Мэргэжилтнүүдийн онцгойлон зөвлөдөг дараах зальжин аргууд (ямар ч зовиургүй, энэ аргыг хэрэглэж байгаагаа бараг анзаарах ч үгүй) илүүдэл жинг чинь үгүй хийнэ.
Бохьгүйгээр хүнсний бараа бүү ав
Хүнсээ цуглуулаад явж байна. Гэтэл ялдамхан охин инээмсэглэсээр амталгаа танилцуулан амсаж үзэхийг хүснэ. Ганц зүсэм яав л гэж… Гэтэл илүүдэл калори үүсгэх шалтгааны нэг нь амталгаа байдаг. Өөрийгөө калорийн дайралтаас хамгаалмаар байвал амандаа бохь хий. Тэгээд хэрчим бяслагны амталгааг ч тоохгүй өнгөр.
Хуванцар хоолны саваа хая
Тунгалаг хуванцар сав жин нэмэх шалтгаан болдог гэнэ. Судалгаагаар нэвт харагддаггүй савнаас хоолоо идвэл 60 хувиар бага иддэг болохыг баталжээ.
Найз залуудаа эхний халбагыг өг
Бүсгүйчүүд найз залуугийнхаа хэмжээгээр хоолоо идэх гээд байдаг. Нэгэнт найз залуутай болсон бол түүндээ амттан, зуушаа түрүүлж өгч бай. Өөрөөр хэлбэл, эхний халбагыг өөртөө биш түүндээ өг. Харин чамд яг тохирсон хэмжээний бага хоол үлдэнэ гэсэн үг. Юу идэхээсээ илүү хэмжээ нь чухал байдгийг санаарай.
Өндөр, нарийхан
Өргөн хэрнээ жижиг, өндөр хэрнээ нарийн хоёр хундганд ижил хэмжээний уух зүйл хийлээ гэж бодъё. Аль хундаганаас нь уувал 76 хувиар их ууна гээч? Өргөн, жижиг. Туршилтаар батлагдсан. Нарийхан болохыг хүсвэл нарийнийг л сонго.
Давстай шагшуурганд дуртай юу?
Иддэг хөнгөн зуушныхаа сонголтыг үргэлж бэлэн байлга (жижигхэн жимс эсвэл ууттай давстай шагшуурга). Тэгвэл дараагийн хоолон дээр хэтрүүлж идэхгүй. Гэхдээ тэднийгээ гал тогооныхоо шүүгээ эсвэл ширээнийхээ шургуулганд хадгал. Хамгийн гол нь нүдэнд ил харагдахгүй газар хий. Хорхойг чинь хүргэхгүй бол чоно шиг идэхгүй нь тодорхой.
Уухдаа идэх зүйлээ хяна
Ганц, хоёр хундага архины төрлийн ундаа уухад цусан дахь чихрийн хэмжээ багасдаг. Ингэснээр калоритой зүйл идэх хүслийг бадраадаг. Шар айраг ууж байхдаа шарсан төмс, пицца идмээр болдог доо. Тийм болохоор калори багатай зүйлээр хорхойгоо дар.
Дасгалаа уургаар дуусга
Хүмүүс дасгал хийсэн үеийнхээ шатаасан калорийг хэтрүүлэн төсөөлж, өдөрт хэрэглэсэн калорийнхоо хэмжээг багасгаж боддог. Дасгал хийсний дараа өлсөөд байгаа, бас хоолны цаг арай болоогүй бол хөнгөхөн зүйл ид. Жишээ нь, йогурт, самартай жигнэмэг гэх мэт.
Аяганд хий
Хөнгөн зууш идэхээсээ өмнө аягал. Бэлэн сав, уутнаас хэзээ ч битгий ид. Харин жижигхэн аяга сонгохоо мартав аа. Судалгаанаас харахад том аяганаас зайрмаг идсэн хүмүүс жижиг аяганд хийснээс 30 ба түүнээс дээш хувиар иддэг нь тогтоогджээ.
Тавагнуудаа орхи
Жигнэсэн тахиа, тогоотой хоолоо ширээн дээр биш гал дээр байлга. Ингэвэл хоёр гурав дахин нэмж идэхгүй болж, зуу зуун калори хэмнэж чадна. Хоол нүдний чинь урд байхгүй учир үргэлжүүлэн идсээр байх магадлал багасна гэсэн үг.
Хоолны дараа кофе уу
Хоол идсэний дараа амттан идэхгүй байхын тулд кофе эсвэл цай ууж занш (коффейн багатайг нь сонго). Хэдхэн хоногийн дараа бие чинь хоол идсэний дараа чихэр нэхэхээ болино. Тэгээд л элдэв илүүдэл калори чиний хувьд мартагдсан дууль болно доо.
Фото эх үүсвэр: Shutterstock
Эх үүсвэр: Cosmopolitan 12-р сарын дугаар, №13