Дэлхийн томоохон загварын шоуны нэг “Mercedes Benz Fashion Show”-нд “ARIUNAA SURI” хэмээх монгол дизайнерын брэнд оролцохоор болсон билээ. Энэхүү шоунд дэлхийн болон японы шилдэг 50 орчим загвар зохион бүтээгч оролцдог. Соёл урлаг, загварын салбарын түүхэнд анх удаа монгол дизайнер, монгол брэнд дэлхийн топ загварын долоо хоногт шоугаа үзүүлж, дэлхийн топуудтай эн зэрэгцэн, улсынхаа нэрийг гаргах гэж байна. Загварын долоо хоног ирэх сарын 17-23 -нд болох юм.
“АRIUNAA SURI” брэнд нь уг шоунд оролцсоноор монголын загварын салбарыг дэлхийд таниулах төдийгүй үндэсний үйлдвэрлэл, бүтээгдэхүүн, загвар өмсөгч болон дизайнеруудын олон улсын зах зээлд гарах гүүр болж байгаа билээ. Ариунаа Сүри нь уг шоунд 2013, 2014 оны намар өвлийн 40 гаруй иж бүрэн загвар, нийт 170 гаруй загвараар оролцох аж. Тэрбээр уг шоунд авч явах загвар өмсөгчдөө маргааш улсын филорманид шалгаруулж авах юм байна.
С.УРАНЧИМЭГ