тоглолт хийнэ гэж байна. Дунд нь ямар нэгэн өөр номер үзүүлэхгүй бол хэр сонирхолтой байх бол. Ер нь манайхан бүжгийн урлагийг хэр үнэлж байна?
-Манай тоглолт жилд нэг л удаа болдог. Тэр тоглолтыг үзэгчид дүүрэн үздэг. Тоглолт гурван цаг болсон ч уйдахгүйгээр сэтгэл маш өндөртэй гардаг. Бүжиг гэдэг бол маш эрч хүчтэй залуу насны, гоо сайхны, бие болоод сэтгэлийн хөдөлгөөний урлаг юм даа. Хүн өөрөө бүжиглэж чаддаггүй байж болно. Харин сэтгэлээрээ бүжиглэж чаддаг. Тиймээс ч бид энэ жилээс эхлэн “Монгол бүжгийн гайхамшиг” тоглолтоо хоёр өдөр хийх гэж байна. Ер нь хоёр өдөр ч багадах байх. Манай тоглолт үзэгч олонтой, халуун дулаан сайхан уур амьсгалтай болдог.
-Тоглолтод хэчнээн бүжигчид оролцож байгаа вэ. Ямар ямар бүжгүүд хийгдэх бол?
-Улсын дуу бүжгийн эрдмийн чуулга 48 бүжигчинтэй. Харин тоглолтод бол 50 гаруй бүжигчид оролцоно. Томоохон олон хүн шаардсан бүтээлүүд дээр ирэх жил манай чуулгад орох, хөгжим бүжгийн коллежийн бүжгийн ангийн залуу уран бүтээлчид оролцоно. Тоглолтын хөтөлбөрт Ардын жүжигчин, төрийн шагналт, зууны манлай бүжиг дэглээч Ц.Сэвжидийн дэглэсэн Монголын бүжгийн урлагийн сонгодог номерууд болох “Монгол бүжгийн чуулбар”, “Хөдөө нутгийн залуус”, “Хатад”, “Ээрүүлт”, “Жалам хар”, “Охидын уянга”, “Адуучин залуус”, “Саальчин” зэрэг бүжиг тоглогдохоос гадна Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн С.Сүхбаатарын дэглэсэн олон бүжиг орж байгаа. Мөн миний “Жороон жороо”, “Бие чинь больё”, “Аягат бүсгүйчүүд”, “Насны хайр” зэрэг бүжгүүд багтаж байна. Залуу бүжиг дэглээч МУГЖ А.Даваахүү, А.Хашхүү, С.Цэцгээ, МУСТА О.Ууганбаяр нарын шинээр дэглэсэн орчин үеийн бүжгүүд анх удаа үзэгчдийн хүртээл болох гэж байна.
-Хөгжим бүжгийн коллежийнхэн оролцоно гэж байна. Улсын дуу бүжгийн эрдмийн чуулгынхан залуу уран бүтээлчдээ хэр дэмжиж ажилладаг вэ?
-Манай чуулга Монголдоо хамгийн олон бүжигчинтэй. Төрийн болон гадаадын бүх тоглолтод манайхан оролцдог учраас чуулгын бүжигчнээр хамгийн шилдгийг шалгаруулж авдаг. Өндөр нам, өргөн бүдүүнээс нь авахуулаад, өндөр техник хатуу шаардлага тавьж шалгаруулж авдаг. Ансамбль, зэрэгцээ эгнээ гээд бүгд цэвэр цэмцгэр байх ёстой. Хөгжим бүжгийн коллежийн болон СУИС-ийн бүжиг урлаг, бүжгийн багш, бүжиг дэглээчийн ангиас сонгон шалгаруулалтад оруулаад мэргэжлийн чадварлаг бүжигчдийг ажилд авдаг. Харамсалтай нь бүжигчин хүн хорьхон жил ажиллаад залуухан тэтгэвэртээ гарах юм. Тиймээс ч нөхөлт их амархан явагддаг. Мэдээж бид залуу үеэ дэмждэг. Бас залуу бүжигчиддээ сургалт явуулдаг.
-Тоглолтод олны танил ямар хүмүүс бүжиглэх вэ?
-Бидний сайн мэдэх МУГЖ Ш.Одонтуяа, А.Даваахүү, МУСТА Б.Хулан, О.Ууганбаяр нараас гадна Монголын бүжгийн урлагийн сор болсон авъяаслаг залуу бүжигчид бүжиглэнэ. Энэ тоглолтын хамгийн гол ноён нуруу бол бүжиг дэглээчид. Үзэгчиддээ дэглэсэн бүжгээ сайхан харуулахын тулд маш урт бэлтгэл, цаг хугацааг зарцуулж байна. Мөн манай тоглолтын гол хүмүүсийн нэг бол МУСГЗ, концерт мистер, төгөлдөр хуурч Нарангэрэл. Тоглолтод Сэвжид багшийн намбатай бүжгүүдийг намбаар нь, С.Сүхбаатар багшийн хурдтай бүжгийг хурдаар нь гэх мэтчлэн бүжиг дэглээчдийн бүжгийг тэр хэвээр нь, эх тавилтаар нь мэргэжлийн ур чадвар гаргаж бүжиглэнэ. Энэ олон бүжгүүдийг МУГЖ Зоригт дасгалжуулж байна.
-Тоглолтод та өөрөө бүжиглэх үү. Мөн төрийн соёрхолт, МУУГЗ С.Сүхбаатар гуай ирж бүжиглэх ч юм уу сюрприз байгаа юу?
-Манай тоглолт маш олон номертой байгаа учраас бид хоёр энэ жил бүжиглэхгүй.
-Бүжгийг амилуулдаг бас нэгэн зүйл бол хувцас байдаг. Хувцасны тухайд…?
-Тиймээ. Бүжгийн хамгийн гол хэрэгсэл бол хувцас, тайз, гэрэл байдаг. Маш олон үндэстэн ястны бүжиг бүжиглэх учраас үе үеийн зураачдаар хувцасны дизайн, хэв маягийг гаргуулсан. Шинэ уран бүтээлүүд дээр шинэ хувцас хийсэн. Хуучин бүжгийн хувцаснуудаа сэргээн засварласан байгаа. Бас нэгэн зүйл бол үе үеийн агуу хөгжмийн зохиолчдын сайхан хөгжим, аялгуун дээр бид бүжиглэнэ.
-Ярилцсанд баярлалаа. Таны уран бүтээлд өндөр амжилт хүсье.
-Бүжигт хайртай үзэгч түмэн, бүжиг сонирхогч хүүхэд залуус, мэргэжлийн сургуулийн оюутнууд, бүжигт өөрийн амьдрал, уран бүтээлээ зориулан яваа мэргэжил нэгт уран бүтээлчид та бүхэн манай тоглолтод хүрэлцэн ирж, бүжгийн их цэнгүүнд оролцохыг урьж байна. Хүй долоон худагт очоод соёолонгийн уралдаан үзэж байгаа шиг сэтгэл сэргэж сайхан болно.
Г.Хишигсүрэн
ЭХ СУРВАЛЖ:НИЙГМИЙН ТОЛЬ